Ж.Энхбаяр: Зэвсэгт хүчнийг улс төрийн тэмцэлд татан оруулах зохион байгуулалттай улс төр явж байна
2012.03.07

Ж.Энхбаяр: Зэвсэгт хүчнийг улс төрийн тэмцэлд татан оруулах зохион байгуулалттай улс төр явж байна

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр МАН-ын бүлгийн гишүүдэд мэдээлэл хүргүүлжээ. Үүндээ АН-ын нэр бүхий хоёр гишүүн өөрийг нь сайдаас огцруулахаар УИХ-ын даргад хандсан шалтгаануудыг няцааж хуулийн үндэслэлийг тайлбарласан байна. Бидэнд олдсон мэдээллээр бүлгийн гишүүддээ ингэж хандсан шалтгаанаа сайд Ж.Энхбаяр "Улс төрийн албан тушаалтныг огцруулах нь ихэнхдээ улс  төрийн шалтгаантай байдаг. Энэ удаа ч тийм байгаа. Огцруулах шалтгаан нь улс төрийн зорилготой учраас тэрхүү албан тушаалтныг огцруулахгүйгээр авч үлдэхэд ч улс төрийн дэмжлэг хэрэгтэй болдог. Өнгөрсөн хугацааны Монголын улс төрд ийм жишиг олон байсан. Би УИХ-ын гишүүдийн, бүлгийн гишүүдийнхээ дэмжлэгээс гадна үнэнд найдаж байгаа. Тийм учраас үйл явдлын үнэн бодит байдал, хуулийн үндэслэлийг та бүхэнд хүргүүлж байгаа" гэж зарим гишүүдэд ярьж явжээ. УИХ-ын төвшинд тараасан энэхүү хаалттай мэдээллийг нийтэлж байна.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүдээс 2012 оны  хоёрдугаар сарын 17-ны өдөр УИХ-ын дэд дарга Г.Батхүүд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан уг тогтоолын төслийн үндэслэлд дурьдагдсан дүгнэлтүүдэд дараах хариу тайлбарыг өгч байна. Юуны өмнө уг үндэслэл нь бодитой, үнэн зөв мэдээлэлд тулгуурлаагүй, миний өөрийн тайлбар, тус яамны эрх бүхий хүмүүсийн албан ёсны танилцуулга дээр үндэслээгүй, холбогдох хуулиудын заалтууд, миний хэвлэл мэдээллээр хийсэн мэдэгдлүүдийг мушгин тайлбарласан, ашиг сонирхлын зөрчил бүхий хувь хүний албан бус мэдээлэл, сүүлийн үед тараагдсан миний болон Монгол Ардын Намын нэр хүндийг унагахад чиглэсэн гүтгэлгийн шинжтэй хэвлэлийн материалуудад тулгуурлан боловсруулагджээ гэж үзэж байгаагаа тэмдэглэж байна.

 

Уг танилцуулгын 1 дүгээрт доорх дүгнэлтийгхийжээ

Нэг. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нь Улаанбаатар хотод ойрхон байрлалтай цэргийн ангиудыг дахин тоноглон тусгайлан бэлдэж бэлэн байдалд оруулах саналыг Батлан хамгаалах сайдын зөвлөлийн хуралдаанаар оруулсан байна. Хэвлэл мэдээлэлд үүнийгээ "зэвсэгт хүчний гол үүрэг байлдааны бэлэн байдалд байх явдал" гээд долдугаар сарын 1-нд болсон үйл явдлаас сургамж авсан. Ийм хэлбэрийн онц байдал зарласан үед Батлан хамгаалах салбар бэлэн байдалд байх ёстой гэж тайлбарласан байна.

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн Хуулийн арваннэгдүгээр зүйлийн 2-т "Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна" гэж заасныг ноцтой зөрчиж байна.

1. Би Батлан хамгаалахын сайдаар томилогдож ажил үүргээ хүлээн авсан анхны өдрөөсөө эхлэн "Зэвсэгт хүчин эх орноо гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах бэлтгэлийг хангах", "Зэвсэгт хүчин үүргээ биелүүлэхэд байнга бэлэн байх" гэсэн Монгол Улсын хууль, тогтоомжид заагдсан үндсэн чиг үүргээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх талаар санаа тавин ажиллаж байна.

