С.Эрдэнэ: Иргэдийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулсан
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа
-Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, дараагийн шинэ танхим бүрдэхэд сайдаараа үлдэж чадсан хэдхэн хүний нэг нь та. Сайд нь өөрчлөгдөж, бужигнаагүй салбар нь танайхыг гэж хараад байгаа.Тэр үүднээсээ ажлын үр дүн өндөр байгаа байх...
Тэглээ, Засгийн газар солигдсон. Гэхдээ намаас, бүлгээс итгэл үзүүлж, салбарт минь үлдээлээ.
-Ажиллаж байсан танхимаа огцруулахад оролцчихоод дараа нь бүрдсэн Засгийн газарт үлдсэн нь ёс зүйгүй гэдэг байдлаартанарыг шүүмжлэх л юм...
Би ямар ч асуудалд оролцоогүй. Тэгэхээр ажлаа ярья. Манай салбарын ажил хоёр чиглэлээр явдаг. Нэг нь хүн амын хөгжлийн бодлого. Нөгөө нь нийгмийн хамгааллын чиглэлээр. Ер нь ямар ч орны хөгжлийг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр бус хүн амын хөгжлийн түвшнээр нь тодорхойлдог. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ үзүүлэлт манайд муу байсан нь том алдаа дагуулсан гэж үздэг. Тиймээс хүн амын хөгжлийг шинэ шатанд гаргах, төрийн анхааралд оруулах үндсэн чиг үүргийг гүйцэтгэж ажиллалаа. Энэ асуудлыг төрийн бодлогын төвд авч ирж чадлаа.
-Яг ямар байдлаар?
Хуучин бол хүн амын дөрвөн бүлэг байлаа. Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан гэдэг бүлэг дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг нэмж оруулж өгч байна. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар үндэсний хэмжээний чуулган зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар анх удаа төрийн оролцоотой чуулган хийж, тэдний эрх, оролцоо, тэдэнд үйлчлэх нийгмийн дэд бүтэц бий болгох асуудлыг зорилт болгочихлоо. Одоо олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн төслийг боловсруулаад дуусч байна. Хаврын чуулганаар УИХ-д өргөн барина.
-Ингэснээр юу өөрчлөгдөх юм бэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж, нийгмийн бүх салбарт дэд бүтэц бий болохоос эхлээд олон асуудал шийдэгдэнэ. Үүнээс гадна энэ онд бид маш олон ажил хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр хүн амын бүлгүүдийн үндэсний чуулган хийнэ. Ирэх сард эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар чуулганыг зохион байгуулна.
Тавдугаар сард залуучуудын үндэсний чуулган болно. Үүнтэй уялдуулан Азийн залуучуудын форумыг зохион байгуулна. Зургадугаар сард хүүхдийн үндэсний чуулган, аравдугаар сард ахмадуудын, арваннэгдүгээр сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулганыг явуулах гэж байна.
-Нийгмийн хамгааллын салбарт юу хийж байна вэ?
Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх тал дээр эрчимтэй ажиллалаа. Жишээ нь эрүүл мэндийн даатгалыг бие даасан тогтолцоо болгох эрх зүйн өөрчлөлтийг хийлээ. Энэ хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Үнэндээ Эрүүл мэндийн сайд томилогдоод хэдэн эмнэлгийн даргыг өөрчилдөг эсвэл тоног төхөөрөмж сольсноо өөрчлөлт гэж харах гээд байдаг. Гэтэл эрүүл мэндийн тогтолцооны хувьд эрх зүйн зохицуулалтыг зөв хийх нь жинхэнэ өөрчлөлт юм шүү дээ. Энэ үүднээсээ эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах хуулийг батлууллаа.
-Энэ хүрээнд эрүүл мэндийн цахим картыг бий болгож байгаа юм байна. Ямар учиртай, хэзээнээс хэрэгжиж эхлэх шийдэл вэ?
Эрүүл мэндийн даатгалын дэвтрийг цахим картаар солино гэсэн үг. Энэ картанд тухайн өвчтөний бүх мэдээлэл, онош хадгалагдана. Энэ нь эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ авах баримт болох юм. Тэгэхээр эмч нар өвчтөнийхөө талаар бүрэн мэдээлэлтэй болно шүү дээ. Нэг иргэн жилд 1.8 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Гэр бүлийн гишүүндээ өөрийн даатгалын боломжоо шилжүүлэх боломжийг ч бүрдүүлж байна.
Цахим карт хэзээнээс олгож эхлэх вэ?
Цахим карт олгох журмыг батлаагүй байна. Долдугаар сарын 1-нээс хууль хэрэгжинэ. Ингээд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс цахим системд бүрэн шилжинэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Ахмадуудын хамгийн их хүлээлттэй, байнга чих тавьдаг сэдэв. Энэ асуудал дээр төр ямар бодлого баримтлах гэж байгаа юм бэ?
