Баялгаас олсон мөнгийг зарцуулах дэлхийн туршлагаас
Баялгийн сан нь хоёр гол үүргийг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт төсвийн орлого багассан үед төсвийн алдагдлыг нөхөх, хоёрдугаарт экспортын орлогын илүүдлийг зүй зохистой ашиглах замаар Голланд өвчин буюу баялгийн хараалаас сэргийлэх. Түүнээс гадна төсвийн хөрөнгийг үрэн таран хийж зардлыг ихэсгэхээс сэргийлдэг.
Норвеги, Кувейт, АНЭУ зэрэг түүхий эдийн экспортод түшиглэсэн эдийн засагтай орнуудын туршлагаас харахад тэд баялгийн санг байгуулахдаа дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлтийг амжилттай ашиглаж чадсан байна.
Баялгийн сан нь дотроо Тогтворжуулалтын сан, Ирээдүйн сан, Үндэсний сан зэрэг хэд хэдэн төрөлтэй.
Баялгийн сангийн түүх өнгөрсөн зууны 50-иад оноос эхлэлтэй. 1953 онд Кувейтэд нефтээс олсон илүүдэл орлогыг үр дүнтэй ашиглах зорилгоор Кувейтийн хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулагджээ. 1965 онд уг ажлыг Кувейтийн хөрөнгө оруулалтын газар хариуцах болж хойч үеийнхэнд зориулсан хуримтлалыг арвижуулах үүрэг хүлээжээ. Ирээдүйн санд жил бүр Кувейтийн Засгийн газар нефтээс олсон орлогын 10 хувийг өгдөг болсон байна. Харин хөрөнгө оруулалтын газар хуримтлагдсан мөнгийг дэлхийн хөрөнгийн зах зээлд гаргаж хамгийн ашигтай төслүүдийг санхүүжүүлэх замаар арвижуулж байв.
1956 онд Номхон далайн Микронейзийн бүс дэх Гильбертийн арлын Английн захиргаа бордоо хэлбэрээр ашигладаг байсан фосфатын экспортоос татвар авдаг болов. Татварын орлого бага багаар хуримтлагдсаар Кирабитын орлог тэнцүүлэгч нөөцийн сан (Kiribati Revenue Equalization Reserve Fund) бий болжээ. Хөрөнгийн сан аажмаар өссөөр 600 сая долларт хүрэв. Энэ сан эдүгээ Гильбертийн арлын ашиг олох үндсэн эх үүсвэр болсны зэрэгцээ гадаадын хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцдог. Үүнээс хойш дэлхийн улс орнуудад баялгийн сангийн тоо олшров. 2000 оныг хүртэл голдуу түүхий эдийн орлогоос гаралтай сангууд байгуулагджээ.
Баялгийн сангийн хөгжлийн эхний давалгаа 1970-аад онд болов. 1974 онд Сингапурын Singapore’s Temasek Holdings, 1976 онд АНЭУ-ын Abu Dhabi Investment Authority сангууд байгуулагдав. Энэ үе нь 1973 оны нефтийн хямралтай холбоотой. 1973-1978 онд арабын орнуудын нефтээс олсон орлого огцом өсчээ. Жишээ нь Саудын Арабын нефтийн орлого 4,35 тэрбум доллараас 36 тэрбум доллар, Кувейтийнх 1,7 тэрбумаас 9,2 тэрбум, Иракийнх 1,8 тэрбумаас 23,6 тэрбум болтлоо өсчээ. Нийтдээ арабын орнуудын нефтийн гаралтай орлого 1977 он гэхэд 23 тэрбум доллараас 140 тэрбум болов. Ямар ч ашиглалтгүй, дансанд хий хэвтэх олон арван тэрбум доллар бизнесийн хүрээнд идэвхгүй байдлыг өдөөж, дэлхийн эдийн засгийн тэнцвэрийг алдагдуулах аюултай болж ирэв. Тиймээс арабын орнууд илүүдэл орлогыг үр дүнтэй ашиглахын тулд баялгийн гэсэн тодотголто сангууд байгуулах шийдвэр гаргажээ.
Хөгжлийн хоёр дахь давалгаа 1999 онд Иранд “Iran Oil Stabilization Fund” (Ираны тогтворжуулалтын сан), 2000 онд Катарт Qatar Investment Authority байгуулагдсан үеэс эхэлжээ.
