Ноён уул үнэд орох цагаар
Ноён уул
2015.03.19

Ноён уул үнэд орох цагаар

Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын ойролцойх Гацууртыг стратегийн ордын жагсаалтад бүртгэсэн үйл явц УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнөхөн болсон.

Харин одоо энэхүү ордын хэдэн хувийг төр эзэмших хийгээд хэрхэн ашиглах асуудалд маргаан дэгдэж буй. Ард түмэн хөрөнгө оруулагч төдийгүй УИХ-ын гишүүд ч хоёр талцаад буй. Энэхүү ордыг ашиглах нь Ноён уулан дахь монголчуудын түүх соёлын өвийг мөхөх аюулд аваачина гэсэн гаргалгааг хэд хэдэн хөдөлгөөн, төрийн бус байгууллагынхнаас гадна УИХ-ын зарим гишүүн хийж буй.

Тэдний хамгийн том төлөөлөгч нь УИХ-ын гишүүн Г.Уянга. Тэрбээр “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхнөөр Ерөнхийлөгчид үг дайхаас эхлээд Ноён уулыг аврахын төлөө улайран зүтгэж байгаа юм. Харамсалтай нь түүний энэ бүх үйлдлийн цаана эх орон, түүхийн үнэт өвөө хадгалж үлдье гэдгээс илүүтэй Сэлэнгэчүүдэд таалагдах гэсэн тактик нуугдаж байгаа юм байх.

Түүний гэнэт л ийн аашлах болсон шалтгаан нь УИХ-ын 2016 оны сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвших хүсэлтэй байгаатай нь холбоотой гэнэ. Тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуулиар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж, нэлээд хэл амтайхан ялалт байгуулсан ч энэ удаа Чингэлтэй дүүргийнхнээс сүүлээ хавчаад зугтаж байгаа юм байх.

Үнэхээр ч түүний “Чингэлтэй дүүргийнхэнд хийж өгсөн зүйл нь хэдэн ээжийн үсийг засуулж, нүүрийг будуулж өгснөөс өөр зүйл байхгүй” гэж тойргийнх нь сонгогчид ярьж байгаагаас харахад эртхэн замаа бодсон нь дээр байсан биз. Г.Уянга гишүүний хувьд төрийн ажлыг урагшлуулахгүй байсан ч хамаагүй татаж чангаах арга хэрэглэж байгаад ч болтугай ард түмэнд таалагдах нь чухал.

Тиймээс ч өнгөрсөн хугацаанд энэ л арга барилаар ажиллаж ирсэн. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ард түмэнд таалагдахын тулд хүчээр шахам өөрийнхөө үзэл бодлын эсрэг зүйлсийг ярьж байгаа нь ч тодхон харагддаг. Үүнийхээ ачаар нийт массын анхаарлыг татаж байгаа. Сэлэнгэ аймаг дахь өрсөлдөгчид нь хатуу самар гэдгийг мэдэх учир Г.Уянга гишүүн иймэрхүү арга хэрэглэж ард түмний тархийг угаах нь аргагүй биз.

Гадаад харилцааны дэд сайдаар сонгогдохдоо багагүй хэл аманд өртсөн Н.Оюундарь Сэлэнгэ аймгийн МанДал сумын уугуул. Тэрбээр намынхнаасаа энэ тойрогт өрсөлдөх мандат өвөртлөхөөр ажиллаж эхэлсэн сураг бий. Түүнээс гадна УИХ-д суугаа хоёр ижил нэрт сайд эрхмүүд УИХ- ын 2016 оны сонгуулиар Сэлэнгийг онилоод байгаа сураг ч гарч байгаа. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Багануур дүүргийн Засаг дарга асан, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар юм.

Тэднийг Сэлэнгэчүүд “манай гишүүд” гэлцдэг юм билээ. Үнэхээр ч энэ хоёр хүн мөн л тэндэхийнх. Тэр ч утгаараа сонгуулиар нутагтаа нэр дэвших хүсэлтэй байгаагаа намынхаа удирдлагуудад илэрхийлсэн гэсэн. Сэлэнгэ аймгийн одоогийн Засаг дарга С.Бүрэнбат ч УИХ-ын 2016 оны сонгуулиар аймагтаа нэр дэвших бэлтгэлээ хэдийнэ хангаад эхэлчихсэн гэж байгаа. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт УИХ-ын сонгуулиар нэр дэвшихээр зэхэж байгаа хүмүүсийн тухайд ийм байна. Харин Ноён уул үнэд орох цагаар үүнээс илүү хэд болох нь тодорхойгүй байгаа юм.