Д.Тэрбишдагва: Нам өмчгүй ч байж болно
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2015.04.20

Д.Тэрбишдагва: Нам өмчгүй ч байж болно

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-даа урилаа. Түүнтэй Тавантолгой болоод Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн талаарх байр суурийг сонирхлоо.

-Тавантолгой төслийг Засгийн газрын пүрэв гарагийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон ч өнөөдрийг хүртэл чимээгүй байна. Бэлэн болсон төслийгөнөөдрийг хүртэл УИХ-д оруулж ирэхгүй байгаа нь хардлага төрүүлэх юм?

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал олон жил яригдаж байна. Уг нь энэ төслийг урагшлуулмаар байгаа юм.Монгол Улс хууль, дүрмээ л  чанд мөрдөн хэрэгжүүлэх ёстой. УИХ-аас Тавантолгойн талаар 39, 40 дүгээр тогтоолыг гаргасан байдаг. Гэвч дээрх тогтоолуудыг үл тоож, парламентаар хэлэлцүүлэхгүй  Засгийн газар дангаараа асуудлыг шийдэх гээд байгаа нь хардлага төрүүлж байгаа юм.

-Хэдийнэ гарын үсэг зурахад бэлэн болсон гэрээ шүү дээ. Тийм байтал гишүүдэд харуулахгүй байгаа нь ямар нэгэн шалтгаантай юм шиг?

-Хардах эрх хэнд ч бий. Ерөнхий сайд болон ажлын хэсгийг ахалж байгаа Монгол Улсын сайд нар гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон, парламентаар  14 хоногийн хугацаанд багтаан хэлэлцэж өгөхийг хүсч байна гэж мэдэгдээд байсан. Гэтэл тэгж их яараад байсан атлаа УИХ-д одоог болтол өргөн бариагүй байна. Хэрэв хууль, тогтоолын дагуу  гэрээгээ чамбай хийгээд оруулаад ирсэн бол долоон хоногийн хугацаанд ч хэлэлцээд, хууль зөрчсөн асуудал бий эсэхэд нь хяналт тавиад  батлах боломж байсан, парламентад.

-Тавантолгойг хаврын чуулганаар хэлэлцэхээр болсонтой холбоотой гишүүдэд гэрээний төслийг тараасан. Өмнө нь тараасан хоёр хувилбарын тухайд өөрчлөлт хэр гарсан байна. Засч залруулах заалт бий юу?

Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагч талтай Монгол Улсын Засгийн газар гэрээ байгуулахаар тохирсон.Төслийн эхнийх хувилбарын танилцуулгыг үзэхээр 49 хувийг “Шинхуа”, 51 хувь нь Монголынх гэсэн заалт бий. Гэвч  51 хувь нь оногдох Монголын талын компани нь үнэхээр “Үндэсний компани” мөн эсэхийг нягтлах хэрэгтэй. Мөн төмөр зам болоод хувьцааны асуудал, УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан тогтоол, шийдвэрүүдийг зөрчсөн эсэхэд хяналт тавих шаардлагатай гэж үзэж байгаа. 

-Гэрээний заалтад засч залруулах олон зүйл байгааг гишүүд хэлээд буй. Та ч гэсэн Компанийн тухай хууль, иргэдэд ногдох хувьцааны асуудлыг тодорхой тусгах хэрэгтэйг тодотгосон. Тэгэхээр нэлээд ажиллагаа шаардлагатай бололтой. Улам л хугацаа хойшлох шинжтэй тийм үү?

Ерөнхий  сайд Тавантолгойн төсөлд гарын үзсэг зурахад бэлэн боллоо, хоёр толгойн хавхыг нээлээ гэж мэдэгдээд 14 хоног өнгөрчихлөө. Ингэж хугацаа алдаад байгаа нь УИХ-тай холбоотой биш. Өөрсдөө л гэрээний төслөө өргөн барихгүй, удаагаад байна шүү дээ. УИХ-ын дарга З.Энхболд л эсэргүүцээд зогсоочихсон мэт ташаа мэдээлэл их түгээж байна. Үнэндээ Ерөнхий сайдыг ард түмэндээ хандаж үг хэлэхээс өмнө УИХ-ын дарга З.Энхболд,   УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, дэд дарга М.Энхболд, дэд дарга Л.Цог нар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай, ийм ийм асуудлыг нягтлах тухай тусгасан албан  бичгийг илгээсэн байдаг. Тэгэхээр парламентад бүлэгтэй МАХН, МАН, АН анхнаасаа л хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн зарчмын байр суурьтай, санал нэгдсэн байсан гэсэн үг.

