Япон хүүхдүүд нийслэл хотноо амарч байна
Тэд 9 сарын 5-ны өдөр хүртэл байх хугацаандаа манай түүх, соёл, зан заншил, байгаль, иргэдийн амьдралтай танилцаж, монгол хүүхдүүдтэй нөхөрлөн, тэдний гэрт зочлох юм. Хүүхдүүдийн хамгийн бага нь 8 настай бөгөөд ихэнх нь гамшигт ойр дотны хүмүүс, хамаатан саднаа алджээ. Мөн гамшиг тохиолдох үед бусдадаа сэрэмжлүүлэг өгч сургуулийнхаа 300 хүүхдийн амь насыг аварсан охин ч байна. Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн М.Энхболд 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүүхдүүдийг хүлээн авч уулзав.
Сумо бөхөд барилдаж байгаа бөхчүүд, 4-5 дугаар ангийн сурах бичигт байдаг “Сүхийн цагаан морь” үлгэрээр япон хүүхдүүд Монголын тухай мэддэг байх гэж Шадар сайд М.Энхболд хэллээ. Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиох бөгөөд энэ үеэр япончууд энэ үлгэрээр жүжиг тавихаар төлөвлөснийг ч дуулгав.
Японы ард түмэн гамшгийн өмнө өвдөг сөхрөлгүй, улам нэгдэн нягтарч, учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох ажилд ханцуй шамлан орсон. Хүүхдүүд ч эцэг, эх, ах, эгч нартаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна гэж Шадар сайд хэлээд тэднийг ая тухтай амарсны дараа хичээл номондоо шамдахыг хүсэв.
3 дугаар сарын 11-ний өдөр Япон Улсад газар хөдлөлт, цунами болсны дараа Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хурал зарлан, япончуудад туслах аян өрнүүлсэн юм. Энэ дагуу тус улсад 1 сая ам.долларын хандив өргөж, хэрэгцээт эд материалийн дэмжлэг үзүүлэн, гамшгийн бүсэд аврагчдаа илгээсэн. Монгол Улсаас үзүүлсэн хандив, тусламжид Япон Улсын Засгийн газар албан ёсоор талархал илэрхийлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.