Г.Баасан: Өнөөгийн нийгэм ахмадуудыг хүний тооноос хасчихаад байна
Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан
2015.05.01

Г.Баасан: Өнөөгийн нийгэм ахмадуудыг хүний тооноос хасчихаад байна

Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай  ахмадын тэтгэвэр тойрсон асуудлаар ярилцлаа.

-Тэтгэврийн насыг нэмэх асуудал яригдаж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Тэтгэврийн насыг ярихаасаа өмнө тэтгэврийн тогтолцоог ярих хэрэгтэй. Яг өнөөдөр бол тэтгэврийн насыг нэмнэ гэж хэлээгүй. Харин яваандаа үе шаттайгаар нэмбэл яасан юм бэ гэдэг төсөл яригдаж байгаа юм. Яг өнөөдөр тэтгэврийн насыг нэмэх асуудал ярих нь буруу л даа. Өнөөдөр манайд ажлын байрны хүрэлцээ ямар байгаа билээ. Ийм нөхцөл байдалд байж тэтгэврийн насыг нэмнэ гэж ярих нь маш буруу зүйл юм. 

-Тэтгэврийн тогтолцоог өөрчлөх ёстой гэлээ үүнийгээ тодруулахгүй юу?

Тэтгэврийн гол үзүүлэлт нь нас мөн ч тогтолцоо хамгийн чухал л даа. Манай хуучин тогтолцоо ганцхан социалист нийгэмд тохирсон хуарангийн тогтолцоотой. Нийтээр нь  ижил хэмжээний тэтгэвэр тогтоох жишээний. Гэтэл гадаад улсад шал өөр тогтолцоо үйлчилдэг. Тэр хүн хэдий хэр хэмжээний мөнгийг тэтгэвэрт гарах хүртлээ хуримтлуулсан байна.

Тэр нь хүүтэйгээ байж байдаг. Манайд бол уул уурхайн баялгаас орж ирэх орлогоос тодорхой хувь хэмжээг ахмадуудын тэтгэвэрт зориулаад хадгалах боломж байгаа. Гэвч тэгж чадахгүй байна. Тэтгэвэр гэдэг бол төрөөс өгөөд байгаа мөнгө биш юм. Ахмадууд улсад төлсөн мөнгөө эргүүлж авч байгаа л хэрэг. Энэ бүхнийг эхнээс нь өөрчлөх хэрэгтэй. 

-Одоохондоо нас нэмэх асуудлыг судалж байна гэсэн. Үнэхээр нэмэхээр болбол яах вэ?

Тэтгэврийн насыг нэмэх үү үгүй юу? Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх үү гэдгийг бүх ард түмнээр хэлэлцүүлэх ёстой. Энэ  зөвхөн өнөөдрийн ахмадуудын тэтгэврийн асуудал биш. Маргааш тэтгэвэрт гарах, 20-30 жилийн дараа тэтгэвэрт гарах залуусын асуудал байхгүй юу. Тэгэхээр маш өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж ард түмний саналыг сонсох нь зүйтэй. 

-Тэтгэврийн насыг нэмэх  асуудлыг ахмадууд хэрхэн хүлээж авсан бэ?

Сая хэд хоног энэ асуудал нэлээд яригдлаа. Манай ахмадууд маш хүндээр хүлээж авч бидэнд хандлаа. Энэ хэд хоногт манай утас маш завгүй дуудлагатай байлаа. Одоо хоёрхон жилийн дараа тэтгэвэрт гарах гэж байгаа хүн ч ярилаа, дөрвөн хүүхэд гаргаад 50 хүрээд хоёрхон сарын дараа тэтгэвэрт гарах гэж байгаа хүн ч байна. Тэд бараг амиа хорлох нь наагуур юм болж байна л даа. Тэгэхээр өнөөгийн нийгэм ийм л байдалтай байна. 

-Тэтгэврийн зээлийн асуудал ахмадуудад нэлээд хүнд  тусаж байна. Хүү нь өндөр байна гээд жагсаал хүртэл зохион байгууллаа шүү дээ?

Тэтгэврийн зээлийн асуудлаар ахмадууд манайд маш их ханддаг. Энэ асуудлыг анх гурван жилийн өмнө манай байгууллага гаргаж тавьсан юм. Энэ хугацаанд бид тэтгэврийн зээлийг нэлээд судалсан. Банкнуудын хүүг ч мөн судалсан. Ахмадууд яагаад зээлд хамрагдах болов гэдгийг судлаад сургалт зохион байгуулсан. Энэ үеэр ахмадууд юуг хүсэж байсан бэ гэхээр тэтгэврийн зээлийг авуулахгүй байхын тулд гэр бүлийг нь ажилтай, орлоготой болгож өгөөч гэх саналыг л хэлж байсан.

