Ордонд гал гарч жиргээчдийг баярлуулав
Эрхэм жиргээчдийг уйдаагаагүй нэг өдөр боллоо.
2015.05.18

Ордонд гал гарч жиргээчдийг баярлуулав

Уламжлал ёсоор нам эвслийн бүлгүүд энэ долоо хоногт хэлэлцэх хууль болон тогтоолын төслүүдтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. Ингээд та бүхэндээ эдгээрийг тоймлон хүргэж байна.

Ил тод байдлын тухай хуулийг баталж болохгүй

Тэдний хэлэлцсэн зүйлээс хамгийн их сонирхол татсан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл байлаа. Бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлэхдээ "Яригдаад хагас жил болж байгаа хуулинд “Авилгын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэхүү хууль үйлчилнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтай хүмүүс бүгд хуульд хамрагдана гэсэн үг. Энэ нь хууль зөрчиж, мөнгө зувчуулсан төрийн өндөр албан тушаалтнууд мөнгөө ил болгож, эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлсэн.

2012 оны УИХ-ын Сонгуулийн дараа Ардчилсан нам санхүүгийн томоохон асуудлуудыг шийдсэн. Тухайлбал, Самурай, Чингис бонд болон үнэ тогтворжуулах хөтөлбөрт суулгасан 3.8 их наяд төгрөгийг дурьдаж болно. Энэхүү хөрөнгийн зарцуулалтад МАН-аас шалгалт хийж байгаа.

Шалгалтын дүн эцэслэн гараагүй байхад Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж болохгүй гэдэгт МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн” гэв. Хэрвээ байнгын хороогоор дэмжигдээд УИХ-д ороод ирэхэд МАН-ын бүлгийнхэн дэмжихгүй гэдэг нь тодорхой боллоо.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт тус намын дарга М.Энхболд “Ард нийтийн санал  асуулга явуулах тухай” тогтоолын өсөл өргөн барьсан. Гол агуулга нь Сонгогч УИХ-ын гишүүнийг сонгохдоо намын жагсаалтаар сонгох нь зөв үү, эсвэл хүн дугуйлдаг байх нь зөв үү гэсэн асуулттай санал асуулга”-ын төсөл аж. Хэрвээ батлагдвал зардлын хувьд дөрвөн тэрбум орчим төгрөгийн зардал гарна гэдгийг хэллээ. Гэхдээ сонгууль хаянд тулсан өнөө үед ийм утга агуулга бүхий тогтоолын төсөл дэмжигдэх нь юу л болдоо.

Дахиад л Оюутолгой

Зарим хүмүүс бие даагчдыг Оюутолголгойгоос өөр зүйл мэддэггүй гэж боддог байх. Учир нь тэд хэвлэлийн бага хурал зарлах болгондоо Оюутолгойг ярьдаг болчихсон. Энэ удаад ч гэсэн уламжлалаа давтлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ “Монголд эдийн засгийн хямрал болж байгаа нь тухайлбал, Оюутолгойн зэсийн баяжмалын борлуулалтын орлогын ердөө 5 хувь орж ирдэг. Бусад нь гадаадад үлддэг. МАН Засгийн газарт орохдоо өр нэмэхгүй л гэсэн. Гэтэл одоо хоёр нам 4 их наяд төгрөгийн өр нэмж тавих болж байна. Одоо нийт өр 10.8 их наяд байгаа, ирэх жил 14.8 их наяд болох нь.

Энэ долоо хоногт Эрүүгийн хууль, Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хууль нийтийн аюулгүй байдлыг хангахад чиглэх ёстой. Хуулийн байгууллагыг бусдыг дарамтлах байдлаар ашиглах болсон. Бизнесийнхэн бид дарамтад их орж байна гэдэг. Тийм учраас уг хуульд нухацтай хандах ёстой” гэсэн.

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун  “АН, МАН нийлэхээрээ “Стэнд бай” хөтөлбөрийг авдаг. Тэр дагуу хөтөлбөрт орохоор ярилцаж байна. Энэ хөтөлбөрийг авсан нөхцөлд эдийн засгийн ямар нэг тулгалт шаарддаг” гэлээ.

 Монгол Улсын хувьд 2017 оноос эхэлж Чингис бонд, Хөгжлийн банкны төлбөрт 2 тэрбум ам.долларын өр төлнө. Төсөв их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Энэ бол хоёр нам хамтарсны гай. Засгийн газар дотоодын нөөц боломждоо тулгуурлахгүй зөвхөн зээлд дулдуйдаж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газраас сайн юм хүлээх хэрэггүй” гэв.

Ажлын хэсэг байгуулжээ

Харин Ардчилсан намын бүлэг Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Б.Болор гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд татвараа төлөөгүй аж ахуйн нэгж хэд байгаа, мөн бусад шалтгаанаар асуудал нь хууль хяналтын байгууллагад шилжсэн компани хэд байна вэ гэдгийг нарийвчлах аж.

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тайлбараар бол асуудалтай аж ахуйн нэгж тийм их биш. Харин хэвлэлд гарч байгаа мэдээллээр 11 мянга орчим аж ахуйн нэгж бий гэсэн тоо яригддаг. Тиймээс ажлын хэсэг өргөн хүрээг хамарч асуудлыг судлах аж. Нөгөөтэйгүүр, ирэх баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ хуультай холбогдуулан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Хууль зүйн сайд, Сангийн сайд нарт хандан тавьсан асуулгын хариуг сонссоны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр болсон гэдгээ бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдэгдлээ.

Гэхдээ тус бүлгийн хувьд Эдийн засгийн өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг батлах шаардлага бий гэж үзжээ.

Харин бүлгээс бизнес эрхлэгч хувийн хэвшлийнхэнтэй уулзаж ямар асуудал хүндрэл учруулаад байгааг судлахаар Б.Наранхүү гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Ямартай ч АН-ын бүлэг хоёр дах долоо хоногтоо ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэж байгаа нь үнэхээр батлах гээд дайрлаа гэхэд хилсдэхгүй болов уу.

Жиргээчдэд уйдах завгүй нэг өдөр өнгөрлөө

Нам бүлгүүдийн мэдээллээс илүүтэйгээр хамгийн их шуугиан тарьсан зүйл нь Төрийн ордон, тэр дундаа Засгийн газрын хуралдааны танхимд гал гарсан юм.  Тодруулбал 15.00 цагийн орчимд гал гарч, Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчид шуурхай ажиллаж галыг унтраалаа хэмээн Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийх үеэр хэлсэн.

Харин нөгөө талд сошиол ертөнцөд жинхэнэ жиргээний сэдэв болж байлаа. Жишээлбэл Фортуна болон Л.Эрдэнэчимэг гишүүний гал асааж, унтрааж байгаа зургийг зэрэгцүүлэн “Гал асаадаг нь манайд байна, Гал унтраадаг нь ч манайд байна” хэмээсэн бол өөр нэг жиргээнд “Л.Эрдэнэчимэг гишүүн хэрэгтэй үеэр алга болчих юм” гэж байлаа. Ямартай ч эрхэм жиргээчдийг уйдаагаагүй нэг өдөр боллоо.