Монгол аюулгүй улс мөн үү?
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Азийн бүсийн хурал Монголд болж байна.
2015.03.11

Монгол аюулгүй улс мөн үү?

Монгол бол тайван орон. Үндэстэн хоорондын мөргөлдөөнгүй, хоёр хөрштэйгээ газар нутгийн маргаангүй, хэт даврагсад байхгүй. Өөрөөр хэлбэл аюулгүй орон. Гэхдээ “аюулгүй байдал” гэдэг үгийг зөвхөн цэрэг, улс төрийн агуулгаар ойлгох нь зөв үү?

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE, Organization for Security and Co-operation in Europe) гэж бий. Монгол улс 2012 онд гишүүн нь болсон. Энэ байгууллагын ээлжит бүсийн хурал Монголын гадаад хэргийн яамны байранд гурван өдөр үргэлжилж байна. Гэхдээ ямар учиртай байгууллага гэдгийг тэр болгон мэдэхгүй.

Аюулгүй байдал гэж юу вэ гэдэг дээр нэгдсэн ойлголт байдаггүй. Зарим нь бусад руу дайрч орчихоод тэрийгээ аюулгүй байдал гэдэг. Нөгөө хэсэг нь бусдын довтолгооноос өөрсдийгөө хамгаалахыг аюулгүй байдлаа хангаж байна гэж үздэг.

Тиймээс 1975 оны 8 дугаар сард Финляндийн нийслэл Хельсинк хотод Европын 21 орны төлөөлөл цуглаад ерөөсөө “аюулгүй байдал” гэдэг нэгдсэн ойлголттой больё гэж ярилцжээ. Дээрээс нь халуун дайны дараагаас эхэлсэн хүйтэн дайныг дуусгая гэж тохиролцов. Хельсинкийн бага хурлаар  “Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг” гэдгийг баталснаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага бий болжээ. 

"Хельсинкийн төгсгөлийн баримт бичгийг" батлав. 1975 оны 8 дугаар сар.

Анх Европын баруун эргийн орнууд гишүүнээр элссэн. 1990-иэд онд Төв Европ, Зүүн Европын орнууд нэгдэж орсон. Дараа нь Төв Азийн орнууд элсэж эхэлсэн. АНУ, Канад ч энэ байгууллагын гишүүн. Тэгэхээр Ванкувераас Владивосток хүртэлх өргөн уудам газар нутгийг  хамарсан аюулгүй байдлын орон зай үүссэн гэсэн үг.

Энэ удаагийн хурлын сэдэв нь цэрэг, улс төрийн тусгай мөрдлөгийн дүрмийн асуудал. Зэвсэгт хүчинд тавих хяналт, хүчний байгууллага дахь хүний эрхийн талаар ярилцаж байна.

ЕАБХАБ-ын энэ удаагийн бүсийн хурал Азийн түнш орнуудын хүрээнд явагдаж байна.

Гэхдээ цэргийн тал дээр асуудалгүй Монгол улс үүнд ямар хамаатай юм гэж асууж магадгүй. Учир нь аюулгүй байдал гэдэг зөвхөн цэрэг, улс төрд хамаатай зүйл биш. Эдийн засаг, экологийн орчин аюулгүй байх ёстой. Хүний аюулгүй байдал хангагдах ёстой. Ийм гурван чиглэлээр энэ байгууллага ажилладаг аж.

Хэрвээ эдийн засаг, экологийн аюулгүй байдал яривал Монгол улс нэлээд доогуур байр эзэлж муу дүн авах нь тодорхой.

Тиймдээ ч манай улс 2004 оноос хамтын ажиллагааны түнш гэсэн статустай ЕАБХАБ-ын ажилд оролцож эхэлсэн. 2012 онд оролцогч орон болсон. Өөрөөр хэлбэл гишүүн орон.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн:

- Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ази тив дэх цорын ганц бүрэн эрхтэй гишүүн. Тиймээс бүс нутагтаа энэ байгууллагын зорилго, чиглэл, үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр сурталчлах ёстой. Гишүүн орны хувьд үүргээ биелүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон бүс нутагт энэ хурлыг хийсэн. Азийн бүсийн хурал нь манайд болж байна. Европ, Төв Ази, Зүүн Азийн 30 гаруй орны төлөөлөл оролцож байна. Сүүлийн үед зарим бүс нутагт хүчний байгууллага олон нийтийн хяналтаас гарах төлөв ажиглагдаж байна. Тиймээс хүчний байгууллагад ардчилсан хяналт тавих, хүчний байгууллагаас үүдэлтэй хүний эрх зөрчигдөхгүй байх нь чухал байдаг. Энэ нь хурлын гол сэдэв болж байна.

ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга Г.Ганболд

ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга Г.Ганболд:

- Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага 57 орныг багтаасан, бүс нутгийн хамгийн том байгууллага. Монгол улс байгаль орчин, эдийн засгийн аюулгүй байдал, хүний аюулгүй байдал гэсэн хоёр чиглэлээр уг байгууллагатай хамтарч ажилладаг. Энэ байгууллагаас бидэнд сурах зүйл их. Сурч мэдсэн зүйлдээ үндэслээд үндэснийхээ чадавхийг дээшлүүлэх зорилготой.

Хурал ЕАБХАБ-ын Азийн түнш орнуудын хүрээнд явагдаж байгаа. Туркменистан, Казахстан, Тажикстан, Узбекистан, Кыргызстан зэрэг орны төлөөлөл ирсэн.