Монголын анхны Улс төрийн тоймч гишүүн
УИХ-д сэтгүүлч мэргэжилтэй гишүүн цөөнгүй бий. Тэдний нэг нь Ө.Энхтүвшин.
Энэ эрхэм төрийн төв хэвлэл "Ардын эрх" сонины парламентын анхны тоймчоор томилогдож байжээ. Төрийн ордонд байрладаг энэ сонины улс төрийн тоймч байна гэдэг маш хариуцлагатай ажил. Алдаа мадаг гаргах, хэн нэг гишүүний үгийг дутуу оруулчихсан байвал нөгөөдүүл нь гүйж орж ирээд эрхлэгчид нь "алтан хошуу" өргөнө.
Түүний эсрэг байр сууриа хамгаалж, бичсэнээ баталж чадахгүй бол цалингийн 30 хувиар торгуулдаг байжээ. Түүнд ингэж торгуулсан тохиолдол бишгүй бий гэнэ лээ. Парламентын сэтгүүлчдэд зориулан УИХ-ын Тамгын газраас зохион байгуулсан сургалтын үеэр эрхэм гишүүн өөрийн биеэр зочилж, туршлагаасаа хуваалцсан юм. Тэрбээр "Тэр үед бүх юм өөр байсан. Би УБХ дээр 16.00 цаг хүртэл суудаг. Дараа нь цагийн дотор сурвалжлагаа бичнэ. Материалаа өгсний дараа үргэлжлүүлээд л чуулганаа сурвалжилдаг байлаа.
УБХ-ын анхны парламент 53 гишүүнтэй. Тэр үед Байнгын хорооны ач холбогдол, үүрэг бага, УБХ нь өдөр бүр хуралддаг байсан. Хэлэлцэх асуудлыг нарийн төлөвлөдөггүй, хэн нэг гишүүн санал болгоод л "задгай" ярьчихна. С.Зориг агсан гадаад руу их явдаг учраас одоогийн зохион байгуулалт, хэлбэрийг судалж, нэвтрүүлсэн юм. Одоогийнхоос дэвшилт юм ч их байсан.
Сайдад нэр дэвшигч асуултад хариулж чадахгүй бол унагаж орхино" хэмээн дурсав. Бас төрийн төв хэвлэл учраас хуралдааны уур амьсгалыг гаргаж болохгүй, зөвхөн албаны хэсгийг нь дамжуулах ёстой байсан бол өнөөдөр эсрэгээр болсныг хэлсэн юм. Мөн анхны улс төрийн тоймч хийж, улс төрд хутгалдсан нь цаашид энэ ертөнцөд орох эхлэл болж өгснийг дурсана лээ.