Наадмын бэлтгэл эхэллээ
2012.06.06

Наадмын бэлтгэл эхэллээ

Үндэсний их баяр наадам эхлэхэд сар гаруйхны хугацаа үлдээд байна. Наадамчин олны илүүтэй сонирхдог баяр наадмын нээлт,хаалт,хүндэтгэлийн концерт, «Улаанбаатарын үдэш» цэнгүүний найруулагч нарыг өчигдөр болсон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаас томиллоо. Соёлын төв өргөөнд болдог Хүндэтгэлийн концертын найруулагчаар Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Д.Ганболд, нээлт, хаалтын ажиллагааг урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Ч.Ганхуяг, «Улаанбаатарын үдэш» цэнгүүнийг  «totalmusic»-ийн С.Од-Эрдэнэ нар найруулахаар боллоо. Олон түмнээ хэрхэн тав тухтай наадамлуулах талаар Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Ч.Ват дараах мэдээллийг хийлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа үйлчилгээнд  100 гаруй аж ахуйн нэгж 500 гаруй цэг ажиллуулах бөгөөд эдгээрийн 60-аад хувьд нь зөвхөн хуушуурын худалдаа явуулахаар төлөвлөжээ. Наадмын үйлчилгээнд зөвхөн хүнс, хоолны худалдаа гаргах, гутал, хувцас, тоглоом зэрэг бараа худалдаалахгүй. Үйлчилгээ эрхлэгчид зөвшөөрөл олгосон цэгт, цэвэр үзэмжтэй асар сүүдрэвч байрлуулах бөгөөд малгай, дүрэмт хувцастай байх юм байна. Наадмаас өмнө нийслэлийн бүх уулзварт тэмдэг тэмдэглэгээ хийнэ, «Нарантуул» худалдааны төвийн уулзварт төмөр зам дээгүүр автомашин гардаг болгох ажлыг энэ сарын 20 гэхэд дуусгана, нийслэл хотод шинээр 3600 гэрэлтүүлэг хийнэ. Төв цэнгэлдэх орчимд автомашины зогсоолыг 2000 орчмоор нь нэмнэ гэж салбар хорооны дарга танилцууллаа.

Үндэсний их баяр наадмын төсөв санхүүжилтийн талаар энэ хурлаар хэлэлцсэн ч Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. Энэчлэн салбар хороодын наадмын бэлтгэл ажлын талаарх мэдээллүүдийг сонссоны дараагаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд дараах үүрэг даалгаврыг өглөө. Энэ жилийн наадмын бэлтгэл ажил УИХ, НИТХ-ын сонгуультай давхцаж байгаа ч баяр наадмын бэлтгэл ажил цалгардах учиргүй. Үлдсэн хугацаанд бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж ирэх сарын хоёрон гэхэд бүрэн дуусгасан байхыг Шадар сайд үүрэг болголоо. Мөн наадмын нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 20 гэхэд бэлэн болгохыг салбар хорооны дарга нарт анхаарууллаа. Төв цэнгэлдэх хүрээлэн дотор болон гадна талбайд, Хүй долоон худаг дахь морь барианы газарт дэлгэц ажиллуулж, иргэдэд таатай харах боломж олгохыг Шадар сайд М.Энхболд хэлж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.