Сайд нар хүнээс хэрүүл гуйж суух завтай байгааг нь гайхаж байна
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.
-Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр та С.Эрдэнэ сайдтай маргалдсан. Ямар учраас вэ?
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэ- чилсэн найруулга болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр үг хэлтэл хажуугаас олон юм яриад байна лээ. Хууль зүйн байнгын хорооны дарга ч гэлээ УИХ- ын гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу үг хэлсэн юм. Би өөрөө бусад гишүүдийнхээ эрхийг хүндэтгэдэг. Үг хэлэхэд нь тасалдаггүй. Гэтэл С.Эрдэнэ сайд намайг үг хэлүүлэхгүй санаатай “Цайны цаг болчихлоо” гэх мэтээр юм яриад байсан. Гэхдээ сүйдтэй юм болоогүй л дээ.
-Та юу хэлэх гээд байсан учраас тэр хүн эсэргүүцээд байв...
Тахарын албаны тухай хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Үүний дагуу Тахарын алба байгуулагдаад хэдхэн сар болж байна. Гэтэл төсөв хэмнэх үүднээс энэ албыг татан буулгах асуудал хөндөгдөж байгаа. Үндсэндээ жилд 13 тэрбум төгрөгийг дэмий цацаж байна гэдэг дүгнэлтийг хийгээд байгаа юм. Тиймээс манай байнгын хороонд 60 гаруй төрийн бус байгууллагаас санал хүсэлтээ нэгтгээд бичиг ирүүлсэн юм. Үүнийг нь байнгын хороон дээр уншиж танилцуулсан хэрэг.
-Тэр бичигт нь юуг онцолсон байсан юм бэ?
Тахарын алба байгуулагдсанаас хойш гэрч, хохирогчийг хамгаалах асуудал цэгцэнд орж байна гэдэг ерөнхий утга агуулгатай. Үнэндээ өнөөдөр гэрч, хохирогчийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал манайд учир дутагдалтай байгааг хүн бүхэн нүдээрээ харж байгаа. Тиймээс эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлага байна. Гэхдээ Тахарын албаны тухай хууль гарсан нь сайн юм боллоо.
Тахарын алба байгуулагдсаны үр дүнг ядаж, хоёр гурван жил харах хэрэгтэй гэдэг санааг тэд илэрхийлсэн байлаа. Тахарын албыг байгуулснаар Монгол Улс бусдаас муугаараа ялгараад онцгойроод байгаа юм алга. Энэ бол дэлхийд байдаг л байгууллага. Гэтэл бүхнийг хуучнаар нь байлгах гэсэн үзэлтэй хүмүүс үүнийг үгүй хийх бодол санаа тээгээд байгаа бололтой.
Тахарын алба байгуулснаар өчнөөн тэрбум төгрөг урсаад байна гэх юм. Ядарсан зүдэрсэн хүн ардаа хамгаалах байгууллага яагаад байж болохгүй гэж. Монгол Улсын мал төрийн хамгаалалтад байна гээд хуульчилчихсан биз дээ. Тэгсэн мөртөө хүнээ хамгаалсан байгууллагыг алга хийнэ гэж болох уу. Тэгж л их хэмнэх гээд байгаа юм бол өнөөдөр нэг улс төрийн нам өчнөөн тэрбум төгрөгөөр байр барьчихаад сууж л байна. Үүнийг ярихад яагаад болохгүй гэж.
-Ер нь Тахарын албыг С.Эрдэнэ сайд сайшаахгүй байна гэсэн үг үү?
Тэрийг нь мэдэхгүй. Ямар ч байсан энэ тал дээр үг хэлсэн хүмүүсийг дуугаргахгүй санаатай юм шиг байна лээ. Ер нь Засгийн газрын сайд нарын ажил ямар байгааг ард түмэн харж байгаа. Улс орны байдал юу болчихоод байна. Эдийн засаг элгээрээ хэвтчихлээ. Гэтэл сайд нар нь хийх ажилгүй юм шиг хүний үгийг хянаж, цагдаад сууж байх юм. Ингэх цаг нь мөн ч юм уу, биш ч юм уу. Өмнөх ажлаа л сайн хийх хэрэгтэй байх.
Гэхдээ миний үгийг хориод байсанд нь хорсоод сүйд болоод байгаа юм алга. Тэртэй тэргүй элдвээр хэлүүлж, шүүмжЛүүлдэг болохоор тоогоод байх юм байхгүй. Хамгийн гол нь Засгийн газрын сайд нар хүнээс хэрүүл гуйж суух цаг завтай байгааг нь гайхаж байна. Бид л тэднийг бага шахаад байгаа юм байна. Сайд нарт бидний юу таалагдахаа байсан юм. Тэд өөрсдийгөө юу гэж боддог болчихсон юм, арай хэтэрлээ.
