Хөнгөлттэй зээл бүрийг “шар тос” гэж хүлээж авч болохгүй
УИХ дахь Бие даагчдын зөвлөл
2015.05.18

Хөнгөлттэй зээл бүрийг “шар тос” гэж хүлээж авч болохгүй

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мэдээллийн эхэнд, “Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр болсон УИХ-ын хүндэтгэлийн чуулганы үеэр 1 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо дуулгасан. Бид сайн нөхрөөсөө урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авч болно. Гэхдээ хөнгөлөлттэй зээл болгоныг “шар тос” гэж хүлээж авч болохгүй”. ОУВС-ийн "Стэндбай" хөтөлбөрийн цаана тодорхой бүлэглэлийн ашиг сонирхол байдаг.

Ер нь МАНАН-гийн Засгийн газрын үед энэ хөтөлбөрт хамрагддаг нь гайхал төрүүлж байнаӨрийн дээд хязгаарыг ДНБ-ний 40 хувьд барина гэж амалсан ч өнөөдөр 60 хувьд хүрээд байна.  Зээл гэдэг бол өнөөдөр хэрэгтэй ч улс орны ирээдүйд хохиролтой. Бид 2017 оноос өр зээл төлж эхэлнэ. Гэтэл өнөөдөр Монгол Улс 1 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай ажиллаж байна. Ер нь Засгийн газар дотоодын нөөц боломжийг ашиглахгүй, зөвхөн зээл тусламжид дулдуйдаж ажиллаж байна” гэв. 

Үүний дараагаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ долоо хоногт хэлэлцэх зарим хуулиуд дээр бие даагчдын санал бодлыг мэдээлсэн юм. Тэрбээр, “Энэ долоо хоногт 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 төсвийн төсөөллийн хэлэлцүүлэг болно. Эдгээр хуулиудад эдийн засгийн өсөлт болон төсвийн үзүүлэлтийг яаж авсан бэ гэдэг нь тодорхойгүй байна. Өнгөрсөн оны үзүүлэлтээр манай улсын эдийн засгийн өсөлт 7,8 хувьтай гэж гарсан.

Гэтэл Энэтхэгийн Ерөнхий сайд өчигдөр хэлсэн үгэндээ "Энэтхэг улс дэлхийд тэргүүлэх хөгжилтэй. Эдийн засгйийн өсөлт нь 7,4 хувийн өсөлттэй байна" гэж хэлсэн. Үүнээс харвал бид ч эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэхээр харагдаж байгаа юм. Гэтэл бид  яагаад хямраад байгаа юм. Энэ нь Оюутолгойн баялаг манай улсын ДНБ, экспорт дээр тооцогдож байгаа ч валютын орлого дээр байхгүй байгаагийн илрэл.  Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийнэ гэж байгаа ч дэд сайдын орон тоогоо хөдөлгөхгүй байна. Цалин, тэтгэвэр нэмэхгүй гэж байна. Өнөөдөр яагаад эдийн засаг хямарч байна вэ гэдэгт хариулт өгөх хэрэгтэй.Нэгдүгээрт, Баялагийн мөнгө Монголд орж ирэхгүй байгаатай холбоотой. Хоёрдугаарт, Баялагийн мөнгөө 1,5 саяын хувь хишигт тараасан, тэр мөнгөө зээлээр босгосон. Гуравдугаарт үнэ тогтворжуулах хөтөлбөрөө оновчгүй зохион байгуулсан” гэлээ.

Энэ долоо хоногт "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Уг баримт бичиг нь өнөөгийн тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхээр тусгасан ч хамгийн гол нь бие даасан эрчим хүчний системтэй болох асуудлыг бүрэн дүүрэн тусгаж өгөх шаардлагатай гэж бие даагчид үзэж байна.  Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд дээр нийтийн аюулгүй байдлыг хангасан байх ёстой гэсэн шаардлагыг анхаарч ажиллана гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ.