Бизнес эрхлэгчдээс шаарддаг зөвшөөрлийг 35 хувиар бууруулжээ
2010.12.16

Бизнес эрхлэгчдээс шаарддаг зөвшөөрлийг 35 хувиар бууруулжээ

Засгийн газраас "Бизнесийн орчны шинэтгэлийн жил" хэмээн зарласан 2010 он шувтарч байна. Бизнес эрхлэхэд тээг болдог олон зөвшөөрөл, гарын үсгийг нэгээхэн ч цөөлсөнгүй гэж шүүмжлэгсэд ч цөөнгүй. Харин өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаараа бизнесийн орчныг шинэчлэхэд түлхэц болохуйц томоохон шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зарим зөвшөөрлийг хүчингүй болгох, мөн заримыг нь заавал төр гэлгүй төрийн бус байгууллагад шилжүүлэхээр шийджээ. Мөн зөвшөөрөл олгож буй журам, дүрмээс гадна ямарваа дүгнэлт, шийдвэр, гэрчилгээ, сертификат, батламж, виз, патент, үйлчилгээний тохирлын гэрчилгээ, мэргэжлийн аттестачлал явуулж байгаа журмуудыг ч судалжээ.Шадар сайд М.Энхболд бизнес эрхлэхэд саад учруулж буй баримт бичгийг цөөлж, боловсронгуй болгох эл ажлын хэсгийг ахалсан байна.

Зургаан сарын өмнө Ерөнхий сайдын захирамжаар ажлаа эхэлсэн "Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож байгаа өнөөгийн нөхцөл байдлыг судалж, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх" ажлын хэсэг ийнхүү ажлаа тайлагнав. Ажлын хэсэгт бүх яамны төрийн нарийн бичгийн дарга нар, төрийн бус байгууллага. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн төлөөлөл багтжээ. Асуудал боловсруулахад амаргүй байсныг Шадар сайд тэмдэглэсэн. Тиймээс ч Олон улсын санхүүгийн корпорацитай хамтарч хоёр удаагийн сургалт зохион байгуулжээ. Ажлын хэсэг 11 яам, 25 агентлагаас ирүүлсэн 337 зөвшөөрлөөр жагсаалт гаргаж нэг бүрчлэн ажилласан байна. Тэдгээрийн 152 нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуульд, 151 нь бусад хуульд, 35 нь хууль, эрх зүйн бусад эрхийн актуудаар зохицуулах зөвшөөрөл аж. Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэснээр улсын хэмжээний 337 зөвшөөрлөөс 101-ийг нь бизнес эрхлэгчдээс цаашид шаардахааргүй болсон байна.

Энэхүү 101 зөвшөөрлийн 39-ийг нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуульд, 32-ыг нь бусад хуульд, үлдсэн нь хуулиас өөр эрх зүйнактаар зохицуулна. Хуулиас бусад эрх зүйн актаар зохицуулж буй зөвшөөрлүүдийг ийнхүү Засгийн газрын тогтоолоор хүчингүй болгож байгаа болхуулийн хүрээний тусгай зөвшөөрлүүдэд УИХ цэг тавина. Нийт 21 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Цаашид энэ төрлийн тусгай зөвшөөрлийнтоог аль болох нэмэгдүүлэхгүйгээр энэ хэмжээнд байлгах үүрэг, даалгавар өгсөн талаар ч Шадар сайд дурдав. Мөн төрөөс олгодог 10 тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагад шилжүүлсэн байна. Хүчингүй болгохоор шийдвэрлэсэн болон төрийн бус байгууллагад шилжүүлсэн эдгээр 110 төрлийн зөвшөөрөл нь нийт зөвшөөрлийн гуравны нэг буюу 35 хувьтай тэнцэж буй.Харин барилгын салбар дахь тусгай зөвшөөрлийг ажлын хэсэг тусгайлан судалжээ.

