“Залуу зохион бүтээгч” сэтгүүл 24 жилийн дараа дахин мэндэллээ
Хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, орчин үеийн дэвшилт технологийг судалж, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Залуучуудын Холбооноос 1981-1991 он хүртэл “Залуу зохион бүтээгч” сэтгүүл эрхлэн гаргадаг байсан.Тэгвэл эл сэтгүүлийг сэргээхээр болжээ.Сар тутам, 96 нүүрээр хэвлэгдэх сэтгүүл энэ сарын сүүлчийн долоо хоногт анхны дугаараа гаргах юм байна.
III-XII дугаар ангийнханд голчлон зориулсан уг сэтгүүлд их дээд сургуулийн эрдэмтдийн бэлтгэсэн материалаас гадна, Орос, Японы техникийн сэтгүүлийн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр орчуулан нийтэлнэ. “Залуу зохион бүтээгч”-ийг урьд нь 20-24 мянган хувь хэвлэдэг байсан бол өдгөө 12 мянган хувь гаргах гэнэ. Монголд III-XII ангийн 700 мянга гаруй сурагч суралцдаг гэсэн тоо бий.Тиймээс эрэлтээс шалтгаалж, хэвлэх хувиа нэмэх, эсэхээ шийдэх аж.Сэтгүүл “Бодъё, зохиоё, бүтээе” , “Үлгэр загвар” , “Програмчлал ухаалаг утас медиа систем”, “ Газраас сансар хүртэл сонин юу байна” , “Мэргэжил бүхэн сайхан” зэрэг 19 булантай. “Залуу зохион бүтээгч” сэтгүүл нь Монгол Улсын хөгжлийг инженерчлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт ахмад инженерүүд санал нэгдэж байна.
Уг сэтгүүлийг ахин уншигчдын гарт хүрэхэд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, мэргэжлийн холбоод, клубууд дэмжин хамтран ажиллаж байна. Дашрамд дуулгахад, шинжлэх ухаан, техник технологийн салбарт амжилт гаргаж, шинэ нээлт хийн, санаа дэвшүүлж түүнийгээ амьдралд хэрэгжүүлсэн залуу эрдэмтэн, судлаачдад МЗХ-ноос “Залуу зохион бүтээгч”шагнал олгодог байснаа сэргээжээ.