Тавантолгойнтендерт шалгарсан Хятадын төрийн өмчит “Шинхуа”-тай Монголын “Энержи Ресурс”-тэй ММС хамтарсан компани байгуулчихаж. Тэгэхээр Монголын талын 51 хувийг эзэмших компани манай улсынх мөн эсэх нь эргэлзээ төрүүлэх юм?

Тэгсэн. Гэхдээ төсөл өргөн бариагүй учраас одоогоор ямар байдлаар оруулж ирэхийг мэдэхгүй юм. Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4." дотоодын хөрөнгө оруулагч" гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдхувьхүнМонгол Улсын иргэн,Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн)-ийг хэлнэ гэж заасан. Түүнээс биш ямар нэг офшор бүсэд харьяалагдаж, гадаадад бүртгэлтэй компанийг хэлэхгүй. “ММС” гэдэг компани Монголд бүртгэлгүй, Хонконгид бүртгэлтэй, хувьцаа гаргасан компани  гэж ойлгож байгаа. Тэгэхээр Монголын компани мөн үү. Гэвч одоогийн орж ирж буй төсөлд компанийн нэр өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Ганц жишээ хэлэхэд, Капла гэж нөхрийн талаар шуугилаа. “Саусгобисэндс” компани буруу зүйл хийсэн тул Монгол Улсын хуулийн дагуу, шүүх байгууллагаар шүүсэн. Аливаа асуудал гарахад Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой.

-УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханыг халз мэтгэлцээнд дуудсан..?

Хэн нь буруу, зөв ярьж байгааг ард түмэн шүүг л дээ.

-Оюутолгойн гэрээг муу болсон гэж шүүмжилдэг хүн бол та. Тэгвэл Тавантолгой Оюутолгойн араас орохгүй гэх баталгаа байна уу?

Тавантолгойн гэрээг Оюутолгойгоос хэрхэвч дордуулж болохгүй. Анхнаасаа чамбай гэрээ байгуулахын төлөө шударга ажиллах хэрэгтэй.Намайг Шадар сайдаар ажиллаж байхад ажлын хэсэг гарч Оюутолгой төслийн  санхүүд шалгалт  хийхэд хоёр тэрбум ам.долларын зөрчил илэрсэн юм.

Яагаад ийм их хэмжээний зөрчил гарах болов, хөрөнгө оруулалтын зардлыг өсгөснийг дуугүй  хүлээн зөвшөөрөх юмуу гээд тодруулах, ярилцах, зөвшилцөх асуудал бий. Тавантолгойн гэрээг  яаравчлан батлах далбаан  дор Оюутолгойд үүсээд байгаа маргаантай асуудлыг шийдэлгүй, найр тавиад өнгөрөөж боломгүй л байна.

-Мега төслийг Монголд ашигтай эргүүлж чадах хүн гэж М.Энхсайханыг УИХ-д суудалтай улс төрийн намууд үзэж, улмаар итгэл хүлээлгэж, Монгол Улсын сайд гэх шинэ нэр томьёо гаргаж ирсэн. Гэтэл 51 хувийг эзэмшигч нь Монгол мөн эсэхээс эхлээд Тавантолгойн гэрээ Монголд ашигтай гэхэд эргэлзэж байна. Ер нь М.Энхсайхан гэж хүнийг энэ албан тушаалд томилсон нь хэр нүдээ олсон шийдвэр юм бол, таны бодлоор?

Одоо их амар болсон шүү дээ. Хариуцлагаас бултахын тулд Ерөнхий сайдаар ахлуулсан зөвлөл, эсвэл сүртэй нэр албан тушаал гаргаж ирээд мега төслийн сайд ч гээд тавьчихдаг. Би энэ Засгийн газрын аль нэг салбар хариуцдаггүй Монгол Улсын сайд гэсэн  албан тушаалыг угаасаа ойлгодоггүй. Дэлхий нийтэд уул уурхайн төслийг Уул уурхайн сайд л хариуцдаг биз дээ. Гэтэл манайд  уул уурхайн төсөл дээр Уул уурхайн сайд юуг нь хариуцах юм. Ойлгомжгүй. Салбар салбарыг хариуцсан мэргэжилтнүүд ч энэ асуудалдаа давамгайлан оролцож байх нь чухал.

