Х.Баттулга: Одоо ажил хий
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо
2015.05.14

Х.Баттулга: Одоо ажил хий

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Байнгын хороогоор дээрх асуудлыг хэлэлцэх шатанд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуйн яамд ирэх онд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ гэдгийг салбарынх нь хүрээнд нарийвчлан хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Оюун өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ ирэх онд үргэлжлэх эсэх, Туул усан цогцолбор барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн эсэх, УИХ-ын гишүүн Я.Содбаатар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих эсэх, малын бэлчээрийн даац хэтэрсэн тул салбарын яам ямар бодлого, зохицуулалт барьж байгаа, малыг эрүүлжүүлэх талаар тус тус тодрууллаа.

Сайд Д.Оюунхоролын тайлбараар бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд хий, газ ашиглаж дулааны асуудлыг шийдвэрлэх бодлого барьж буй юм байна. Өнгөрсөн жилүүдэд утаагүй зуухыг нийлүүлсэн, тодорхой дэмжлэгтэйгээр. Гэхдээ Улаанбаатар хотод нийлүүлэгдсэн зуухнаас нэлээд нь арилжааны хэрэгсэл болж, орон нутагт тараагдсан байдаг. Хог боловсруулах үйлдвэрийн тухайд эко цогцолбор барина.

Улсын хэмжээнд 20 мянга орчим иргэн хог түүж, түүнийг дахин боловсруулах үйлдвэрлэлд ажилладаг. Гэхдээ хог хаягдлыг дахин боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулах асуудал чухлаар тавигдаж байгаа тул Улаанбаатар хоттой хамтрах. Мөн улсын хэмжээнд хэчнээн хогийн цэг байна вэ гэдгийг тогтоохоор тооллого хийж эхэлсэн. Туул усан цогцолборын тухайд ТЭЗҮ дээр ажиллаж байгаа тухай мэдээллийг өглөө.

Сайд Р.Бурмаагийн хариултаар бол УИХ-аар Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа, түүнд малын хөлийн татвар багтсан. Малын хөлийн татвараас бий болсон орлогыг буцааж малыг эрүүлжүүлэх, удмын санг нь сайжруулах чиглэлд ашигладаг болох тодорхой эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгөхөд анхаарч байгаа тухай онцоллоо. Малын бэлчээрийн даацын тухайд хонин толгойд шилжүүлснээр 16 сая толгой малаар хэтэрсэн гэх судалгаа гарсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Х.Баттулга “Ярьсаар суутал ажил хэцүүдлээ. Одоо ажиллах цаг болсон. Наад яриад байгаа асуудлууд бүгдээрээ судлагдсан зүйлүүд. Жишээ нь жилдээ 10 сая арьс шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ намайг сайд байхад боловсруулагдсан. Мал эрүүлжүүлэх тухай асуудлыг ярьж байна, Биокомбинат, арьс ширний үйлдвэр, Хөдөө аж ахуйн бирж, боловсруулах үйлдвэр энэ бүхэн цогц юм. Судалгаа нь хийгдчихсэн бэлэн байгаа зүйлийг одоо бодит ажил болгох.

Цөлжилтийг яах вэ л гэж байна, уул уурхайн компаниудад газарт хүрсний татвар ногдуул. Ингэвэл мод тарих эх үүсвэр бүрдэнэ. Малын хөлийн татвараар жилдээ 50 сая доллар орж ирэх боломжтой, түүгээр малаа эрүүлжүүлж болно. Энэ асуудлыг өмнөх Ерөнхий сайдад ойлгуулах гээд чадаагүй. Одоогийн Ерөнхий сайд бас ойлгох эсэхийг мэдэхгүй, хөдөө ажилладаггүй учраас. Утааг бууруулах тухайд, утаагүй зуух тараадагаа болих. Утаагүй зуух гэдэг юм хорвоо дэлхийд байхгүй. Агаарын бохирдлыг шийдэх нэг гарц нь орон сууцжуулах. Одоо сайд нар ярихаа зогсоож ажил хий” гэх зөвлөгөөг өглөө.