Баатар дарга баатар хүн шиг шийдвэр гаргах байлгүй дээ
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2015.03.18

Баатар дарга баатар хүн шиг шийдвэр гаргах байлгүй дээ

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан уржигдар боллоо. Нийслэлийн зарим өмчийн газар буюу 19 объектыг хувьчилж эхлэх гэж байгаа тухай хэлэлцжээ.

Тэр жагсаалтын хамгийн эхэнд Гэрлэх ёслолын ордон орсон байна. Гэтэл энэ ордонг хувьчлах нь гэсэн мэдээ сошиал ертөнцөд бөөн шуугиан тарив. Цахим сүлжээгээр жиргээчид бухимдаад сүйд болж байгаа харагдлаа. Төр, хувийн байгууллагын аль нэгт нь хуримаа хийх тийм чухал зүйл үү.

Ямар ялгаа байна аа.Гэрлэх ёслолын ордон нь 1976 оны зургаадугаар сарын 14-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлж 1976- 1991 он хүртэл Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтэстэй хамтран чиг үүргээ хэрэгжүүлж байгаад 1992 оноос өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар аж ахуйн тооцоонд шилжжээ.

Нэг тэрбум 693 сая254. мянган төгрөгийн нийт хөрөнгөтэй. Барилга нь 15 өрөө тасалгаа бүхий 1878 ам.метр талбайтай гурван давхар, 10 мянга 526 ам.метр эзэмшил газартай. Өнгөрсөн онд 46 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэнэ. Тарифт нь өөрчлөлт орж хуучин үнээсээ 40 мянган төгрөгөөр нэмэгдэж, 756 мянган төгрөг болжээ. Энэ бол залуу хосын Гэрлэх ёслолын ордонд орох үнэ. Жил бүрийн намрын дунд сарын шинийн 17 болон бас нэг өдрийг сайн өдөр гэдэг. Хурим хийх захиалга их ирдэг тул ачааллыг бууруулах зорилгоор зөвхөн тэр хоёр өдөрт зориулан сая төгрөгийн тариф тогтоосон байдаг. Зун намрын цагт ачаалал ихтэй байдаг энэ газар тарифаа нэмсэн атлаа яахаараа алдагдалтай ажилладаг юм бол гэж эргэлзмээр. Эсвэл өнөө төрийн юм үнэгүй гэдэг нь энэ үү.

Хувьчилбал үйл ажиллагааны чиглэл нь хэвээрээ байх уу, цирк шиг зориулалтын бусаар ашиглуулахгүй гэх мэтээр жиргээчид цаагуур чинь сүржигнэж байна. Аливаа зөв шийдвэрийг гаргахад ер нь нийгмийн сэтгэл зүй огт хамаагүй байдаг. Нийгэмд зайлшгүй хийх ёстой зүйл гэж бий. Тэрийг цаг алдалгүй хийх л учиртай. Манай төр засгийнхан "Олон нийтэд таалагдахгүй байх вий. Сонгуулиар авах хэдэн саналаа алдчих юм биш биз” гээд уйлах нь холгүй болчих юм. Тэгээд асуудлаа шийдвэрлэж чадахгүй шийрэгнээд байна. Угтаан бол шийдэх зүйлийг цаг алдалгүй шийдэх л ёстой. Цагаа олсон шийдвэрийг ард түмэн зөв гэдгийг нь жишээ болгон татах олон шалтгаан байна.

Эмнэлгийг хувьчлах хэрэггүй гэж байсан цаг саяхан. Хувьчилчих юм бол хэн эмчлүүлэх юм бэ гээд л ярьдаг байв. Гэтэл юу болов. Мөнгөө бариад эмнэлэгт дугаарлаж урт дараалал үүсгэдэг болсон байна. Сургуулийг хувьчил^ал тэнд сурах хүн олдохгүй гээд л байсан. Хачир дээрээ юу болов. Харвардад сурахаар хүмүүс явж байна. Харвард хувийнх ч энэ сургуулийг төгсөнө гэдэг нэр төрийн хэрэг. Тэгэхээр жагсаалтад байгаа газруудыг хувьчлах нь зөв. Хэн авах нь харин хамаагүй. Авсан хүнтэй нь хариуцлага тооцож чаддаг байх хэрэгтэй.

Дашрамд хэлэхэд манай улс Азидаа хамгийн том Гэрлэх ёслолын ордонтой нь. Дэлхийн бусад орнуудад өөрсдийн шашны сүм хийдэд гэрлэх ёслолоо үйлддэг уламжлалттай шүү дээ. Бэлэг дэмбэрлээ бодсон ч тэр хүндэлдэг, дээдэлдэг газраа л хуримаа хийх хэрэгтэй. Одоо биш ч хэзээ нэгэн цагт дэлхийн жишгээр Монголын энэ гэрлэх, хуримлах газар өөрчлөгдөж л таараа. Өнөөдөр хувьчилж эхлэхгүй юм бол хэзээ гэж. Баатар дарга баатар хүн шиг л шийдвэр гаргах байлгүй дээ.