Жишээ нь,“Эрдэнэс Тавантолгой” гэсэн төрийн өмчийн компани нь юу хийх  болж байна. Ийм замбараагүй байж болохгүй л дээ. Дэлхий нийтэд Монгол Улсын мега төслийг төлөөлж ярих хүн нь Ерөнхий сайд. Асуудлыг дэвшүүлж гаргаж ирэх, гэрээний төсөл боловсруулах, хэлэлцээр хийх гээд  жин панг нь тааруулах хүн нь салбар хариуцсан сайдууд. Эрдэнэтийг байгуулахад тусгай мега төслийн сайд гэж байгаагүй биз дээ.

-М.Энхсайхан ямар ч туршлагагүй гэж үү?

М.Энхсайхан хэдэн жил Тавантолгойн талаар  судалгаа хийсэн юм бэ. Өмнө нь Тавантолгойн төсөл  дээр ажиллаж байсан уу,  уул уурхайн мэргэжилтэй хүн мөн үү, энэ салбарыг толгойлж байсан туршлага түүнд бий юу. Гэтэл бүгдийг мэдэгч дүр эсгээд, хууль зөрчсөн гэрээгээ явуулах гэж улайраад байх хэрэггүй л дээ.

-Улс төрийн намын тухай санхүүжилтийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хуулийн тухай хэлэлцэх сургаар улс төрийн намуудын өмчийг хураах асуудал яригддаг. Ер нь нам өмчтэй байх хэрэг байна уу?

Улс төрийн нам олигархи, бэл бэнчин ихтэй цөөн  хүмүүсээс хамааралтай байдгийг өөрчлөх хэрэгтэй. Зах зээлийн нийгэмд шилжих үед Монгол Улсын 70 гаруй жил бүтээн байгуулсан улсын өмчийг үнэгүйдүүлэн авч  баяжсан нөхдүүд  төрд шургалаад нөлөөллөө тогтоогоод байгааг олон түмэн хэлээд байна.

Мөн лиценз авч зарж, газар нутгаа харийнханд арилжаад хөлжиж байгаа цөөнгүй улстөрчид  ч намаар дамжин эрх мэдлийн цулбуураас лавшруулан атгаж байгааг түмэн олон шүүмжилж байна. Тиймээс  Улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намын санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох цаг нь болсон.

-Олигархиудаасаа нам хамааралгүй амьдарна гэдэг үлгэр юм биш үү?

Хандивлагчид, олигархиудын санхүүжилтгүй бол нам оршин тогтнохгүй юм шиг хандаж болохгүй. Намын рейтинг, УИХ дахь суудлынхаа тоогоор тодорхой хэмжээний төсвийг улсаас авч, мөн гишүүдийнхээ татвараар нам санхүүжээд явах бололцоотой. Хандив авах болбол олон нийтэд ил тод зарлан, хэн хэдэн төгрөг хандивласан ч нээлттэй байж л намын санхүүжилтэд хувьсал хийж чадна шүү дээ.

Намын хатуу гишүүнчлэлийг өөрчилж,  орон тоог хумиж, намын аппаратын зардлыг багасгамаар байгаа юм. Гуравхан сая хүн амтай манай улсад ийм олон улс төрийн нам байх шаардлагагүй. Үзэл бодол нэгтэй намууд нэгдэж, нягтрахаас эхлээд олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй. АН фракцгүй нам болохоо зарлаж байгааг хувьдаа дэмжиж байгаа. Одоо гагцхүү фракцгүй нам болж чадах уу, үгүй юү гэдгийг олон нийтэд  харуулах л үлдлээ. Бидэнд  Монголоо гэсэн ганцхан  л фракцын эрх ашиг байх ёстой биз дээ.  

-Улс төрийн намуудын өмчийг хурааж, түрээсийн байранд байлгах нь зүйтэй гэж үү?

Нам өмчтэй байх эсэхийг хуулийн төслийг хэлэлцэх үед ярилцаад шийдэж болно. Нам өмчгүй ч  байж болно. Бүгдээрээ өмч хөрөнгөгүйгээр сонгогчдоос авсан саналын тоогоор улсын төсвөөс санхүүжилтээ авч түрээсийн байранд байрлахад болохгүй гэх зүйлгүй.

