Эрх чөлөөгүй үзэг
Гэхдээ энэ зөвхөн ил болсон хэрэг бөгөөд илрээгүй олон тохиолдолууд байгааг үгүйсгэхгүй.
2015.04.09

Эрх чөлөөгүй үзэг

Монгол улсад 2013 оны нийт дүнгээр 135 сонин, 99 сэтгүүл, 166 телевиз, 84 радио, 68 цахим хэвлэл үйл ажиллагаа явуулж байгаа ч эдгээр нь эдийн засаг, эрх мэдлийн хараанд байгаа нь ард түмний үнэн зөв мэдээлэл авах эрхэд хүчтэйгээр нөлөөлж байна.

Үүнээс үүдэж редакцийн хараат бус байдал алдагдаж зөвхөн хөрөнгөтэй нэгний төлөө хэвлэл мэдээлэл үйлчлэх хандлага нийгэмд их байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг.

Тухайлбал УИХ-ын сүүлийн 2012 оны сонгуулиар Хөвсгөлийн Скай телевизийн байранд хэсэг нөхдүүд нэвтрэн сэтгүүлч, зураглаачдын биед халдаж, ноцтой гэмтэл учруулсан нь редакцийн хараат бус байдал байхгүйг илтгэж байгаа том тохиолдолд. Гэхдээ энэ зөвхөн ил болсон хэрэг бөгөөд илрээгүй олон тохиолдолууд байгааг үгүйсгэхгүй.

Монголд ардчилсан хувьсгал гарснаар хүний үг хэлэх, хэвлэх нийтлэх эрх чөлөө хуулиар нээлттэй болж, улмаар 1999 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсан нь дэлхий дахинд Ардчилсан орон гэдгээ батласан түүхэн хэрэг байлаа. Тухайн үед өдөр тутмын нэг сонин, нэг радио, нэг телевизтэй байсан нь нийгэмд үзүүлэх нөлөөг асар ихэсгэсэн. 

Гэтэл өнөөдрийн олон радио, телевиз, сонин, сайтын хараат бус байдлыг хангахад одоогийн хууль нэлээд дутмаг юм. Хэдий 1999 оны хуулийг сайн болсон гэж мэргэжлийнхэн хэлдэгч зөвхөн төр болон хэвлэл мэдээллийн харилцааг зохицуулсан хязгаарлагдмал агуулгатай бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт  тулгамдаж байгаа хараат байдлуудыг зохицуулахад хүчин мөхөсдөж байгаа юм.

Зөвхөн Эрүүгийн хуулийн заасан хүнийг гүтгэх болон доромжолсон тохиолдолд хэрхэн хариуцлага хүлээлгэх заалтаар шийтгэлийн хэмжүүрийг нь тогтоож байгаа юм. Гэвч хэт өрөөсгөл.

Иймээс Үндсэн хуулиар тунхагласан иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах, хараат бус, хариуцлагатай, мэргэжлийн чөлөөт сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих зорилготой шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хэдий 2014 оны зургаан сард М.Батчимэг нарын гишүүд өргөн барьсан ч намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй.

Хуулийн шинэчилсэн найруулга нийт таван бүлэг 13 зүйлтэй илүү цогц болсныг хууль санаачлагчид хэлсэн. Хуулийн төслийг Хэвлэлийн хараат бус байдлын баталгаа, Мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрх, Хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдал, хариуцлага зэрэг агуулгаар боловсруулсан аж. Тухайлбал Ил тод байдал, хариуцлагын бүлэгт нь аливаа мэдээллийн хэрэгсэл “өөрийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч болон тэдгээрийн эзэмшиж буй хувь хэмжээний талаарх өөрчлөлтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх үүрэгтэй” гэсэн заалтыг оруулж өгсөн.

Түүнчлэн шинэ хуулиар хэвлэлийн зөвлөл байгуулагдана. Уг байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбогдсон өргөдөл, гомдлыг шийдвэрлэх эсвэл эвлэрүүлэн зуучлах ажлыг зохион байгуулах үүрэгтэй.

Мөн ёс зүйн нийтлэг дүрмийг баталж, тэдгээрт хяналт тавих нь тухайн байгууллагад хамаарч, редакцийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлсөн асуудлаар сэтгүүлч, хэвлэлийн байгууллага гомдол гаргавал хүлээн авч дүгнэлт гаргах аж.

Хэрвээ зөвлөлтэй болвол редакц болон сэтгүүлчид шууд шүүхэд дуудагдах биш дундын байгууллагаар асуудлаа шийдүүлэх боломж нь бүрдэнэ. Ер нь дийлэнх иргэдийн хувьд үзэж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлдээ үнэмших итгэл нь ихээр алдарсан. Үүнд хачирлахад “Монгол HD” телевизээс Монголын хэвлэлийн томоохон төлөөллүүд рүү төлбөртэй мэдээ явуулахад тэдгээр хэрэгслийн нэг ч мэдээллийн үнэн бодит байдлыг хянаж үзээгүй нь дотоодын сэтгүүл зүйн салбар ямар түвшинд байгааг харуулсан.

Хоёр жилийн өмнө гэхэд сүр дуулиантайгаар дотоодын 13 телевиз техникийн үзүүлэлтээс болж хаагдсан. Тэр үед хаалгаа барьсан “Шонхор” телевизийн захирал, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Өдрийн сонин”-д өгсөн ”Хэвлэлээс тэрбумтан төрөөгүй цагт хэвлэлийн эрх чөлөө гэж байхгүй” ярилцлагадаа “Хэвлэл мэдээллийнхэн хэзээ эрх чөлөөтэй болж, чөлөөтэй сэтгэх вэ?” гэсэн асуултад “Хурдхан баян болж Санхүүгийн эрх чөлөөгөө эдэлж, хүнээс мөнгө гуйхгүй болсон цагт л  хэний ч атганд орохгүй болно.

Тэр хэмжээгээр эрх чөлөө ирнэ. Сэтгүүлчид тийм болох ёстой. Тийм учраас хөл дээрээ тогтчихсон байгаа сонинууд цаашаа илүү хурдтайгаар баяжих хэрэгтэй. Энэ салбараас тэрбумтанууд төрөх ёстой. Тэгж байж бид хэвлэлийн эрх чөлөөгөө аварч үлдэнэ” гэж хариулжээ. Гашуун боловч үнэн үг.