Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн Зун цагийн нээлт...
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр хөл ихтэй байна. Тус хүрээлэн эрүүл амьдралыг эрхэмлэгч иргэдийнхээ чөлөөт цагт зориулан энэ хаврынхаа анхны үйл ажиллагааны нээлтийг хийв.
“Зүрхний Улаанбаатар” сэдэвт өдөрлөгийн үеэр хүүхэд залуучуудад зориулсан спортын сонирхолтой тэмцээнүүд болж, цэцгийн үзэсгэлэн худалдаа, бүжгийн тэмцээн, үнэгүй иогийн хичээл гээд сонирхолтой хөтөлбөрт иргэд өргөнөөр оролцож байна. Мөн өмнөх жилээс зааж эхэлсэн заавал сурах цэнгээнт 10 бүжгийн сургалт ч энд үргэлжлэх аж.
Тус хүрээлэнд ирэх 10 дугаар сард залуу эрдэмтэн, судлаачдад зориулсан “Эко танхим” нээж байгаль, экологийн чиглэлээр хийсэн сүүлийн үеийн судалгааны ном, товхимлоор номын сан байгуулна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Эртэч Монгол” эрүүл амьдралын хөтөлбөрөө ч амралтын өдрүүдэд тогтмолжуулна. Мөн энд удахгүй Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн баярын арга хэмжээг тэмдэглэхээр зэхэж байна.