Сураггүй болсон хүмүүсээс 94-ийг нь олсон
Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний цас орсноос орон нутгийн зам хаагдах, иргэд төөрсөн хэрэг гарсан. Үүнтэй хогбогдуулан ОБЕГын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяагаас зарим зүйлийн талаар тодрууллаа.
-Цас их орсноос зам хаагдах, иргэд төөрсөн хэрэг гарсан. Үүнд танайхаас ямар арга хэмжээ авч ажилласан бэ?
Энэ сарын 1нээс ихэнх нутгаар цас орсон. Ялангуяа Увс аймагт их хэмжээний цас орж, хойд сумдаар 116 смийн зузаантай цасан бүрхүүл тогтсон гэсэн мэдээлэл ирсэн. Мөн энэ сарын 3, 4нд Төв аймгийн нутгаар их цас орлоо. Үүний улмаас зарим аймагт нөхцөл байдал нэлээд хүндэрсэн. Иргэд төөрсөн, сураггүй болсон гэх дуудлагаар орон нутгийн Онцгой байдлын байгууллагууд ажиллалаа. Их цас орны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж автозам, даваа хаагдсан тохиолдол гарсан.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Зам тээврийн сайдын шийдвэрээр энэ сарын 4ний 10.00 цагаас 5ны 07.30 цаг хүртэлх хугацаанд нийт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийж ажилласан. Энэ үеэр Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, Зам тээврийн харьяа байгууллага хамтарч үйл ажиллагаа явууллаа. Мөн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, НҮБ ын Хүний хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжиж байгаа “Орон нутгийн төвшинд гамшгийн эрсдэл бууруулах менежмент” нэртэй зохицуулалтын чадавхийг сайжруулах төсөл хэрэгжиж байгаа.
Энэ төслийн хүрээнд 2014 оноос БаянӨлгий, Ховд, Увс, Говь Алтай, Завхан аймгаас бусдад нь модем суулгаж Цаг уурын байгууллага, Онцгой байдлын байгууллагатай хамтраад скайтелийн дугаарын хэрэглэгчдэд мессеж хүргэх “Масс мессеж”ийг төхөөрөмжийг суурилуулсан. Үүнийг бид гамшгийн нөхцөл байдал үүсэх гэж байгаа үед ашиглаж байна. Саяны цаг агаарын таагүй нөхцөл байдалд энэхүү төхөөрөмжийг ашиглан иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсэн.
-Төөрсөн, сураггүй болсон хүмүүсийг олсон уу?
Нийслэлийн нэг дүүрэг, дөрвөн аймгаас нийт 97 хүн сураггүй болсон гэх дуудлага ирсэн. Түүнээс одоогоор 94 хүнийг олоод байна. Энэхүү эрэн хайх ажлыг Нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага хамтарч хийсэн. Сураггүй болсон хүмүүсээс Өвөрхангай аймгийн Өлзийт суманд нэг иргэн нас барсан байдалтай олдсон.
Одоогоор хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд малдаа яваад сураггүй болсон, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд тээврийн хэрэгсэлтэй явж байгаад тус бүр нэг хүн сураггүй болсон. Зарим газраас мал цасанд дарагдаж хорогдсон гэх мэдээлэл ирсэн. Гэхдээ албан ёсоор учирсан хохирлын талаар тоо баримт, мэдээлэл ирээгүй байна.
-Автотээврийн хэрэгслүүд замд боогдсон, цасанд суусан гэх дуудлага хэр олон ирсэн бэ?
Нийслэлийн хоёр дүүрэг, таван аймагт нийтдээ 140 автомашин цасанд суусан, сураггүй болсон гэх дуудлагын дагуу татаж гаргах, чөлөөлөх ажлыг гүйцэтгэсэн. Үүнд нийтдээ 750 орчим зорчигч байсан.
-Зам хаасантай холбоотой ямар нэгэн зөрчил гарав уу. Техник хэрэгсэл хэр хүрэлцээтэй байв?
Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой Дархан, Сэлэнгэ аймгийн зам хааснаас “Улаанбаатар хот руу орох гэсэн юм. Энд зүгээр байна шүү дээ” гэж иргэд бухимддаг. Зам хаахад иргэдээс маш их гомдол ирдэг. Тиймээс Цагдаагийн байгууллага, манай байгууллага хамтарч замын хязгаарлалт хийдэг. Ингэж зам хязгаарласнаас иргэд хулгайн замаар явдаг. Үүнээс болж алга боллоо, сураггүй боллоо гэж ар гэрээс нь утасдах зэрэг хүндрэл гардаг юм.
Орон нутгийнхан байгаа хүч бололцоогоо ашиглаж ажилласан. Өөрсдөө ч бас цасанд сууж байна. Байгаа машин, техникээ бүрэн ашиглаж байгаа боловч олон дуудлага зэрэг ирэхээр хүч хүрэлцэхгүй байдал үүсч байна. Зам чөлөөлөх асуудал дээр техникийн хүч боломж нь хангалтгүй байгаа зүйл ч гарсан. Улсын болон орон нутгийн чанартай автозам, даваан дээр 44 шуурхай ажлын хэсэг ажилладаг. Энэ хэсэг энэ сарын 1-нээс үйл ажиллагаа нь зогссон. Үүнтэй холбоотойгоор хүндрэлтэй асуудал орон нутагт үүсдэг.
-Цаашид хүйтрэх, цас орох төлөв байна уу?
Ус, цаг уур орчны хүрээлэнгээс өгсөн мэдээллээр өчигдрөөс /уржигдар/ эхлээд баруун талаасаа, өнөөдрөөс /өчигдөр/ ерөнхийдөө дулаарах төлөвтэй байна. Гэхдээ улирлын байдлаас болж гэнэт цас орж хүйтрэх, температурын өөрчлөлт гарах магадлалтай. Цаг уурын мэдээллийг шаардлагатай тохиолдолд урьдчилан сэргийлэх ажлыг яаралтай зохион байгуулж байна. Ер нь иргэд ажил төрөлдөө зохицуулаад цаг уурын мэдээллийг сайн ашиглаж байх хэрэгтэй.
-Их цас орсон үед шар усны үер болж болзошгүй байдаг. Үүнд ямар сэрэмжлүүлэг өгч ажилладаг вэ?
Их цас орсноос болж шар усны үер болох магадлал их байдаг. Үерийн аман дээр буусан айлуудад шаардлага хүргүүлдэг. Нийслэлийн хэмжээнд 3000 орчим айл үерийн эрсдэл бүхий газар оршин сууж байна гэсэн мэдээлэл бий. Бид нүүх шаардлага хүргүүлдэг ч шууд очоод албан хүчээр нүүлгэх эрх байхгүй.