-Намын хатуу гишүүнчлэлийг халах ёстой гэсэн үндсэн санаа юу?

Тийм.

-Намын нэрийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийг та хатуухан шүүмжилдэг. Гэтэл тэрхүү тойроггүй гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг Сонгуулийн тухай хуульд шигтгэхээр зарим гишүүн санал гаргаж эхэллээ. Мэдээж та дэмжихгүй байх. Гэвч ..?

Ард түмнээс сонгогдоогүй гишүүд сонгогчдынхоо саналыг сонсдоггүй. Тойрогт очиж ажилладаггүй. Би л намын жагсаалтаар сонгогдсон  гэсэн шиг агаарын, иргэдийн санаа бодлоос тэс өөр  юм ярьж хэлэх хандлага ажиглагдаж байна. Амьдрал албан тасалгааны цонхоор харахад сайхан харагдана.

Иргэдийнхээ  дунд гүнд нь орж үзээгүй учраас бодит байдлыг мэдрэхгүй байна.  Нөгөөтэйгүүр, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн 21.2-т “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалт бий.Гэтэл намын жагсаалтаар сонгогдох нь тулгуур хуулийн  энэ заалтыг зөрчсөн хэрэг.

-Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн тухай хуулийг батлалцсан хүмүүсийн нэг нь та. Тэгэхээр та ч гэсэн буруутай юм биш үү. Тухайн үед сонгуулийн уур амьсгал орсон байсан тул нэр дэвшихээ урьтал болгохоос биш тэрхүү заалт эцэг хуультай харшилдаж байгааг тэр бүр сөхөж тавиагүй?

Тухайн үед хүч түрэмгийлээд л Үндсэн хууль зөрчсөн одоогийн сонгуулийн хуулийг баталчихсан. Үүнийг шүүмжилж байсан хүний хувьд, 2012 оны сонгуулиар намын дарга болоод Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг тойрогт өрсөлдөхийг уриалсныг нэг нь ч дэмжээгүй, нэг нь тойрогт өрсөлдөөгүй.

-Намын дарга нараас тойрогт өрсөлдсөн нэг ч хүн байгаагүй байх шүү?

Бүгд намынхаа нэрсийн жагсаалтад дээгүүр бичигдэж нэг нь ч тойрогт нэр дэвшээгүй. Хуулиа зөрчсөн үйлдэл болгон сөрөг үр дагавар дагуулдаг. Намын нэрсийн жагсаалтад багтсан гишүүд ний нуугүй хэлэхэд намын даргын “утсан хүүхэлдэй”-гээс ялгагдахгүй болоод байна шүү дээ.

-Гэхдээ тойрогт нэр дэвшсэн ч мөнгө байвал гараад ирчихдэг болсон юм биш үү. Ер нь сонгууль утгаа алдчихсан гэхэд хилсдэхгүй байх?

Сонгогч танд өнөөдөр мөнгө, эд бараа тарааж, бүтэшгүй амлалт өгч,   луйвар хийж УИХ-д сонгогдсон хүн таны, улс орныхоо төлөө сэтгэл гаргаж ажиллах гэхээсээ илүүтэйгээр тараан цацсан мөнгөө хэрхэн нөхөж олох уу гэж  тархиа гашилгаж, буруу аргаар замнадаг гэдгийг ухаарах хэрэгтэй. Тэд луйвар хийж орж ирсэн шигээ төрд ч гэсэн энэ зарчмаар л ажилладаг.

Ард түмэн ухаантай, хэн хаашаа яваад юу хийгээд, хэлээд байгааг маш сайн тунгааж байгаа шүү, Монголын эгэл жирийн ардыг басах хэрэггүй. Энэ нөхөр ийм замаар парламентад  сонгогдсон, хууль санаачилав уу, идэвхтэй ямар үйл ажиллагаа явуулж байна, буруу бусармаг зүйлийг таслан зогсоов уу, эсвэл өөгшүүлж байна уу гэдгийг ялгаж байгаа. Нэг хууртаж болох ч олон удаа мэхлүүлэхгүй шүү дээ. Иймд 2016 оны сонгуулиар сонгогчид дүнгээ тавина.