Тэд Барилгын үндэсний ассоциацитай хамтарч хийсэн судалгаагаа шийдвэр гаргах гол үндэслэл болгосон аж. Тухайлбал, аливаа барилгыг барихад орон нутаг, хяналт, төрийн захиргааны байгууллага гэхчилэн нийт 114-120 орчим гарын үсгийг бизнес эрхлэгчид заавал цуглуулах ёстой болдог байна. Энэ бүх зөвшөөрлийг авахад 480 орчим хоног зарцуулах шаардлагатайг судалгаагаар тооцжээ. Иймээс албан тушаалтнуудаар зуруулах ёстой нийт 118 гарын үсгийг 56 болгон цөөлсөн байна. Ингэснээр барилгын бизнес эрхлэгч танд бичиг, цаасны ажил хөөцөлдөхөд 182 хоног шаардлагатай боллоо гэсэн үг. "Бүтэн жил унтраастай байсан моторыг он дуусахын өмнө асаав" хэмээн Засгийн газар шүүмжлэлд өртөж буй ч өчигдөр Шадар сайд "Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн ажлын үр дүн ирэх оноос бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тодорхой ахиц, өөрчлөлтөөр мэдрэгдэнэ. Цаашид ч хөнгөлөлт үзүүлнэ" гэсэн юм.

М.Энхболд: Үлдсэн зөвшөөрлүүдийг хүчингүй болгох саналыг УИХ-д өргөн мэдүүлнэ

Сэтгүүлчдийн асуултад Шадар сайд М.Энхболд дараах хариултыг өглөө.

-Зөвшөөрсөн гарын үсэг зурах тоог багасгаснаар төрийн захиргааны байгууллагын орон тоонд өөрчлөлт орж, зардал буурах уу?

-Мэдээж төрийн албаны ачаалал тодорхой хэмжээгээр хөнгөрнө. Засгийнгазрын байгууллагуудын бүтцийн өөрчлөлт, орон тооны хэмнэлт, цомхотголын хүрээнд тодорхой асуудал боловсруулж байгаа. Он гарангуут УИХ-д өргөн мэдүүлнэ. Шинэ бүтцээр ажиллахад эдгээр шийдвэр нааштай нөлөө үзүүлнэ.

-Гарын үсэг зурах эрхтэй үлдсэн 56 албан тушаалтан гарцаагүй шаардлагатай юу?

-Бид барилгын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч судалгаа хийсэн. Дээр дурдсан баримт бол энэ судалгааны үр дүн. Нэг байгууллагаас 3-4, зарим тохиолдолд долоон хүн гарын үсэг зурж байсныг цэгцэлсэн гэж ойлгож болно. Одоо нэг байгууллагыг төлөөлж нэг л хүн гарын үсэг зурна. Тэд тодорхой хугацаа заасан дүрэм, журмын дагуу шуурхай шийдвэрлэх үүргийг Засгийн газрын тогтоолд хавсралтаар заасан.

-Ямар зөвшөөрөл хүчингүй болсон болон бусад асуудлаар тодорхой мэдээллийг хаанаас олж авах вэ?

-Хүчингүй болж байгаа зөвшөөрлүүдийг ерөнхийд нь хоёр ангилж байгаа. Зарим нь энэ өдрөөс эхлээд хүчингүй болсон. Харин зарим нь УИХ-аас шийдвэрлэсний дараа хүчингүй болно, Учир нь тухайн зөвшөөрлүүдийг хуульчилсан учраас холбогдох хуулийг нь хүчингүй болгох шаардлагатай. Засгийн газрын тогтоолоор хүчингүй болж байгаа зөвшөөрлүүдийг "Төрийн мэдээлэл" сэтгүүлд нийтэлнэ. Бусдыг нь ойрын үед УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ онд багтаан хэлэлцэж өгөхийг УИХ-ын удирдлагаас хүснэ. Ирэх оноос эдгээр зөвшөөрөл хүчингүй болж, үйл ажиллагаа нь жигдрэх боломжтой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.