Сайд Г.Шийлэгдамба Куба улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Куба улсаас манай улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Омар Л Меррерог хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Омар Л Мерреро уулзалтын эхэнд “Өндөр босготой, нийгэмд их мэдрэмтгий салбарыг удирдах болсонд сайд Г.Шийлэгдамба танд баяр хүргэе” хэмээсэн. Тэрбээр “Би өмнөх Эрүүл мэндийн сайд, дэд сайд нартай уулзаж байсан. Манай улс 1959 оны хувьсгалаас хойш эмч нарынхаа боловсролд маш их анхаарал хандуулж ирсэн. Тэр ч утгаараа өнөөдөр манай эрүүл мэндийн салбарын боловсон хүчнүүд дэлхийд тэргүүлж байгаа. Куба улсын Засгийн газраас Монгол Улсад олгодог гол тэтгэлэг бол анагаах ухааны салбар байдаг. Манай улсад бэлтгэгдсэн танай улсын эмч мэргэжилтнүүд салбартаа тэргүүлсэн эмч мэргэжилтнүүд болсонд бид баяртай байгаа” гэсэн юм.
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Танай сайхан оронтой бид эртнээс уламжлалт харилцаатай байсаар ирсэн. Тэр тусмаа эрүүл мэндийн салбарт боловсон хүчнээ бэлтгэх тал дээр хамтарч ажилласаар ирсэн. Одоо ч тийм боломж байгаа гэж найдаж байна. Өмнөх удирдлагуудад танилцуулж байсан ажлуудтай чинь танилцаж, цаашид үргэлжүүлэх боломжтой эсэхийг судална” гэсэн юм.
Энэ үеэр элчин сайд Омар Л Мерреро Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг нутагт нь айлчлах албан ёсны урилгыг Куба улсын Эрүүл мэндийн сайд өгснийг дамжуулсан юм.
Г.Шийлэгдамба сайд урилгыг талархалтай хүлээн авч буйгаа илэрхийлээд Засгийн газар хооронд ажиллах ямар боломж байгаа судалж албан ёсоор хариу өгөхөө уламжилсан юм.