Түүнчлэн зээл авсан тохиолдолд хүү битгий аваач гэдэг санал гаргаж байсан. Бид ч мөн энэ асуудлыг тавьж байгаа. Яагаад гэхээр ахмадын тэтгэвэр гэдэг бол тэдний хуримтлал шүү дээ. Гэтэл өөрийнхөө хуримтлалыг авахдаа хүү төлнө гэдэг байж боломгүй зүйл. Энд нэг л гажуудал бий. Юу гэхээр Тэтгэврийн даатгалын санд тэдний хуримтлуулсан мөнгө байхгүй.

Тэр мөнгийг аль хэдийн аваад, улсын төсөвт төвлөрүүлээд дуусгачихсан. Тэгэхээр одоо тэрийгээ нөхөхийн тулд залуучуудын төлж байгаа шимтгэл,  банкинд мөнгөө хадгалуулж байгаа хүмүүсийн мөнгөнөөс өгч байгаа юм. Тэгэхээр үүнийг л засах хэрэгтэй. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр Төрийн даатгалын сан гэж байгаа тэр нь ахмадуудын тэтгэврийг дааж аваач ээ л гэж хэлмээр байна. Мөн бүх банкуудад тэтгэвэр тавих эрхийг нь өгөөч ээ гэж хүсэж байна. Монополь хэдэн банкинд тэтгэвэр тавих эрхийг нь олгочихоор өнөө хэд нь маш өндөр хүүг ахмадуудаас аваад сууж байна. 

-Тэтгэврийн өртэй байж байгаад нас барсан тохиолдолд ар гэр нь төлөх шаардлагатай болж байна энэ асуудлыг хэрхэх вэ?

Бидний ярьж байгаа бас нэг гол асуудал наадах чинь болоод байна. Тэтгэврийн өртэй байж байгаад нас барвал ар гэрийнхэн нь төлөх шаардлагатай болж байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Тэр хүн насаараа улсдаа хийх  зүйлээ хийчихээд тэтгэвэрт гараад ар гэртээ тус нэмэр болох гээд зээл аваад удалгүй нас барчихвал  ар гэр нь үүнийг нь төлж байгаа нь буруу л даа. Энэ бол тэр хүний улсдаа өгсөн хуримтлал нь байхгүйтэй л холбоотой. Тиймээс бид хэрэв тэтгэврийн өртэй хүн нас барвал өрийг нь тэглэх ёстой гэсэн санаа дэвшүүлж, тавиад байгаа. Ер нь ойрын хугацаанд шийдвэр гаргах түвшинд яригдах байх. 

-Та бүхний тавьж байгаа санал санаачилгууд үр дүнд хүрэх болов уу?

Мэдээж бид төр засагтаа хэлэх зүйлээ хэлэх болно. Бидний санал санаачилгыг хүлээж авах байх гэж найдаж байна.

-Тэтгэврийн дундаж хэмжээ хэд байдаг вэ?, Тэтгэврийн дээд доод хэмжээ ялгавартай байна гэх шүүмжлэл байнга гардаг. Үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

Өнөөдөр манай улсын цалингийн дундаж хэмжээ 700 гаран мянга байна. Тэгвэл тэтгэврийн дундаж хэмжээ цалингийн 70 хувьтай тэнцэж байх ёстой. Тэгэхээр 400 гаран мянга байж таарах нь дээ. Харин манайд тэтгэврийн дундаж хэмжээ 240 мянга байна. Тэгэхээр ахмадууд ядуурлын доод түвшинд  амьдарч байна. Ер нь манайхан тэтгэврийн дээд доод хэмжээ гэж ярих хэрэггүй байгаа юм.

-Ахмадуудын ахуй амьдрал ямар байна гэж та үзэж байна вэ? 

Ахмадууд маш хүнд нөхцөл байдалд амьдарч байна. Гэхдээ үүнээс өөрөөр амьдрах боломж байгаа. Монгол улс бол НҮБ-ын гишүүн орон. Тэгвэл НҮБ-ын гишүүн орны ахмадуудад баталгаатай эдлэх ёстой таван эрх бий.  Нэгдүгээрт: Нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, хоёрдугаарт халамж үйлчилгээ авах эрх байна, гуравдугаарт алдагдсан нэр төрөө сэргээх эрх байна, дөрөвдүгээрт хүндлүүлэх эрх байна.

Энэ таван эрхийг хангасан Ахмад настануудад зориулсан тэдний эрхийг хамгаалсан хууль батлуулах шаардлагатай байна. Өнөөдөр манай нийгмийн тогтолцоо ахмадуудыг хүний тооноос хасчихсан, тэднийг маш ихээр гадуурхаж байна. Уг нь тэд чинь хийдгээ хийсэн улс шүү дээ. 

Ярилцсанд баярлалаа