Бие даагчид Ерөнхий сайдад асуулга тавина
УИХ дахь Бие даагчдын бүлэг
2015.04.27

Бие даагчид Ерөнхий сайдад асуулга тавина

УИХ дахь Бие даагчдын бүлэг Оюутолгойн асуудлаар Ерөнхий  сайд Ч.Сайханбилэгт асуулга хүргүүлэхээр болжээ.

Тухайлбал, Оюутолгой төслийн борлуулалтын орлогыг монголоор дамжуулах асуудал юу болсон бэ, УИХ-ын 57 дугаар тогтоолын биелэлтийг хангах асуудал ямар шатанд явна гэх зэрэг асуудлыг тавих юм байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хэрвээ бид эхний хөрөнгө оруулалтын гэрээнийхаа алдаануудыг засч, сайжруулж чадахгүй юм бол хоёр дахь шатны дөрвөн тэрбум долларын өрөнд орох ямар шаардлага байгаа юм бэ.  Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 19,8 тэрбум ам.доллар байгаа.

 Үүний 30 хувь нь Оюутолгойн өр. Тэгэхээр бид Оюутолгойн асуудлаа шийдэж байж дараагийн алхамаа хийх ёстой. Оюутолгойн төсөл явах ёстой.  Гэхдээ харилцан үр ашигтай байх ёстой шүү дээ. Түүнээс 100 төгрөгнөөс 5 төгрөгийг нь авч үлдэх төсөл байгаасай гэж хэнч бодохгүй. Тиймээс эхнийхээ хөрөнгө оруулалтад гаргасан алдаагаа засч байж дараагийн алхамаа хийе гэдгийг Ерөнхий сайдад хандаж тавина.

Бид Оюутолгойн алдааг давтаж болохгүй. Тиймээс бид хариуцлагатай уул уурхайн талаар байнга ярьж байх хэрэгтэй. Засгийн газраас УИХ нь байнга шаардаж мэдээлэл авах ёстой” гэлээ.  Тиймээс Ерөнхий сайдаас 14 хоногийн дотор УИХ-д мэдээлэл хийх шаардлагыг тавих юм байна.  Хэрвээ ноцтой зүйл гарч ирвэл хариуцлага тооцож эхлэнэ гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.