Багануур дүүргийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд үйлдвэрчний эвлэлийн сургуульд сурч, Багануурын уурхайд, ажилчин хамт олны дунд ажил амьдралынхаа гарааг эхэлсэн хүн юм. Тиймдээ ч Багануур дүүрэгт ажиллахдаа үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультнуудтай уулзсан юм.
Уулзалтад үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн, сонгуультан 20 гаруй хүн оролцож тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын тухай ярилцлаа.
Мөн энэхүү уулзалтад Л.Болдтой хамт үйлдвэрчний эвлэлд ажиллаж байсан ахмад үеийнхэн, одоо залгамж халааг нь авч ажлыг нь үргэлжлүүлж байгаа залуусын төлөөлөл оролцож хөдөлмөрийн хүний эрх ашгийг хамгаалахад хэрхэн ажиллаж байсан, цаашид юуг анхаарах талаар яриа өрнүүллээ.
Тэрбээр уулзалтын эхэнд Багануур дүүрэгт ажиллаж байсан үеэ дурсан ярьсан юм. “Ээжийн минь идээрэй гэж хийж өгсөн банш нь халаалтгүй байшин дотор хөлдчихдөг байж билээ. Орой ядарч очоод л тэр хэдэн баншнаас хоосон усанд чанаж идчихээд л унтчихна, яагаад осгодоггүй байсан юм бол гэж одоо бодогддог юм. Ёстой л ажилчин хамт олныхоо дунд дулаацаж, залуу насныхаа аагаар халууцаж явж дээ.
Багануур бол Монгол Улсын эдийн засгийн төдийгүй аюулгүй байдлын стратегийн хувьд маш ач холбогдолтой газар. Багануурын уурхайн нүүрс Улаанбаатарын хамгийн гол цахилгаан станцуудыг хангадаг. Ийм чухал газар ажиллаж байснаараа өнөөг хүртэл бахархдаг. Багануурт ажилласан тэр богинохон хугацаа миний амьдралын замыг зурсан гэж хэлж болно” хэмээн онцоллоо.
Нэг цаг үед нэг зорилготойгоор ажиллаж байсан үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хувьд халуун дулаан дурсамж яриа дэлгэсэн бол залуус өөрсдийн зорилгоо биелүүлэхэд УИХ-ын гишүүнийг хамтран ажиллахыг хүслээ.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллага аль ч цаг үед хөдөлмөрийн хүнийг хамгаалах үүргийг хүлээж, тэр үүргээ ч нэр төртэйгөөр биелүүлж байгаа гэдгийг уулзалтад оролцогсод хэлж байсан юм.
Ажил амьдралын гараагаа ажилчин хүний эрхийг хамгаалахаас эхэлж байсан хүнийхээ хувьд хүний эрхийн төлөө тэмцдэг дэлхийн хамгийн том байгууллага “Амнэсти Интернэшнл”-ийн салбарыг Монгол Улсад байгуулсан, онлайн эрх чөлөө үгүй бол орчин үед хүний эрхийг хангах үндэсгүй болоод байгаа учраас “Онлайн эрх чөлөөний төлөө дэлхий нийтийн эвсэл”-ийн сайд нарын хурлыг Монголд хийх санаачилгыг гаргаж саяхан зохион байгуулсан гэдгийг ч уулзалтад оролцогсод ярьж түүний цаашдын ажилд амжилт хүсч байсан юм.