Бие даасан тэтгэврийн тогтол цоо бий болгох тухай ярьж байна. Өнөөдөр нэг шатлалтай тэтгэврийн тогтолцоо манайд үйлчилж байна. Энэ нь иргэдийн амьжиргаа, наад захын хэрэгцээг хангах тэтгэврийг олгох боломжгүй гэдэг нь харагдлаа. Тэгвэл цаашдаа гурван шатлалтай тэтгэврийн шинэ тогтолцоо руу шилжих ёстой юм байна. Тэр нь юу гэхээр суурь тэтгэврийн тогтолцоог бий болгоно. Одоо үйлчилж байгаа хэлбэрийг хадгална. Мөн нэмэлт тэтгэврийн шатлалыг бий болгох тухай юм. Энэ бол хууль болж боловсруулагдаагүй, төсөөллийн шатанд явж байна л даа.
-Суурь тэтгэвэр гэдэг нь ямар учиртай билээ...
Ажилласан жил болон төлж байсан шимтгэлээс үл хамаараад тэтгэвэрт гарсан иргэн бүр нэг л суурь тэтгэвэр тогтооно гэсэн үг. Дээр нь одоо байгаа тогтолцоогоор төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр тэтгэвэр тогтоолгоно. Мөн нэмэлт тэтгэврийн санд шимтгэл төлж байсан бол нэмэлт тэтгэвэр авна гэсэн үг. Ийм л зүйл ярьж байна. Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт хуваарилах зорилгын үүднээс 2013 онд анх удаа 11500 хүний оролцоотой, Монголын нийт өрх, иргэний 84 хувийг хамарсан судалгаа явуулсан.
Өрхийн амьжиргааны түвшингийн нэгдсэн мэдээллийн баазыг боловсруулаад дууссан. Сая энэ санг ашиглаж журмыг Засгийн газрын хуралдаанаар батлууллаа. Ингэснээр хэн нэгэн Засаг дарга үзэмжээрээ иргэдийг тодорхойлж төрөөс халамж, тэтгэмж, тусламж хүртээдэг байдал багасна гэсэн үг. Үнэндээ халамж, тусламжийг авах хүн аль намын хэн байхаас шалтгаалдаг гаж үзэгдэл байлаа шүү дээ. Үүнийг хална гэсэн үг.
-Олон хүүхэдтэй гэдэг шалтгаанаар эрт тэтгэвэрт гарчихсан хүмүүс хэл ам хийдэг. Үүнийг шийднэ гэж эмэгтэй гишүүд амладаг. Тэтгэврийн доод хэмжээ бага байна гэдэг гомдол бас бий. Энэ бүхнийг яаж шийдэхээр байгаа вэ?
Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудлаар төрөөс баримтлах бодлогоо эхлээд тодорхойлох ёстой. Энэ бодлогод тулгуурлаад Тэтгэврийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна. Энэ хүрээнд иргэдийг хамарсан хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулах хэрэгтэй. Тэгж байж энэ асуудлуудыг шийднэ л дээ.
-УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд энэ ажлыг амжуулах уу?
2012 оны намар нийгмийн даатгалын тогтолцооны байсан бол өнөөдөр ажлыг эхлүүлж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөх асуудлыг шийдчихсэн байна. Бид богино хугацаанд өндөр ачаалалтай ажилласны үр дүн эхнээсээ гараад л байгаа. Энэ жишгээр ажлаа урагшлуулах төлөвлөгөөтэй байна.
-Тэтгэврийн нэмэгдэл бага байна. Доод, дээд тэтгэврийн хэмжээ ялгаатай байна гэдэг гомдол байнга явдаг. Энэ тал дээр яаж анхаарч байна вэ?
Сая тэтгэврийн хэмжээг доод тал нь 20, дээд тал нь 130 мянган төгрөгөөр нэмсэн. Ер нь бол дээд, доод тэтгэврийн хэмжээ ялгаатай байна гэдэг бол шударга бус ойлголт. Хүн ажиллаж байх хугацаандаа өндөр орлого авч, өндөр шимтгэл төлдөг байсан байж болно. Тэр хэмжээнд л тэтгэврээ тогтоолгоно шүү дээ. Тийм байхад Бат 500 мянган төгрөгийн тэтгэвэр авлаа, би 250 мянган төгрөг авлаа гэдэг зарга хийх нь шударга юм уу. Өндөр шимтгэл төлж байсан хүний буруу энд байхгүй шүү дээ. Зах зээлийн зарчмаараа явах ёстой.
-Та Хамтын тэтгэврийн тухай хуулийг өргөн барьсан. Нөгөө талд МАН малчдын тэтгэврийн насыг наашлуулна гэдэг төсөл гаргаж ирсэн. Юу болж байгаа вэ?
Нэг хуулийг нөгөө хуулийн төслөөр барьцаалдаг зүйл байж болохгүй. Хууль батална гэдэг наймаа арилжаа биш. Төрийн бодлогыг тодорхойлж байгаа үйл хэрэг. Хамтын тэтгэврийн хууль батлагдсанаар ахмадын нийгмийн хамгаалалд бодит алхам болно. Нөгөө талаар малчдын тэтгэврийн насыг бууруулах одоогийн нөхцөл байдалд нийцэхгүй. Жишээ нь өнөөдөр 50 настай хүнийг хөгшин гэх үү.