Энэ нь ерөнхий зориулалтын цэргийн буюу мото буудлагын хороод төрөл, мэргэжлийн цэргийн үндсэн анги салбаруудын тайван цагийн байнгын бэлэн байдлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болсонтой холбоотой юм. Ийм учраас эдгээр анги, салбарын чадавхыг шат дараалан нэмэгдүүлэх, үүний тулд гадаадаас шинээр хүлээн авч буй зэвсэглэл, байлдааны техникийг эхний ээлжинд тодорхой нэг ангид төвлөрүүлэн, цэргийн хот-хон, агуулах, офицер, ажилчдын орон сууц зэргийг нь үлгэр жишээ болгон засаж тохижуулах талаар өмнөх сайдын үед эхэлсэн ажлыг үргэлжлүүлэх асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай санал, бодлоо солилцож байгаагаа Монгол Улсын ямар ч хуулийг зөрчөөгүй Батлан хамгаалахын сайдын хийх ёстой үндсэн үүргээ хэрэгжүүлж байгаа явдал гэж үзэж байна.

Хуулийн лавлагаа:

Монгол Улсын Үндсэн хуулиас

Хорин тавдугаар зүйл 2. Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийг-мийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:

2/ Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо ор-шин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээ-нийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.

 

Гучин гуравдугаар зүйл 1. Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

 

12. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулашгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиас

13 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх:

6. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулашгуй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгнө.

Батлан хамгаалахын сайд дур мэдэн Онц байдал зарлах, тэр тусмаа цэрэг хөдөлгөх захирамж өгөх эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй юм. Түүний дотор Онц байдлын тухай болон Зэвсэгт хүчний тухай хуулиудад зааснаар цэргийн анги, байгууллагууд нь зөвхөн цагдаагийн байгууллага, дотоодын цэрэгт дэмжлэг үзүүлэх, ингэхдээ эдгээр байгууллагад хэрэглэхийг зөвшөөрсөнтэй адил төрлийн зэвсэг, тусгай хэрэгсэл ашиглах ёстой учир ард түмнийхээ эсрэг байлдааны зэвсэг хэрэглэх тушаал өгөх, түүнийг нь уг үйл ажилла-гаанд оролцож буй анги, салбаруудын бие бүрэлдэхүүн биелүүлэх ямар ч бололцоогүй юм. Үүнийг Онц байдлын тухай хуулийн дараахь заалтуудаар тодорхой зохицуулсан байдаг.

Тусгай хэрэгсэл, хувцас, агсамжаар хангагдаагүй, бэлтгэж сургагдаагүй, тэдэнтэй хамтран ажиллах ямар ч төлөвлөгөөгүй байснаас болж маш хүнд байдалд орсон тухай тэр үед ЗХЖШ-ыг удирдаж байсан хүмүүс, анги салбарыг командалж байсан офицеруудын надад ярьсан, илтгэсэн зүйлүүдээс хийсэн дүгнэлт дээр тулгуурлан уг асуудлыг хөндөж тавьсан болно.

Уг танилцуулгын  2 дугаарт доорхи дүгнэлтийг хийжээ

Хоёр. Иргэнийхээ эсрэг зэвсэгт хүчнийг Байлдааны бэлэн байдалд оруулахаар бэлтгэж байгаа нь Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Батлан хамгаалах нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалахад улс орны бэлэн байдлыг хангах, хамгаалах зорилготой..." гэснийг зөрчсөн бөгөөд "байлдааны бэлэн байдал" тогтоох нь Батлан хамгаалахын сайдын бүрэн эрхийн асуудал биш тул эрх мэдлээ хэтрүүлсэн байр суурь мөн.

Би Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлыг хүлээн авсан анхны өдрөөсөө эхлээд ямар ч үг яриандаа иргэдийнхээ эсрэг зэвсэгт хүчнийг байлдааны бэлэн байдалд оруулах агуулгатай нэг ч зүйл яриагүй болно.

Мөн миний болон манай яамны зүгээс хэрэгжүүлж эхэлж байгаа бодлого, үйл ажиллагаа нь энд тэмдэглэсэн "байлдааны бэлэн байдал" дур мэдэн тогтоох гэсэн зорилгыг огт агуулаагүй бөгөөд Зэвсэгт хүчнийг байлдааны бэлэн байдлын дээд шатны зэрэглэлүүдэд шилжүүлэх асуудлыг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчын тушаалаар хэрэгжүүлдэг бөгөөд Батлан хамгаалахын сайд, улс төрийн зүтгэлтэн энгийн хүнд ийм эрх огт байдаггүй болно.