-Тийм байтал гишүүдийн тоог 108 болгоно гэж яриад байна шүү дээ. Нөгөө чөтгөрийн тойрог томорсноор ажил урагшилж, үр дүн гарах уу?

76 гишүүний тоог нэмэх шаардлагагүй. Төрийн ажлыг ямбалж, янцаглаж хийдэггүй юм. Ард түмний төлөөлөл болсон бол хоёргүй сэтгэлээр  зүтгэх учиртай. Сая чуулганы завсарлагаанаар иргэдтэйгээ уулзаж явахад бухимдалтай байна, тэглээ гээд зугтаах шаардлагагүй. Харин ч сонсох нь маш чухал.. Хямруулчихсан улс одоо яахыг ард түмнээс сонс л доо, тэднээс үнэтэй  санал, санаачлагууд олон гарна.

Гишүүд ичих хэрэгтэй
-Хариуцлагын асуудал ярих цаг нь болсон. Гэхдээ бүр гишүүдийн ирцийн асуудлаас эхлээд хөндөх шаардлага тавигдах болж. Инээдтэй ч юм шиг, эсвэл эмгэнэл ч юм уу?

Дэгтэй Монгол дэлхийд манлайлна... Бид асуудалд хариуцлагатай, ажил хэрэгч байдлаар  ханддаг болохгүй бол найран дундаа назгайрах нь хавтгайрах шинжтэй. Нэгэнт сонгогчдын итгэлийг хүлээж элч нь  болсон бол хуралдаа цагтаа ирэх нь бүү хэл, илүү цагаар ажиллах ёстой. Харамсалтай нь ийм зүйл алга. Гишүүд асуудал дэвшүүлж, түүнээс болж  маргалдаж, хэрэлдэж болно.  Харин архи ууж, зодоон хийж, салаавч үзүүлж, тавьтиргүйтэж  болохгүй шүү дээ. Ямар сахилгагүй хүүхэд биш дээ. Бас хэлсэн , ярьсандаа хүрдэггүй хүмүүс ч байх юм.

Худлаа ярьдаг, хуйсганадаг хүнд би дургүй. Намын нэрийг солих үеэр  гишүүдийн 80 хувь нь шаардлагагүй гэхэд ийм алхам хийгээд, сонгуульд ялагдвал би   хар толгойроо хариуцна гээд том ам гараад  байсан. Толгойгоороо хариуцна гэчихээд хэлсэндээ хүрсэн нь хаа байна. Харин ч албан тушаал ахиж  байх жишээтэй. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Хар толгойгоороо хариуцна гэсэн хүн толгойгоо авчираад тавьчих” гэж хэлсэн байна билээ. Ам ажлын нэгдэл байх ёстой. Дүр эсгэсэн ардчилал гээч нь  жинхэнэ утгаараа цэцэглээд байна уу гэсэн бодол төрөх болсон.

-Та ер нь хэр цаг барьдаг вэ?

-Өглөө эрт ажилдаа ирж 09.00 гэхэд чуулганд ордог. Өөрийгөө герман маягаар цаг сайн барьдаг гэж боддог шүү.

-Гишүүдийн хоцролтын минутыг нь 100 мянган төгрөгөөр торгоод үр дүн гарах болов уу?

Торгууль энэ тэр хэрэггүй ээ. Ард түмнээсээ ичих хэрэгтэй шүү дээ. Цагтаа ирэхгүй байж том том ярина. Хоцорсон бол үг хэлэхээсээ ичдэг байх хэрэгтэй. Торгууль тавихын оронд үг хэлэхээ боль гэмээр байгаа юм. Торгууль бол ямар ч нөлөө үзүүлэхгүй, харин үг хэлэх эрхийг тодорхой хугацаагаар хасаад байх нь илүү үр дүнтэй ч  байж мэднэ.

С.Баярын үр хөврөл
-Сонгинохайрхан дүүргийн АН өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоорондоо хэрэлдэж, нэгнийгээ муулсанаас өөр ажил хийсэнгүй. Энэ дүүргийн иргэдийн амьдрал сайжрах нь битгий хэл магадгүй өмнөхөөсөө доройтсон байх. Сүүлдээ хоёр намын хороо нууц гэрээ байгуулсан асуудал хөндөгдлөө. Энэ дүүргээс сонгогдсон гишүүний хувьд бодож яваа юм бий байх?

