“Ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлэхээр болжээ
Цөлжилт ихтэй говийн бүсийг Монголын нөхцөлд хэрхэн ойжуулж болдгийн жишээг “Ногоон хэрэм” төслийнхний хийсэн ажлаас харж болно. Уг төслийг манай улсын хэд хэдэн газруудад хэрэгжүүлж байгаагаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг ойжуулсныг онцолж байна.
Жил бүрийн “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр Солонгосын талаас Үндэсний Ассамблейн гишүүд, Солонгосын төрийн албан хаагчид, Монголоос УИХ-ын гишүүд, холбогдох хүмүүс төсөл хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж, мод тарьдаг уламжлалтай. Анх 2006 онд Монгол, Солонгос хоёр улсын Засгийн газраас цөлжилт, шар шороон шуургыг сааруулах зорилгоор Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ төсөлд Солонгосын Засгийн газраас 11.8 сая ам.долларын санхүүжилтийг олгож 10 жилийн хугацаатай 3000 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийх зорилготой эхэлж байсан юм.
Энэ жилийн хувьд Солонгосын Үндэсний Ассамблейн дөрвөн гишүүн, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Сун, УИХ- ын гишүүн О.Баасанхүү, Өмнөговь аймгийн удирдлагууд, Солонгосын 50 гаруй төрийн албан хаагч ирж говийн ногоон ойтой танилцан, 800 хайлаас тарилаа. Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү гурав дахь жилдээ оролцож байгаа юм. Тэрээр хэдхэн жилийн өмнө тарьсан мод, ургамал говийг богино хугацаанд ойжуулж чадсаныг энэ үеэр онцолж байв. Анх төслийг хэрэгжүүлэхэд нутгийн иргэд бэлчээрийн газаргүй боллоо хэмээн таатай хүлээж авч байгаагүй гэдэг.
Үүнээс гадна говийн нөхцөлд мод тарих нь тэр бүр амжилттай болдоггүй, амаргүй ажил гэдгийг хэлж байсан нь цөөнгүй гэнэ. Харин Солонгосын Ойн ерөнхий газраас төслийн удирдагчаар ойн мэргэжилтэй төрийн албан хаагчид ирж, манай мэргэжилтнүүдтэй хамтран солонгос монгол мод тарих технологийг хослуулсан нь өдгөө говийг амжилттай ойжуулахад хүргэжээ. Говийн хөрсөнд мод сайн ургаж байгаа технологийг сонирхоход усалгаандаа байдгийг төслийн зохион байгуулагч Н.Баянхишиг хэлсэн. Тухайлбал, төслийн мод бүрт усалгааны систем суурилуулж, 6000 модыг зэрэг нэг дор усалдаг байна.
Дөрөв хоноод нэг модыг 20 литр усаар усалдаг аж. Мөн модыг анх суулгахдаа нүхээ гүнзгий ухаж суулгах хэрэгтэй гэнэ. Учир нь салхи шуурга ихтэй Монголын нөхцөлд гүн суулгах тусмаа мод эхний хоёр жилдээ ганхаж, стресст ордоггүйг мэргэжилтнүүд онцолж байв. Энэ өдөр ирсэн хүн бүхэн дээрх технологийн дагуу 800 хайлаас мод тарьсан юм. “Ногоон хэрэм” төслийн талаар уг арга хэмжээнд оролцсон зарим төлөөллийн үгийг товчхон хүргэе.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн И Вон Уг: Солонгосын Ойн ерөнхий газраас “Ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлээд найман жил боллоо. Би Монголд дөрөв дэх удаагаа ирж байна. Энэ хугацаанд өргөн уудам нутгийг ойжуулж чадсаныг харж байгаа. Энэхүү мод тарих ажлаар дамжуулаад Монгол, Солонгосын найрамдалт харилцаа төдийгүй Азид цаашлаад дэлхий дахинд жишиг болсон арга хэмжээ болж байгааг харж болно.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол Улс өргөн уудам нутагтай ч гурван хувь хүрэхгүй газар нь модтой. Миний хувьд Монголын газар нутгийн 30 хувийг ой модтой болгохыг мөрөөддөг. Үүнийг биелүүлэхийн тулд Солонгосын ард түмэн тодорхой хэмжээгээр төсөл амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байна. Төслийн хугацаа нэг жилийн дараа дуусна. Нэг удаа мод тариад зогсохгүй цаашид арчлах асуудал чухал байдаг. Үүнийг нутгийн удирдлага болон холбогдох яамны мэргэжилтэн зэрэг олон талын хариуцлагатайгаар биелүүлдэг. Цаашид ч гэсэн мод тарих энэ төслийг үргэлжлүүлэх тал дээр өөрийн зүгээс идэвхтэй ажиллах болно.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд УСун: Мод тарих энэ төсөл 2007 оны Монгол, Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр эхлэлээ тавьж байсан түүхтэй. Энэ төсөл нь Солонгос, Монголын найрамдалт харилцааны ажлуудаас үлгэр жишээ хэрэгжиж байгаа төслийн нэг. Төслөөр дамжуулан хоёр орны найрамдалт харилцаа улам бэхжинэ гэж найдаж байна гэв.
“Ногоон хэрэм” төсөл найман жилийн хугацаанд Өмнөговь аймгийн Даланзадгад, Төв аймгийн Лүн сум болон Улаанбаатарын ойролцоох газруудад хэрэгжсэн. Энэ хугацаанд тарьсан модны тоо нь нэг сая давсан гэнэ. Үүний зэрэгцээ гурван суманд мод үржүүлгийн газар байгуулан хоёр сая гаруй мод үржүүлэн ургуулжээ.
Жил бүр стандартын 300,000 гаруй суулгацыг ойжуулалтад гаргаж, эдгээр тарьц, суулгацаараа өөрийн ойн зурвас талбайгаа 100 хувь хангадаг байна. Харин үлдсэн хувийг сургууль, цэцэрлэг зэрэг төрийн байгууллагад хандивладаг аж. Өмнөговь аймгийн хувьд говийг ойжуулах ажилд хүн бүхэн идэвх зүтгэлтэй оролцдог юм билээ.
Засаг даргын Тамгын газар нь мод тарьсан иргэддээ мөнгөн урамшуулал олгодог байна. Тэр нь жилд 250 сая төгрөгөөр төсөвлөгддөг гэнэ. Говийг ойжуулахын ач тусыг нутгийн иргэд ч амьдрал дээр хүртэх болсон тул мод тарих ажилд нэг үеэ бодвол хүн бүхэн оролцдог болж. Говийг ойжуулснаар наад зах нь элсээр шуурах нь багасч, шувууд нутагт нь их ирж, усны гарц сайжирч, цөлжилтийг зогсоох зэрэг эерэг өөрчлөлтүүд гарчээ.
Төслийн багийнхан говийн бүсэд 36 төрлийн мод тарьж туршиж байгаагаас чацаргана, хайлаас, гүйлс, сухай гэх дөрвөн төрлийн мод хамгийн сайн ургаж байгаа гэнэ. Цөлжилтийг зогсоох, говийг ойжуулах уг төслийн хугацаа ирэх жил дуусна. Хэдийгээр хоёр улсын зүгээс төслийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа ч, уг' асуудлаар Төрийн өндөрлөгүүдийн хэмжээнд уулзалт хийх шаардлагатайг төслийнхөн онцолж байв.