Уг танилцуулгын З дугаарт доорх дүгнэлтийг хийжээ

Гурав. "Батлан хамгаалах салбарт энгийн хүн хэрэггүй" хэмээн Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр мэдэгдэж 100 хувь цэргийн байгууллага гэж тодорхойлон боловсон хүчний бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн нь Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл баримтлал, Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс болон холбогдох бусад хуулиуд, бодлогын бичиг баримтад заасны дагуу Батлан хамгаалах яам нь батлан хамгаалах бодлого, түүний хэрэгжилтийг зохион байгуулдаг төрийн захиргааны төв байгууллага байх зарчмыг хөсөрдүүлэн хууль зөрчиж 1996 оноос энэ чиглэлд хийсэн эрх зүйн болон үйл ажиллагааны шинэтгэлийг бүхэлд нь үгүйсгэж байна.

Би "Батлан хамгаалах салбарт энгийн хүн хэрэггүй" гэсэн агуулгатай үгийг мөн л огт хэлээгүй бөгөөд харин батлан хамгаалах салбарт надаас өөр улстөрч энгийн хүн байж болохгүй гэдэг байр суурийг хатуу баримталж байна. Түүнчлэн БХЯ-ны орон тоонд тусгагдсан цэргийн мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой албан тушаалуудад цэргийн боловсрол эзэмшсэн, цэргийн жинхэнэ албаны хүмүүс байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа болно.

Үүний зэрэгцээ ардчилал өндөр хөгжсөн бусаД орны жишгээр БХЯ аажмаар иргэнших ёстой гэсэн үйл ажиллагааны зарчмыг би мөн баримтлах бодолтой байгаа бөгөөд тус яамны ажилтнуудын 70 хувь нь цэргийн орон тооных, 30 хувь нь энгийн байхаар гаргасан өмнөх сайдын шийдвэрийг эргэн харж энгийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, үүний тулд батлан хамгаалах салбарт шаардлагатай олон улс судлаач, эдийн засагч, төрөл бүрийн мэргэжлийн инженерийн, ялангуяа мэдээллийн технологийн чиглэлийн энгийн шинжээчдийн хүчтэй багаар БХЯ-ыг бэхжүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Миний явуулж эхэлж байгаа ажил үйлс болон хэлж байгаа үгс нь танилцуулгад дурьдсан шиг олон түмний дунд айдас төрүүлэхээр зүйл огт биш бөгөөд харин ч ард иргэдийн, түүний дотор Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дийлэнх олонхийн дэмжлэгийг хүлээж байгаа нь надтай уулзаж, ярилцаж байгаа, санал бодлоо илэрхийлж байгаа энгийн хүмүүс, цэргийн албан хаагчид, ахмад дайчдын яриа захиас, түүнчлэн хэвлэл мэдээллээр нийтлэгдэж байгаа олон материалаас харагдаж байна.

Харин Ардчилсан намын хариуцлагатай хүмүүсийн хэвлэл мэдээллээр хэлж байгаа үгс, нийтлүүлж байгаа материалууд нь ард түмэнд айдас төрүүлэх, цэрэг армидаа итгэх итгэлд нь эргэлзээ төрүүлэх, улмаар Зэвсэгт хүчнийг улс төрийн тэмцлийн талбарт татан оруулах зорилго бүхий зохион байгуулалттай үйл ажиллагаа мэтээр ойлгогдож эхэлж байгаа болно.

Тусгайлан тэмдэглэх зарим асуудал

Эдгээрээс гадна хэдийгээр , УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийн үндэслэлд дурьдагдаагүй боловч хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн, Ардчилсан намын удирдлагын хүмүүсийн удаа дараа өгсөн ярилцлагуудад хөндөгдсөн зарим зүйлд хариулт өгч тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ.Үүнд:

 

Мэргэн буудагчдыг ард түмнийэсрэг хэрэглэхээр бэлтгэжбайгаа гэх асуудлаар:

 

Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд мэргэн буудагчдыг бэлтгэх ажил олон жилийн түүхтэй бөгөөд улс орон болгонд байдаг анги, салбарын байлдааны бэлтгэл сургуулийн ердийн нэг хэлбэр юм. Харин мэргэн буудагчдыг тусгайлсан сургалтаар бэлтгэх ажил Э одоогоос жил орчмын өмнө эхэлсэн тухай надад холбогдох албан тушаалтнууд илтгэсэн болно. ЗХЖШ шийдвэр гаргаж эхний ээлжинд 2011 оны арван нэгдүгээр сард 015-р анги дээр 60 хүн бэлтгэсэн бөгөөд энэ оны гуравдугаар сард дараагийн ээлжийн хүмүүсийг бэлтгэхээр АНУ-аас тусгай анги, салбарын мэргэжлийн мэргэн буучид ирэх гэж байгаа юм билээ.

