Дотоодын нөөц боломжийг ашиглахгүй, зөвхөн зээл тусламжид дулдуйдаж байна
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2015.05.18

Дотоодын нөөц боломжийг ашиглахгүй, зөвхөн зээл тусламжид дулдуйдаж байна

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлаар уламжлалын дагуу мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр болсон УИХ-ын хүндэтгэлийн чуулганы үеэр 1 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо дуулгасан. Бид сайн нөхрөөсөө урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авч болно. Гэхдээ хөнгөлөлттэй зээл болгоныг “шар тос” гэж хүлээж авч болохгүй”. ОУВС-ийн "Стэндбай" хөтөлбөрийн цаана тодорхой бүлэглэлийн ашиг сонирхол байдаг.

Ер нь МАНАН-гийн Засгийн газрын үед энэ хөтөлбөрт хамрагддаг нь гайхал төрүүлж байна. Өрийн дээд хязгаарыг ДНБ-ний 40 хувьд барина гэж амалсан ч өнөөдөр 60 хувьд хүрээд байна.  Зээл гэдэг бол өнөөдөр хэрэгтэй ч улс орны ирээдүйд хохиролтой. Бид 2017 оноос өр зээл төлж эхэлнэ. Гэтэл өнөөдөр Монгол Улс 1 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай ажиллаж байна. Ер нь Засгийн газар дотоодын нөөц боломжийг ашиглахгүй, зөвхөн зээл тусламжид дулдуйдаж ажиллаж байна гэв

Энэ долоо хоногт хэлэлцэх "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өнөөгийн тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхээр тусгасан ч хамгийн гол нь бие даасан эрчим хүчний системтэй болох асуудлыг бүрэн дүүрэн тусгаж өгөөгүйг хэлэв.

Мөн Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд дээр нийтийн аюулгүй байдлыг хангасан байх ёстой гэсэн шаардлагыг анхааран ажиллахаа бие даагчид мэдэгдэв.