Багануур хөгжлөөс хоцорч болохгүй, хамгийн эхний эгнээд урагшлах учиртай
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.05.07

Багануур хөгжлөөс хоцорч болохгүй, хамгийн эхний эгнээд урагшлах учиртай

Багануур дүүргийн иргэдийг 2 удаа төлөөлөн УИХ-д сонгогдсон Л.Болд тойрогтоо ажиллаад буцлаа. Энэ удаа тэрээр дүүргийн байгууллага аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудыг нь хамтран хэлэлцэж, хот болох босгон дээр хөгжлийн шинэ санаа саналуудыг хамтдаа хайхаар иржээ. 35 жилийн түүхтэй уурхайн суурин өнөөдөр Монгол Улсынхаа галыг манаж байгаагаараа бахархаад зогсохгүй шинэ хөгжлийн түүчээ болон ажиллах учиртай гэдгийг очсон газар бүртээ сануулж байсан юм. Хийе гэвэл хамгийн түрүүнд дүүргийн 30 мянган иргэн, төр захиргаа, сонгогдсон төлөөлөл нь нэг баг болж нэг зүг рүү харан зүтгэх ёстой гэдгийг ч тэрээр яриандаа онцолж байсан юм.

-Багануур дүүргээс ажлын гараагаа эхэлж байсан таны хувьд 2 удаа дүүргийнхээ иргэдийг төлөөлөн УИХ-д сонгогдлоо. Дүүргийнхээ хөгжлийн гарцыг хэрхэн харж байна вэ?

30 гаруй жилийн өмнө би энэ дүүргээс хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Тэр үед Багануур маань Монгол Улсын хамгийн их анхаарал татсан төв байсан. Жинхэнэ бүтээн байгуулалт, өрнүүн их хөдөлмөр өрнөсөн цаг үе. Тэр үеэс хойш Багануур дүүрэг маань Монгол Улсын нийслэлийн хувьд ач холбогдлоо алдаагүй, хамгийн чухал үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг явуулсаар ирсэн. Саяхан Багануур маань хот болон хөгжих эрх зүйн үндэс сууриа тавьлаа.

Хөгжлийн шинэ гараа, шинэ үеийн тухай бодох зайлшгүй цаг үе бидний өмнө ирж байна шүү дээ. Үүнээс гадна Орос, Монгол, Хятад гэсэн эдийн засгийн том коридорын асуудал яригдаж байна. Мөн Монгол Улсад бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хэрэгжих шатандаа явж байна. Монгол Улс их бүтээн байгуулалтын төслүүдээ хэрэгжүүлэх том үе шат руугаа орлоо. Энэ бүх хөгжлөөс Багануур хоцорч болохгүй, хамгийн эхний эгнээнд урагшлах ёстой. Тийм ч учраас хөгжлийнхөө шинэ гарааг эхлэх асуудал дээр ажил хариуцсан хүмүүстэй бүтээлч яриа явуулж, олон сайхан санаанууд гарч байна. Цаашид хийх ажлын дүр зургууд ч тодорч байна.

-Багануур дүүрэг Нийслэлийн галыг манаж 30 гаруй жилийн түүхээ бүтээсэн. Одоо өөр ямар хөгжлийн боломжууд байна хэмээн та харж байна вэ?

Багануур маань Нийслэлийн төдийгүй Монгол Улсын хөгжлийн загвар хот болох боломж байна. Газар өмчлөлийн асуудал дээр ярья л даа. Монгол Улсдаа анх удаа иргэд нь 100 хувь газраа өмчилсөн дүүрэг болно. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэдийнх нь бараг 35 хувь нь газартай болчихлоо. Энэ жилдээ багтаад 60 хувьд хүрэх төлөв байна. Ирэх 2016 онд энэ үзүүлэлтийг 100 хувь болгохын төлөө ажиллана.

Газар өмчлөлд хамрагдсан байдлаараа улс, хотдоо жишиг болж байна. Газар өмчилнө гэхээр зүгээр нэг гэрчилгээ авахдаа гол нь биш. Газраа өмчилж, өмчтэй болсны дараа иргэн бүр, өрх бүрт цоо шинэ амьдралын өрнөл бий болох тодорхой шийдлүүд хэрэгтэй. Үүн дээр бид анхаарал тавьж ажиллана. Иргэд нь газартай, өмчтэй, чинээлэг ийм сайхан хотод том хөгжлүүд ирнэ. Дэд бүтцийн хувьд ч, аж үйлдвэрийн хөгжлийн хувьд ч тэр.

