Шар усны үерийн аюулаас сэргийлье
Үер усны гай гамшиг
2015.04.03

Шар усны үерийн аюулаас сэргийлье

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/248 дугаар захирамж гаргаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Үүнд:

  • Нийслэлийн Онцгой комиссын “Үер усны гамшгийн үед ажиллах хэсэг”-ийн бүрэлдэхүүнийг үүрэг даалгавраар ханган утас, хаягийн бүртгэлд тодотгол хийж бэлэн байдлыг хангахыг Ажлын хэсгийн ахлагч бөгөөд Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт 

  • Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, ус гаргуур, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулах, техник, хэрэгслийн ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зохисгүй зөрчил, дутагдлыг холбогдох дүүрэг, аж ахуйн нэгж байгууллагаар арилгуулах арга хэмжээ авахыг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт

  • Дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдал, цас, мөсийг тухайн орчны оршин суугчдын оролцоотойгоор 2015 оны 04 дүгээр сарын 10-ны дотор цэвэрлэх, шар ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, дүүргүүдийн Засаг дарга нарт

  • Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ойролцоо баригдсан түүний найдвартай үйл ажиллагааг алдагдуулж буй иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, газар чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт

  • Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан гол горхи, цөөрмийн мөсөн дээгүүр тээврийн хэрэгслээр зорчих, мал туух зэргээс болж, мөс цөмөрч хүний амь нас, эд материалын хохирол учрах эрсдэлтэйг иргэдэд сэрэмжлүүлж, хориглосон газарт тэмдэгжүүлэлт хийж, хүн хүч машин тоног төхөөрөмжийг бэлэн байдалд байлгах, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газарт 

  • Холбогдох байгууллагуудын болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, үер усны гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөө гаргуулах, гамшгийн цагийн байдлын дохио өгч сургалт зохион байгуулахыг “Улаанбаатар хотын Шуурхай, удирдлага зохицуулалтын төв” ОНӨҮГ, нийслэлийн Онцгой байдлын газар, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг  иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж  ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст тус тус үүрэг болголоо.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.