2008 оны сонгуулийн дараа Үндсэн хууль зөрчиж “МАНАН”-гийн Засгийн газар байгуулагдсанаас хямралын эхлэл тавигдсан. Монгол Улсын Үндсэн хуульд олонхийн санал авсан эрх баригч нам нь төр барина, цөөн санал авч сөрөг хүчин болсон нь хяналтаа тавиад явна гэдгийг тов тодорхой заасан байдаг. Гэтэл Монгол Улсын тулгуур хуулийг уландаа гишгэж, иргэдийн сонголтыг үл тоож, хамтарсан Засгийн газар байгуулсан. Энэ үеэс мордохын газгай гээч зүйлүүд шил шилээ дараалаад өрнөлөө.

МАНАН-гийн үр хөврөл, үйл ажиллагаа нь орон нутгийн түвшинд ч үргэлжилсээр байгаа. Орон нутгийн сонгуулиар ч олонхи болсон нам нь хүртэл дангаараа эрх бариад явахын оронд шүүмжлэлгүй, сөрөг хүчингүй болохыг чухалчилдаг болжээ. Ганцхан жишээ татахад, Сонгиохайрхан дүүрэг засаглалын хямралд оржээ.

-Гэхдээ Сонгинохайрхан дүүргийн тухайд өмнөх дөрвөн жил ч асуудалтай л байсан. Өнөөдөр ч..?

Өмнөх дөрвөн жил Сонгинохайрхан дүүрэг бужигнаантай л байсан. Энэ дөрвөн жил ахиад бужигнаантай. Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга АН намын хорооны дарга нар нууц гэрээ байгуулсан байдаг. Нууц гэрээгээ “Энэ бол нууц бишээ. Ийм юм байдаг л даа” гээд юу ч болоогүй юм шиг ярьж байхыг нь телевизороор харлаа. Нууц гэрээ байгуулаад албан тушаалын хуваарилалт явагдана гэдэг чинь хоорондоо нэгнийгээ шүүмжлэхгүй, өвөр түрийндээ орсны илрэл. 2012 оны орон нутгийн сонгуулиар дүүргийг удирдаад яв, хөгжүүлээд өг гээд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 22 суудлыг МАН-д, сайн хянаж байгээд 17 суудлыг АН-д өгсөн.

Гэтэл сонгуульд ялагдсан АН-аас дүүргийн Засаг дарга тавиад, ялсан МАН нь ИТХ-ын даргаа аваад, хуучин 1 байсан дүүргийн Засаг даргын орлогчийг 4 болгон хувааж тавиад, цааш нь бүүр хэлтэс албадын дарга нараас аваад хорооны хэсгийн ахлагч хүртэлх бүхий л албан тушаалыг 2 намаараа хувааж авсан байгаад нь Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчид ихээхэн дургүйцэн хүлээж авч байгаагаа илэрхийлж хурал цуглаан, захидал бичгээр ирүүлж байна. Харамсалтай нь тэд нэгэнт сонгогдчихсон сонгогчдын өгсөн саналыг уландаа дэвсэлчихсэн. Нөгөө халдварт өвчин чинь энд тархсан  байна шүү дээ. Хавдарын эхэн үед эмчилчихдэг бол үсэрхийлсэн хойно нь эмчлэхэд хэцүү. Дээд шатанд дэлгэрсэн “хавдар өвчин”  Сонгинохайрхан дүүрэгт үсэрхийлчихсэн. Ингэхээрээ ажил явдаггүй юм байна.

-Нууц гэрээ байгуулсан хүмүүсийг та нэртэй устай нь зарлаж, сонгогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх тухай дурьдаж байсан?

Нууц гэрээ байгуулсан хүмүүсийг нэртэй устай нь дахиж ярих ёстой. Ийм бусармаг үйл ажиллагаа явуулж, нэгнийгээ шүүмжилж чаддаггүй, иргэдтэйгээ нүүр тулдаггүй байдлыг нийтэд хэлж, асуудлыг нухацтай авч үзэх шаардлагатай. Хорооны Засаг дарга нь хүртэл айдастай. Шүүмжилчихвэл ажлаас нь хална, хорино, баривчилна гэж айлгадаг. Төрийн ажил ийм байж болох уу.. Ийм байдлаар тухайн дүүрэг, орон нутаг хөгжих үү.