-УИХ-ын гишүүнийхээ хувьд дүүрэгтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байна. Асуудлуудыг хамтран шийдэх тал дээр ямар байна вэ?

Дүүргийн байгууллага аж ахуйн нэгжүүд болон Засаг даргын зүгээс төсөв санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой санал хүсэлтүүдээ ирүүлдэг. Шаардлагатай төвшинд нь шийдүүлэхийн төлөө ажиллаж байна. Шийдээд явж байгаа зүйлүүд ч бий, хүндрэлтэй асуудлууд ч багагүй байгаа. Төсвийн тодотгол хэлэлцэхэд бэлтгэх, дэмжих, танилцуулах асуудлууд ч байна. Эдийн засгийн хүндрэл бэрхшээл байгаа ч шантарч хойш сууж болохгүй. Өнөөдөр байгууллага аж ахуйн нэгжүүдийн дарга нартай уулзах үед төсөвтэй холбоотой олон асуудлыг хөндөж байна.

Эдгээр асуудлыг ч ач холбогдлоор нь эрэмбэлэн энэ жил гарцаагүй шийдвэрлэх ёстойг нь шийдэхийн төлөө дүүрэгтэйгээ хамтарч ажиллана. Наад зах нь концесс нь зарлагдсан бага сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарна. Концесс нь бүтэхгүй бол хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр гарцыг олох хэрэгтэй. Эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, эмийн өрийг цэгцлэх, Мэрэгжлийн хяналтын хэлтсийн байрны асуудлыг шийдвэрлэх, ахмадын амралтыг засч сэлбэх гээд чухал асуудлуудыг эрэмбэлээд эрчимтэй ажиллана.

-УИХ, Засгийн газрын хэмжээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асуудал ид яригдаж байна. Эдгээр асуудлуудтай Багануурын хөгжлийг хэрхэн уях вэ? Бид хоцорчих гээд байх шиг...

Ойрын үед чухал чухал хуулиуд УИХ дээр хэлэлцэгдэж, нийслэл дээр ч томоохон асуудлууд шийдэгдэж байна. Үндсэн хуулиас эхлээд засаг захиргаа, төрийн зохион байгуулалт, нам улстөр сонгуультай холбоотой, Нийслэлийн хөгжил, дэд бүтэц, эдийн засгийн хөгжилд шинэ гарц бий болгох гээд олон асуудлууд хөндөгдөж байна. Багануурын өмнө өнөөдөр ийм асуудал тулгамдаж байна гээд ярьж байгаа зүйлүүдийг шийдвэрлэнэ. Энэ бол бидний хийх ёстой өдөр тутмын ажил.

Харин энэ бүхний цаана Монгол Улсаа, нийслэлээ, Багануур хотоо жинхэнэ хот шиг хөгжүүлэхийн төлөө, том хөгжлийг авчирахын төлөө тархиа ажиллуулан багаараа ажиллах ёстой. Шинэ Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж, томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгай яам байгуулаад хөдөллөө. Хоёр хөрштэйгөө хамтраад бүс нутгийн томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Энэ үед Багануур хаана байх юм бэ? Улс нийслэлд оруулж байгаа хувь нэмэр, ач холбогдол буураагүй ч хөгжлийн шинэ алхмаас хоцрох гээд байна. Улаанбаатар хотын хувьд илч дулаанаа өгдөг гол эх үүсвэр нь хэвээр байгаа ч үүнээс илүү хөгжил рүү тэмүүлэх учиртай.

Яагаад гэхээр одоо дүүрэгт амьдарч байгаа 30,000 иргэн, цаашид 100-200 мянган хүнтэй хот болоход тулгамдсан асуудлаа шийдэх бодлогоо тодорхойлсон байх ёстой. Газар нутгаа яаж тэлэх вэ? Улсынхаа хөгжлийг хэрхэн тээж авч явах вэ? Багануур яаж эх орныхоо хөгжлийн тулгуур цэг нь байх юм бэ? гэсэн том бодлогоо хамтарч боловсруулах хэрэгтэй. Энэ асуудлын төлөө та бид хамтдаа толгойгоо ажиллуулъя. УИХ-д Ц.Оюунгэрэл, Д.Эрдэнбат би гээд 3 гишүүн Багануурыг төлөөлөөд сууж байна. Өмнөх Засгийн газарт 2 гишүүнтэй байсан бол энэ Засагт 1 гишүүнтэй байна. Бидэнд бололцоо их байна.

-2012 оны сонгуулиас хойш юу хийж амжуулав?

Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд Ц.Оюунгэрэл бид 2 Засгийн газрын гишүүн байсан учраас тойрогтоо байнга ажиллаад байх боломж хомс байлаа. Гэхдээ үүний цаана бидэнд өмнөө тавьсан том зорилтууд байсан. Эдгээр зорилтуудын дунд тойргийн маань 3 дүүргийн хөгжлийн гарцыг тодорхойлох асуудал ч багтаж байсан. Эхний ээлжинд бид Хан-Уулаа хөдөлгөж чадсан. Сүүлийн 2 жилд бүх аймаг, дүүрэгтэй харьцуулахад Хан-Уул дүүрэг хамгийн их буюу 350 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан дүн мэдээ байна. Үүнээс 136 тэрбумын зам тавигдсан. Өмнөх 40 жилд баригдаагүй зам сүүлийн 2 жилд тавигдсан. Ингэж хийж болдог. Хан-Уул дүүрэг төвийн 6 дүүрэг дотроо Нийслэлийн хөгжлийг тодорхойлох хэмжээнд явж байна. Гар нийлээд ажиллахад болохгүй зүйл байдаггүйг өнгөрсөн хоёр жилийн туршлага харуулж байна. Хан-Уул дүүргийн бүх шатанд бид гар нийлж нэг баг болж ажилласан.

Одоо Багануур дүүргийнхээ, та бүхний ярьж байгаа асуудлуудыг шийднэ. Нийслэлийн хэмжээнд сургууль цэцэрлэгийнхээ асуудлыг шийдсэн анхны дүүрэг нь Багануур болж байгаа бол Хан-уул төвийн 6 дүүргээсээ анхдагч нь болно. Энэ жил Хан-Уулд 16 сургууль цэцэрлэг шинээр баригдахаар төсөв мөнгө, бүх зүйл нь шийдвэрлэгдсэн. Багануур дүүрэгт тулгамдаж байгаа ахмадын амралт сувилал, бага сургууль цэцэрлэгийн комплексийн асуудлыг шийдэхэд 300-400 тэрбум төгргөг биш 30 тэрбум төгрөг хэрэгтэй. Тийм учраас 2015, 2016 онд шийдвэрлэчих бүрэн боломжтой. Засгийн газрын гишүүний хувиар хийсэн зүйлүүд олон. Энд дурдаад нуршаад байх нь илүүц бизээ. Хамгийн гол нь тойрогтоо юу хийв гэдгээс онцолъё.

-Багануурт ТЭЦ-6 баригдана, оюутны хотхон буюу Багануурын шинжлэх ухааны цогцолборын ажил ч эрчимжинэ, нийслэлийн дагуул хот болно гээд олон сайхан мэдээнүүд байна. Яг энэ үед дүүрэгтээ ажиллаж байна шүү дээ...

Багануурт хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд амь нэгтэй, нэг баг болж ажиллах л чухал гэдгийг би онцлон хэлмээр байна. Засгийн газарт төлөөлөл байгаа, Нийслэлд ч дэмжлэг байгаа учраас өнөө маргаашийн асуудлыг шийдэх бүрэн боломж бидэнд байна. Түүнээс гадна цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэх, эрчимжүүлэх,  дэд бүтцийн том төслүүдийг Багануураар дайруулахад ямар бололцоо байгааг хамтдаа хэлэлцэж шийдье гэсэн зорилготойгоор өнөөдөр Багануурт ажиллалаа. Багануур бие даасан хот болох эхний алхмаа хийлээ. Гэхдээ үүний цаана бодох, шийдэх асуудал ч байгаа.

Алслагдсан дүүрэг хээр хаягдаад, хөгжлийн гадна үлдчих вий... Хот нэр аваад татаас ч үгүй, орлого ч үгүй, бизнесийн хөгжил ч үгүй, ирээдүйгүй болчих вий... Эргээд хадаг бариад нийслэлээсээ гуйх хэрэг гарах вий... Ийм байдалтай байж болохгүй. Хүн хүч, нөөц бэлэн байхад Монгол Улсын томоохон төслүүдийн үр шимийг хүртэж, хөл нийлүүлэх л ёстой. Бидний өмнөөс хэн ч хийхгүй учраас өөрсдөө санаачлагатай байх ёстой. Хот нэр авахдаа чухал биш хөгжлийн том төв болох нь чухал. Хөгжлийн төлөө энд ажил хөдөлмөр буцалж байх, зөв шийдлээр хөдлөх ёстой. Тийм учраас жирийн иргэнээсээ эхлээд хороо, дүүрэг, УИХ-д төлөөлж байгаа би, бид, Засгийн газрын гишүүнтэйгээ гар нийлэн ажиллах шаардлагатай байна.