Хан-Уул дүүрэг өөрийн гэсэн дүрэмтэй болно
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгтэй дүүрэгт хийгдэж байгаа шинэ санал санаачлага, ажлуудын талаар ярилцсанаа хүргэж байна.
Саяхан таны нэгэн ярилцлагын уншиж суухад Хан-Уул дүүрэг өөрийн гэсэн дүрэмтэй болно гэсэн содон санаачлагыг тань олж мэдсэн. Хоёулаа энэ асуудлын талаар ярилцлагаа эхлүүлье.
Сайн байна уу. Тийм ээ. Манай ИТХ-аас санаачлан Хан-Уул дүүрэг өөрийн гэсэн дүрэмтэй болох зорилго тавин ажиллаж байна. Хан-Уул дүүргийн үндсэн дүрмийн төслийг боловсруулж, хувилбарыг нь олон нийтэд танилцуулан 16 хороо бүрт хэлэлцүүлэг хийсэн бөгөөд үр дүнд нь дүүрэг өөрийн гэсэн дүрэмтэй болох ажлыг санаачлан хийхээр болсон юм.
Энэ зорилгынхоо хүрээнд саяхан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Шууд Ардчилал Хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийг байгуулсанаар Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцооны бодлого” боловсруулах, хууль эрх зүйн шинэчлэл, сургалт, судалгааг хамтран хийх, иргэдийн дунд хэлэлцүүлэг хийх, хэлэлцүүлгээс гарсан иргэдийн санал, санаачлагыг шийдвэр гаргах түвшинд хүргэж ажиллана гэсэн үндсэн логиктой ажиллаж байна.
“Энэ оны 7, 8 дугаар сард иргэдийн дунд дүрэмтэй холбоотой
томоохон хэлэлцүүлэгийг зохион байгуулна”
Хан-Уул дүүргийн дахин төлөвлөлтийн ажлууд хэр ахицтай явж байна?
Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд “Нэхмэлийн шар” байруудын ажил нилээн ахицтай явж байна. Хоёр байр нь барилгын компанитайгаа тохироод ажлаа эхлүүлж байна. Бусад нь тохиролцооны шатан дээр явж байгаа. Мөн Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд энэ сарын 2-нд 1000 айлын хоёр орон сууцны шав тавих ёслол болж өнгөрлөө.
“1000 айлын хоёр орон сууцны
шав тавих ажил болж өнгөрлөө”
Өнөөдөр манай дүүрэгт том том цогцолбор, байгууламжууд ихээр төвлөрч байна. Үүний нэг нь саяхан ашиглалтанд орсон “Хүннү Молл”, Viva Сity, Буянт Ухаа 1, 2 хорооллууд сүндэрлэхийн хирээр худалдаа үйлчилгээний төвлөрсөн байгууламжууд ихээр нэмэгдэж байгаад иргэд нэн тааламжтай хандаж байна.
Хан-Уул дүүргийн хувьд Хүүхдэд Ээлтэй Хан-Уул хөтөлбөрийн хүрээнд олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Энэ ажлынхаа хэсгээс хуваалцвал?
Хүүхдэд Ээлтэй Хан-Уул хөтөлбөр маань 3 жилийн хугацаатай. Өнгөрсөн хоёр жилд их зүйлийг хийж хэрэгжүүлжээ. Хамгийн сүүлд ХУД-ийн ИТХ-ын санаачлагаар дүүргийн хэмжээний 26 дунд сургуулийн ахлах ангийн 3000 орчим сурагчид болон тэд нарын эцэг эхчүүдэд "Хүүхдээ хэрхэн зөв хүн болгон хөгжүүлж, хүмүүжүүлэх вэ?" сэдэвт сургалтыг 4 дүгээр сарын туршид амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтын хугацаанд хүүхдийг зөв хүн болгон хөгжүүлж, хүмүүжүүлэх орчин ямар байгаа, ямар асуудлууд тулгарч байна, хэрхэн шийдвэрлэх боломжтой зэрэг асуудлууд дээр эцэг эхчүүд саналаачөлөөтэй илэрхийлж, гаргасан санал бодлууд нь өнөөгийн системийг өөр түвшинд гаргахад тодорхой хувь нэмрээ оруулах болжтой гэдэг дээр санал нэгдсэн. Эндээс нийгмийн аль ч асуудлыг өөрчлөхөд иргэдийн оролцоо хамгаас чухал гэдэг ньхарагдаж байсан.
Сургалтын явцад хүүхдүүдийн идэвхи, оролцоо хэр түвшинд байсан бэ?
Сургалтын явцад ажиглагдсан нэг зүйл нь хүүхдүүдийн идэвхи сэргэж, цаашид өөрийгөө нээн илэрхийлэх чадварт суралцаж, хөгжүүлэхээс гадна өөрсдийн оршин суугаа орчин, дүүргээ яаж хөгжүүлэх вэ гэдгийг чухалчлан авч үзэж байсан нь их сайшаалтай байсан.
Сургалт, лекцийг нэг, хоёр цаг заагаад орхих биш тогтмол явуулж байх хэрэгтэй юм байна гэдэгт нэгдсэн. Нэг үеээ бодвол эцэг, эхчүүд хурал, сургалт гэхээр дуудагдаж ирдэг байсан бол одоо харьцангуй идэвхитэй болсон байна. Хүүхдийнхээ төлөө анхаарал тавьдаг болсон нь харагдсан.
Мөн дүүргийн ИТХ, төлөөлөгчид, удирдлагуудын зүгээс үр хүүхдийнхээ төлөө санаа тавьж сургалтандидэвхтэй оролцсон эцэг эхчүүд, сургуулийн удирдлагууд, багш, ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж байна.
Энэ жил Хан-Уул дүүргийн 50 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд ямар арга хэмжээ, ажлууд хийгдэж байна вэ?
Дүүргийн маань 50 жилийн ой тохиож байгаад билэгшээж томоохон ажлуудыг нилээдгүй эхлүүлээд явж байна. Бид 50 жилийн ойгоо ирэх 10 дугаар сард тэмдэглэх тогтоол гаргасан. Энэ арга хэмжээний хүрээнд жил болгон болдог хүүхдийн “Хараацай” урлагийн их наадмыг зохион байгууллаа. Манай дүүрэгт авъяастай хүүхэд, залуус олон шүү дээ. Тиймээс 50 жилийн ойд зориулж иргэдийн дунд урлагийн их наадам зохиох гэж байна. Үүнээс гадна бүтээн байгуулалт, тохижилт, бүх нийтийн цэвэрлэгээ зэргийг өргөн хүрээнд тогтмол хийхээр ажиллаж байна.