2010.12.16

Барилгын зөвшөөрөл авах хугацаа 2,8 дахин багаслаа

-Барилга барих тусгай зөвшөөрөл авахад 120-оод хүний гарын үсэг зуруулж, үүндээ аж ахуйн нэгжүүд 480 орчим хоног зарцуулдаг байв . Тэгвэл энэ гарын үсгийн тоо 52 хувь цөөрч, зарцуулах хоногийн тоо 2.8 дахин багасч байна. Ингэснээр ийм зөвшөөрлүүдийг авсаар жил гаруй хугацаа алддаг байсан бол одоо хагас жилд л багтах болж байгаа юм.

-"Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд бизнесийн орчныг хөнгөвчлөх арга хэмжээ авах тухай Засгийн газрын амлалт биеллээ олж байгаа нь энэ юм. Бизнес эрхлэхэд олгодог нийт 337 зөвшөөрлийн гуравны нэг нь буюу 101 нь хүчингүй болж байгаа аж. Энэ 101 тусгай зөвшөөрлийн зарим нь өчигдрөөс эхлэн хүчингүй болж байгаа бол тодорхой хуульд оруулах өөрчлөлт оруулах шаардлагатай зарим нь шинэ оны эхнээс хүчингүй болох аж. Энэ тухай өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдсэнээ Шадар сайд М.Энхболд мэдээллээ. Шадар сайдын хэлж байгаагаар 21 хуульд өөрчлөлт орж байж зарим тусгай зөвшөөрөл цуцлагдах шаардлагатай бөгөөд үүнийг тун удахгүй УИХ-д өргөн барих гэнэ. Ингэхдээ энэ асуудлыг энэ онд багтаан шийдэж өгөхийг УИХ-аас хүснэ гэдгээ ч хэллээ.

Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх, Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх, Газрын кадастрын судалгаа хийх, Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх, үрийн талбайд сортын хянан баталгаа, Барилга байгууламжийн газар сонгох, зураг төсөл зохиох, ашиглалтад оруулахад гаргах эрүүл ахуйн дүгнэлт гаргах болон Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгоход цагдаагийн байгууллагын тодорхойлолт гаргах зэрэг 101 тусгай зөвшөөрөл хүчингүй болж байгаа юм.

 

Түүнчлэн дээрх 101-ээс гадна Нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл, Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн зааврыг хянаж баталгаажуулах, Хүнсний үйлдвэрийн ажлын байрны дүгнэлт гаргах зэрэг 10 тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхээр болсон байна.

 

"Бизнесийн орчны шинэтгэлийн жил"-ийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд захирамж гарган Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж боловсронгуй болгох асуудлыг судлан боловсруулах ажлын хэсгийг Шадар сайд М.Энхболдоор ахлуулан байгуулсан юм.

 

Ажлын хэсэг 6 cap ажиллаж, 11 яам, 25 агентлагаас ирүүлсэн, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 337 зөвшөөрлийн жагсаалтыг нэг бүрчлэн хянаж үзсэний дүнд дээрх шийдвэрт хүрчээ.

 

Хүчингүй болгох шаардлагатай зөвшөөрлийг сонгохдоо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан "нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно" гэж заасныг гол үндэс болгосон байна. Мөн аливаа зөвшөөрөл, эрх зүйн акт нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, хууль тогтоомжид тусгайлан заасан эсэхийг шалгуур болгожээ.

 

Засгийн газрын энэ шийдвэртэй холбогдуулан хуульд зааснаас бусад тохиолдолд аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох, дүгнэлт гаргах, бүртгэл явуулах, төлбөр, хураамж авахыг хориглож, энэ талаар эрх зүйн акт гаргахгүй байх, хуульд заасан зөвшөөрлийг нарийвчлан зохицуулах нэрийн дор нэр төрөл, тоо хэмжээ нь нэмэхгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсөн байна.

 

Харин бизнесийн орчныг хөнгөвчлөх талаарх арга хэмжээгээр Засгийн газар цаашид ч үргэлжлүүлнэ гэдгийг Шадар сайд хэлсэн юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.