Миний хувьд үүнийг байх ёстой   жирийн нэг зүйл.Зэвсэгт хүчин үндсэн үүргээ биелүүлэх бэлтгэлтэй байх тухай хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх хүрээнд авч буй арга хэмжээ хэмээн үзэж байгаа бөгөөд үр дүнтэйгээр үргэлжлүүлэх ёстой гэж бодож байна. Тэр тусмаа зэвсэгт хүчний анги салбаруудыг олон улсын энхийг сахиулах болон терроризмтай тэмцэх үйл ажиллагаанд сургаж бэлтгэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж ойлгож байгаа болно. Харин ийм хоёр рот байгуулах, тэр тусмаа Онц байдал зарласан үед ард түмнийхээ эсрэг ашиглахаар бэлтгэх саналыг Сайдын зөвлөлийн хуралдаанд тавьсан гэсэн агуулгатай материал "Өдрийн сонин"-д нийтлэгдэж, мөн хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр үүнийг МАН-ын даалгавраар хийгдэж байгаа ажил мэтээр цуурхал тарааж, Ардчилсан намын нэр хүнд бүхий зүтгэлтнүүд намайг ингэж ярьсан мэтээр шууд мэдэгдэж байгаа нь ард түмний санаа сэтгэлд нөлөөлж айдас, хүйдэс бий болгох гэсэн оролдлого, зохион байгуулалт-тай гүтгэлэг гэж ойлгогдож байгаа учраас энэ асуудлаар шүүхэд хандах нь зүйтэй гэж үзэж байгаа болно.

Хуулийн лавлагаа:

Офицерийн алба хаах журмаас

3.2.2. Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцпогыг харгалзан офицерийн албан хаагчид тавигдах ерөнхий шаардлага хангасан, "Зэвсэгт хүчний анги, байгууллагад офицер, ахлагчийн албанд ороход мэргэшлийн шалгалт авах журам"-ийн дагуу шалгалт өгч тэнцсэн 35 хүртэлх насны иргэнийг офицерийн гүйцэтгэх албан тушаалд энгийнээр авч ажиллуулж болно.

3.2.4. Офицерийн албан тушаалд энгийнээр томилогдсон иргэнийг офицерийн албанд шилжүүлэхдээ албан тушаалд 6 сараас дооошгүй хугацаагаар ажиллуулсны дараа анги, байгууллагын санал, мэргэжлийн газар, хэлтсийн дүгнэлтийг үндэслэн офицер дамжаанд элсүүлэн суралцуулна. Офицер бэлтгэх дамжааг төгссөн иргэнийг офицерийн албанд авч цэргийн цол олгоно. Офицерийн албанд энгийнээр ажиллах хугацаа 1 жилээс хэтрэхгүй байна.

Цэргийн цол олгох  журмаас

14. Цэргийн хоёр цолны зэрэглэлтэй албан тушаалд цэргийн албан хаагчийг томилохдоо доод зэрэглэлийн цол олгосон бол дунд офицерт 3 жил, ахлах офицерт 4 жил ажилласны дараа албан тушаалын дээд зэрэглэлийн цолыг олгоно.

16. иргэний байгууллагад ажиллаж байгаад дунд, ахлах офицерийн албан тушаалд томилогдвол албан тушаалын цолны зэрэглэлээс хоёр зэрэглэл доогуур цол олгож дараагийн цолыг олгохдоо энэхүү журмын хоёр дахь хэсгийн 14дүгээрт заасныг баримтална.

Төгсгөлд нь тэмдэглэхэд: Сайдын зөвлөл болон ажил хэргийн санал солилцох ярилцлага дээр чухам юу яригдсаныг Батлан хамгаалахын сайдаас өөрөөс нь болон бусад байлцсан албаны хүмүүсээс Төрийн нууцын тухай хуульд заасан дэг журмын дагуу тайлбар аваагүй, харин өөр ажилд томилогдсондоо гоморхсон, тэгээд өндөр албан тушаалын цэргийн албан хаагч, ямар ч намын гишүүн бус байх ёстой боловч Ардчилсан намын бүлэгт очиж Сайдын зөвлөлийн хурал дээр болон ажил хэргийн журмаар санал бодлоо солилцох үеэр яригдсан цэргийн нууцад хамаарах зүйлийг задалсан хүний үгэнд тулгуурлан УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг боловсруулсан нь өөрөө хууль, зүйн талаасаа нухацтай дүгнэлт өгөх асуудал болон хувирсан болохыг тэмдэглэж байна.

 Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдЖ.Энхбаяр

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.