-Сүүлийн үед УИХ Цэцийн дүгнэлтийг шүүж, тунгаадаг боллоо гэдэг шүүмжлэлийг МАН-ынхан хэлэх боллоо. Таны байр суурь ямар байгаа вэ?
УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах уу, үгүй юу гэдгээ хэлэлцдэг. Тэгээд Цэц их суудлын хуралдаанаараа асуудлыг шийддэг. Ийм л хууль эрх зүйн тогтолцоотой юм хойно одоо яахав дээ.
-Сүүлд таныг УИХ-ын чуулганы хуралдаан дээр үг хэлсний дараа Ц.Нямдорж гишүүн шүүмжлээд байсан. Ер нь та гишүүдийн дургүйг хүргэсэн үг хэлдэг болсон юм аа даа?
Хэлэлцэж байгаа асуудлын талаар байр сууриа л илэрхийлдэг. УИХ-ын гишүүд цөм тэгш эрхтэй. Олон жил парламентад суусан нь нөгеөгийнхөө амыг барина гэсэн давуу эрх эдлэхгүй. Хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж, боох эрх хэнд ч байхгүй. Ямар нэгэн байдлаар хаах оролдлого хийж байгаа нь ардчиллынхаа эсрэг байна гэсэн үг.
Харамсалтай нь сүүлийн үед ийм хандлага илрэх боллоо л доо. Гэхдээ зарим гишүүн хүнийг сонсч сурах наад захын соёлд суралцаагүй байна. Ийм олон жил явсан юм бол тэр соёлд суралцах хэрэгтэй л дээ. Тэгэхгүй зөвхөн өөрийнхөө шүүлтүүрээр бусдыг шүүж, тэрний зөв миний буруу гэж дүгнэдэг үе өнгөрсөн. Тэр цаг өнгөрөөд 25 жил өнгөрч байна. Тийм байхад ийм хүмүүс байсаар байгаа нь харамсалтай.
-Танай намын болоод Засгийн газрын нэр хүнд их унаж байна гэх боллоо. Таны байр суурь ямар байна...
Үе үеийн Засгийн газар сайн ажилласан гэдэг нэр байхгүй шүү дээ. Энэ Засгийн газар 100 хоног ажилласан ч тайлангаа тавьсангүй. 150 дахь хоног нь болж байх шиг байна. Удахгүй тайлангаа тавих байлгүй дээ. Тэр үеийг л хүлээж байна. Түүнээс наана дүгнэлт хэлэх эрт.
-Таван толгой дээр та ямар байр суурьтай байна вэ?
Таван толгойг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлж шийдэх ёстой. Монгол Улсын иргэд яагаад хувьцаагаараа дамжуулж хувь хишиг хүртээд явж болдоггүй юм. Тийм учраас яаруу сандруу байдлаар буруу гэрээ хийж болохгүй л дээ. Ямартай ч УИХ хэлэлцээд зөв шийдвэр гаргах байх гэж бодож байна.
- Ажлын хэсгийнх нь ажил ямар шатандаа яваа юм бол. УИХ төдий өдийд асуудлыг шийднэ гэсэн төсөөлөл танд байна уу?
Ажлын хэсэгт нь ороогүй болохоор нарийн ширийнийг нь мэдэхгүй юм. Хэвлэлээр явж байгаа мэдээллийн түвшинд л байна даа. Ямартай ч УИХ-ын гишүүд ард түмний эрх ашгийн талд байгаа.
-Танай байнгын хороо ямар хуулийг төслүүдийг “гараас” гаргав?
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх, Захиргааны тухай гээд хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тиймээс Хууль зүйн байнгын хороо үнэхээр ачаалалтай ажиллаж байгаа. Ямар ч байсан хууль эрх зүйн шинэчлэлийг явуулахын төлөө байна.
-Эрүүгийн тухай хуульд сэтгүүлчдэд халгаатай заалтуудыг эргүүлээд оруулсан байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
Хууль зүйн байнгын хороо, УИХ-аар асуудлыг хэлэлцээд шийдвэр гаргах байх. Ер нь бол би хувь гишүүнийхээ хувьд хэвлэлийн амыг барих, сэтгүүлчдийг бичсэн зүйлийнх нь төлөө яллах ёсгүй гэж үздэг.