Ажлын байранд амиа алдвал 36 сартай тэнцэх цалинг нь олгоно
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, А.Бакей, С.Дэмбэрэл, Н.Номтойбаяр нар асуулт асууж хариулт авав.
Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей асуултдаа, барилгын салбар дээр хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаар хүний амь нас хохирох асуудал гарсаар байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад хөрөнгө зарцуулдаг байх.
Харин нэгэнт осол гарсны дараах хохирлыг тухайн байгууллагаас хэрхэн барагдуулдаг талаар тодруулав. Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хариултдаа, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас амь насаа алдсан, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд хоёр чиглэлээр нөхөн төлбөр олгоно.
Нэгдүгээрт, Үйлдвэрлэлийн ослоос амь насаа алдсан бол 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс доошгүй удаа олгоно гэсэн одоогийн хуулийн зохицуулалт бий. Хоёрдугаарт, Нэмэлт даатгалын хэлбэрээр хуулийн төсөлд оруулж ирсэн.
Эрсдлийн түвшин ихтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалыг ажил олгогч нь заавал даатгуулахгүйгээр эрсдлийн түвшин ихтэй ажлын байранд ажиллаж байгаад амь насаа алдвал хамгийн бага нь 36 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний даатгалыг арилжааны даатгалаас авдаг байхаар хуулийн төсөлд оруулж ирсэн.
Энэ нь ажилтны ар гэрийн нийгмийн тогтолцоог сайжруулахтай холбоотойгоор оруулж ирж байгаа цоо шинэ төрөл юм. Ажлын байран дээр осолд өртсөн иргэд тодорхой хэмжээгээр ажил олгогчид ханддаг. Барилгын салбарын гаднах талбайд осол гарвал ажил олгогч хариуцлага хүлээхгүй байгаа.
Тиймээс үйлдвэрлэлийн орчин, гаднах талбайд осол гарвал ажил олгогч хариуцдаг байхаар хуулийн төсөлд тусгаж өгсөн гэсэн хариултыг өглөө. Мөн хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Дэмбэрэл нар зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.