”Энэтхэгээс авах зээл Төмөр зам, Эрчим хүчний салбарт зарцуулагдана”
2015.05.18

”Энэтхэгээс авах зээл Төмөр зам, Эрчим хүчний салбарт зарцуулагдана”

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх зарим хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Энэ талаар тус  бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэл өглөө.

Тус бүлэг хоёр асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эдийн засгийн ил тод байдлын хуулийн төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналд нэгджээ.  Мөн УИХ, Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх төсөл арга хэжээний талаар бүлгээс гаргасан ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсжээ.

Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ талаар "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл, Эдийн засгийн өршөөлийн хуулийн төсөл нь Засгийн газраас өргөн баригдаад нэлээн удаж байна. Манай бүлэг тус хоёр хуулийн төслийг зэрэг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт яг энэ хуулийн төслүүдээр холбогдох яамдын сайд нараас асуулга асуухтай холбогдуулаад уг асуудал хойшлогдоод байна. Энэ баасан гаригт Хууль зүй болон Сангийн сайдаас дээрх хоёр хуулийн талаар асуулга асууна. Үүний дараа хууль цаашаа явах эсэх шийдвэр гарна" гэлээ. 

Дээр асуудалтай холбоотойгоор тус бүлэг ажлын хэсэг гаргажээ. УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээр ахлуулсан тус ажлын хэсэг нь бизнес эрхлэгчидтэй уулзаж тулгамдаж буй асуудлыг нь сонсох юм байна.

Дараа нь УИХ-ын гишүүн Х.Баттулгаар ахлуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Тус ажлын хэсэг УИХ, Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх ажлыг хэрхэн амжилттай явуулах цаашид анхаарч ажиллах асуудлуудыг нь багцалжээ. Ингээд гурван  чиглэлээр ажиллах ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Үүний дагуу дэд ажлын хэсэг байгуулж, тодорхой хугацаанд нарийвчлан судлах зүйл байна гэж үзжээ. Ингэхдээ Хот төлөвлөлт, Ажилгүйдэл, Шинэ хөдөө гэсэн чиглэлээр ажлын хэсгүүдийг байгуулжээ.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

- Тавантолгойн гэрээг УИХ-аар хэзээ хэлэлцэх вэ. Ерөнхий сайд, УИХ-ын дарга та гурав энэ танхимд сууж байгаад уг гэрээний төслийг 14 хоногт багтаан шийдвэрлэхээр боллоо гэх мэдээллийг өгч байсан. Гэтэл бүтэн нэг сар хагасын хугацаа өнгөрчихөөд байна шүү дээ. Тус асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгээс бүлгийн хуралд мэдээлэл хийсэн үү?

Тавантолгойн гэрээний төслийн асуудлыг сүүлийн хоёр долоо хоногийн бүлгийн хуралдаанаар ярилцаагүй байгаа. Ажлын хэсэг холбогдох мэдээллээ нарийвчлан судлах зорилгоор Засгийн газар болон холбогдох байгууллагуудад асуулга тавьсан. Хариу нь ирээгүй гэсэн. Ерөнхий сайд З.Энхболд дарга бид гурав энд сууж байгаад тухайн үед мэдээлэл өгсөн. Гэхдээ Ерөнхий сайд уг асуудлыг 14 хоногт багтаан шийдэж өгөхийг хүсч буйгаа илэрхийлсэн болохоос яг тэд хоногт багтаан шийднэ гэсэн зүйл байхгүй. Ажлын хэсэг эцсийн байдлаар дүгнэлтээ гаргачихвал АН-ын бүлгээр хэлэлцэхэд бэлэн байна.

- Манай улс Энэтхэгээс нэг тэрбум долларын зээл авахаар боллоо. Ийм эрх зүйн боломж бий юу?

Ням гаригийн хүндэтгэлийн чуулганд Энэтхэг улсын Ерөнхий сайд энэ асуудлаар мэдээлэл өгсөн. Бүлэг дээр мэдээлэл байхгүй. Энэтхэгээс авах зээл Төмөр зам болон Эрчим хүчний салбарт зарцуулагдана. Төмөр зам, Эрчим хүчний салбарт авах зээлийг улсын өрөнд оруулж тооцохгүй гэдэг хуулийн заалт байгаа. Тэгэхээр эрх зүйн боломжтой.

- Эдийн засгийн өршөөлийн тухай хууль үндсэндээ нийт аж ахуй нэгжүүдийг хамрахгүйгээр хэсэг бүлэг хүмүүсийг хамарсан хууль болж байна гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа. Хямралын уршигаар аж ахуй нэгжүүд татвараа төлж чадахгүй байна. Тэдгээр аж ахуй нэгжүүдийг хамруулах тухай хуульд тусгасан уу?

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гэсэн хоёр багц хууль УИХ-д орж ирсэн. Ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл үндсэндээ урагшлаад эхэлсэн. Ил гаргаагүй хөрөнгийг мэдүүлэгтээ тусгах тухай асуудлыг тусгасан. Эдийн засгийн өршөөлийн тухай хууль бол цагдаа, татвараас торгууль авсан аж, ахуй нэгжүүдийг чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх байгаа. Тиймээс энэ хуулйн төсөл чухал ач холбогдолтой. Харамсалтай нь улс төрийн ашиг сонирхлоор энэ хуулийг мушгин гуйвуулах явдлаас болгоомжилж уг хуулийн төсөлд их няхуур хандаж байна.

Ш.Түвдэндорж: Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор ажлын хэсэг гарч хичнээн аж ахуй нэгжүүд татварын дарамтанд ороод байгааг судлаж байна. Хууль зүйн сайдын хэлж байгаагаар 11 мянга гаруй аж ахуй нэгж бий гэсэн.

- Энэтхэгээс манай улс 1 тэрбум ам.долларын зээл авахаар болоод байна. Мөн Олон улсын валютын сангаас зээл авах төлөвтэй харагдаж байна. Ерөнхий сайд Арабын нэгдсэн улс руу айлчилахаар явсан нь мөнгө гуйхаар явсан байхыг үгүйсгэхгүй байгаа. Энэ нь өрийн таазад нөлөөлөхгүй юу?

 Энэтхэгээс тэрбумын зээл авчихсан юм биш. Ням гаригт хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгэндээ “1 тэрбумын зээл өгөхөөр болж байна” гэж мэдэгдсэн. Зээлийн гарц нээгдсэн гэдгийг л ойлгох хэрэгтэй. “Ерөнхий сайд Араб руу мөнгө гуйх гээд явсан” гэдэг яриа бол тийм ч зүйтэй биш. Монгол улс бол тусгаар тогтносон улс. Эдийн засгийн хүндрэлийг давахын тулд олон талт арга хэмжээнүүдийг авах нь зайлшгүй. Энэ утгаараа гадны хөрөнгө оруулалтыг татах, тэр нь үйлдвэржилт, мөнгө санхүүгийн чиглэлээр ч байж болно.