Гурав дахь давалгаа 2000 оноос хойших үед хамаатай. Түүхий эдийн гаралтай сангуудын хөгжил 1999 онд 24 доллар байсан нефтийн үнэ 2008 он гэхэд 140 доллар болж өссөнтэй холбоотой. Харин 2000-2006 оны түүхий эдийн бус гаралтай сангуудын өсөлт дэлхийн эдийн засгийн өсөлтөөс үндэстэй билээ. Нэг ёсондоо баялгийн сангийн хөгжил нь тухайн хөгжиж буй орны эдийн засаг өсөлттэй байгааг илэрхийлдэг.
Дэлхийд нийтдээ 70 гаруй томоохон хэмжээний баялгийн сан бий. Баялгийн сангийн хөрөнгө оруулалтын зах зээлийн гол тоглогчид нь энэ салбарт 80 хувь буюу 5,1 тэрбум долларын хөрөнгийг эзэмшдэг Хятад, Норвеги, АНЭУ, Саудын Араб, Сингапур, ОХУ, АНУ юм. Хятад, Сингапур хоёр түүхий эдийн ашгаас бус, банкны тогтолцоо, төсвийн орлогын ашгаас сангийнхаа хөрөнгийг бүрдүүлжээ.
Дэлхийн томоохон баялгийн сантай орнууд
Баялгийн сангуудын орлогын гол эх үүсвэр нь голдуу түүхий эдийн борлуулалт, ялангуяа нефть, нефтийн бүтээгдэхүүний ашгаас (59 %) бүрддэг. Түүхий эдээс эхтэй баялгийн сангуудын ихэнх нь Ойрхи Дорнод, тэр дундаа АНЭУ, Саудын Арабт, түүнчлэн ОХУ, Норвегид төвлөрсөн байдаг. Харин түүхий эдийн бус гаралтай баялгийн сангууд Азид байдаг.
Баягийн сангуудын бүсийн үзүүлэлт
Баялгийн сангуудыг зориулалтаар ангилж болно.
Үндсэндээ баялгийн сангийн зориулалт тухайн орны онцлогоос хамаардаг. Байгалийн баялаг ихтэй орнууд баялгийн нэгэн зэрэг хэд хэдэн зорилготой байгуулдаг. Казахстан, Азербайджан, Тринидад Тобаго, Ботсван, Норвегийн баялгийн сангууд тогтворжуулах, хуримтлах үүрэгтэй. Харин Австралийн фонд тэтгэврийн сангийн мөнгийг арвижуулах зориулалттай.
Баялгийн сан нь хуримтлалын эх үүсвэр болохоос гадна төрийн зохицуулалт бүхий хөрөнгө оруулалтын сангийн үүрэг гүйцэтгэдэг. Ингэснээр хуримтлуулахаас гадна улсынхаа орлогыг арвижуулдаг.
Дээрх зургаас харахад баялгийн сангийн зорилго нь тэдгээрийн стратегит шууд нөлөөлж байна.
Баялгийн сангийн хөрөнгийг хэв маягаар нь ангилав
Дээр дурьдсанаар тогтворжуулалтын сан эдийн засаг хүндэрсэн үед төсвийн алдагдлыг нөхдөг. Тогтворжуулалтын сангийн хөрөнгийг голдуу өндөр борлолттой хувьцаанд хөрөнгө оруулахад зориулдаг. Ингэхдээ дэлхийн тогтворжуулалтын сангуудын хөрөнгийн 70 хувь нь төрийн мэдлийн хувьцаанд, 22 хувь нь тогтмол орлоготой үнэт цаасанд зориулагджээ.
Харин хуримтлалын сангийн хөрөнгө нь ирээдүй хойчид зориулсан мөнгө байдаг. Ийм сангийн стратеги эрсдэл ихтэй үед их орлого олоход чиглэдэг. Дэлхийн хуримтлалын сангуудын хөрөнгийн 58 хувь нь үнэт цаасны зах зээлд оролцдог.
Тэтгэврийн сангийн хөрөнгийн зах зээлд эзлэх хэмжээ 41 хувь. Хөрөнгийн зах зээлд оролцох тэтгэврийн сангуудын тоо өсч байгаа нь дэлхийн улс орнуудад тэтгэврийн зардал өссөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл улс орнууд тэтгэврийн сангийн хөрөнгөө улам арвижуулахыг хүсдэг болов.
Өнөөдөр дэлхийд 45 орон тогтворжуулалтын болон хуримтлалын сантай. Дэлхийн туршлагаас харахад төсвийн орлого нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаардаг орнуудын хувьд түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өссөн үеийг ашиглаад сангийнхаа хөрөнгийг зузаатгах боломжтой байдаг байна.