-Үгүй л дээ?
50 настай эмэгтэй хүн өнөөдөр хүүхэд гаргаж байна шүү дээ. Тэднийг тэтгэвэрт гаргаж яах гээд байгаа юм. Тэтгэвэр гэдэг чинь өөрөө юу юм бэ. Хүн хөдөлмөрлөж, нийгмийн харилцаанд бодит үүрэг гүйцэтгэх чадваргүй, бие даан амьдрах нөхцөлгүй болчихоод төрийн халамж, тэтгэмжид хамрагдахыг хэлээд байгаа биз дээ. Тэтгэвэрт гарснаа^ тэр хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг оролцоо хязгаарлагдана.
Тэтгэвэрт гарсан 50 настай эмэгтэй нийгмийн харилцаанд орох гэхээр "Энэ чинь тэтгэврийн хөгшин" гэдэг байдлаар хандана биз дээ. Яагаад хүмүүсийг хар залуугаар нь тэтгэвэрт гаргах гээд байгааг ойлгохгүй байна. Харин бид тэтгэврийн талаар баримтлах бодлогодоо 2017 он гэхэд эрэгтэй хүний тэтгэврийн насыг 62, эмэгтэй хүний тэтгэврийн насыг 58 болгох асуудлыг тусгаж байна.
Ингэхдээ малчдын тэтгэврийн насыг одоо байгаа хэлбэрээр нь үлдээж, эрэггэй 60, эмэггэй 55 болгоё. Малчидтай дүйцэх хэмжээний онцгой хүнд нөхцөлийн хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн тэтгэврийн насыг одоо байгаагаар нь тогтооё гэдэг зүйл тусгасан. Энэ л зөв зарчим биз дээ. Тэгэхгүй бол өнөөдөр монголчуудын дундаж наслалт өндөр болсон байна. Дундаж наслалт 67 болчихоод байна шүү дээ.
-Юун 50 гэж үү?
Тийм алсдаа 2025 он гэхэд эрэгтэйчүүдийн тэтгэврийн насыг 65, эмэгтэйчүүдийнхийг 60 болгох асуудал байгаа.
-Гэхдээ энэ хуулийн төслийг аль аль нь сонгогчдод таалагдах гэсэн популист амлалт гэж хараад байх шиг байна...
Олон жил энэ салбартай зууралдлаа. Өнөөдөр тэтгэврийн хөгшчүүдийн амьжиргаа ямар хүнд байдгийг сайн мэднэ. Би өөрөө ч амьдрал дээрээ мэднэ. Аав маань 2007 онд өөд болсон. Би чинь айлын ганц хүүхэд шүү дээ. Гэтэл ээж маань “Хүүгээ байгаагүй бол би амаараа шороо үмхэх нь ээ” гэж хэлж байсан юм. Яагаад гэвэл аав арай илүү орлоготой, ээж бага орлоготой байсан учраас тэтгэвэр нь ялгамжгай тогтоогдсон байлаа.
Тиймээс гэрийн орлогын 60 хувийг аав, 40 хувийг ээж бүрдүүлж байсан гэсэн үг. Гэтэл аавыг өнгөрснөөс хойш ээжийн орлого байрны мөнгөө төлөхөөс цааш хүрэлцэхээ байна биз дээ. Ахмадууд хань ижил нь өнгөрөхөд яг ийм байдлаар сэтгэл санааны болоод санхүүгийн эрсдэлд ордог. Ийм учраас л тэр хуулийн төслийг боловсруулсан шүү дээ. Энд ямар ч популизм байхгүй.
- А Н , М А Н хоёр хамтарчихлаа. Тэгэхээр энэ хуулийн төслийг батлахад одоо асуудалгүй болсон юм биш үү?
Ямартай ч асуудал яригдаж л байна. Малчдын тэтгэврийн насыг наашлуулахаас илүү тэднийг тэтгэвэрт гарахад ажилласан жилийг нэг хоёр жилээр нэмэх аргачлалыг оруулах нь зөв гэж үздэг. Энэ бол малчдад бодит дэмжлэг болно шүү.
-Та МАН-ыг их шүүмжилдэг хүн. Гэхдээ өнөөдөр хамтарч эрх барилцаж байна. Юу хэлэх вэ?
Хамтрах нь хамаагүй. Хамтрагч байна уу, сөргөлдөгч байна уу хамаагүй шүүмжлэх зүйлээ хэзээд ч шүүмжилнэ. Одоо бид хамтарч байгаа зорилгоо зөв харах хэрэгтэй байна. Улс орны эдийн засгийн хүнд үеийг даван туулахын тулд хамтарсан гэдгээ л ойлгож ажилламаар байна. Түүнээс биш хэн нэгэн бүлэг этгээдийг эрх мэдэл, албан тушаалтай болгохын тулд нийлээгүй шүү гэдгийг л ухамсарлах ёстой.