Ойрын өдрүүдэд цасан шуургатай
Цасан шуурга
2015.04.14

Ойрын өдрүүдэд цасан шуургатай

Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан урьдчилсан мэдээгээр дөрөвдүгээр сар хур тунадас ихтэй байх бололтой. Өнгөрсөн долоо хоногт Монгол орны нийт нутгаар, цас ихээр орж, салхи шуурсны улмаас гурван хүн амиа алдаж, 30 мянган мал хорогдсон гэх мэдээлэлийг ОБЕГ-аас өгч байгаа юм. 

Цаг агаар өнөөдпөр, маргааш дахин хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ОБЕГ малчдыг цаг агаарын мэдээгээ сонсч, малдаа явахдаа дулаан хувцаслахыг сануулж байна.

Монгол орны нийт нутгаар өнөөдрөөс хүйтэрч эхлэх бөгөөд 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон төвийн нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд зарим газраар секундэд 12-14 метр, 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотггор болон говь, талын нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан байна.

“Шуурхай ажлын штаб”-ын мэдээлснээр 1-4-ний өдрүүдэд болсон их цас, цасан шуурганы үеэр сураггүй болсон 138 иргэнээс 135 иргэн эсэн мэнд олдсон байна. Сураггүй алга болсон хүний 90 нь малтайгаа шуурганд уруудаад байсан малчин юм байна. Үүнээс Өвөрхангай аймгийн Өлзийт, Төв аймгийн Эрдэнэсант, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд тус бүр нэг хүн нас баржээ. Цас их орсон аймгуудын Онцгой комисс байнгын бэлэн байдалд ажиллаж хаагдсан зам давааг нээсэн байна.

Цасан шуурганы үеэр Булган аймагт 17 мянга, Төв аймагт 14351 нийт одоогийн байдлаар 31351 орчим толгой мал хорогдсон тухай мэдээг орон нутгаас ирүүлсэн байна. Хохирлын хэмжээ бүрэн гараагүй байгаа бөгөөд Дархан-Уул, Булган, Төв аймгийн Онцгой комисс нөхцөл байдал хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөдеө аж ахуйн мэргэжилтнүүдийн багийг ажиллуулж байгаа аж. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 10 тонн өвс, Булган аймгийн Гурванбулаг суманд 12 тонн өвс, Увс аймгийн Бөхмөрөн, Өмнөговь, Наранбулаг сумын цасанд боогдсон 684 айл, өрхөд 44 тонн өвс, 10 тонн тэжээл, гурван тонн нүүрс, 562 шуудай мод тус тус хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээлсэн юм.

Ойрын өдрүүдэд цас орж хүйтрэх тул чухал шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг,тээвэрчид дулаан хувцаслах, машин техникийн бүрэн бүтэн байдлыг шалгахыг холбогдох газраас анхааруулж байна.