Орон сууцны зээл авсан иргэдийн зээлийн нөхцөлийг өөрчлөхгүй
Орон сууцны санхүүжилтийн корпорац ХХК Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ болж өөрчлөн байгуулагдсанаар иргэдийн орон сууцны зээл санхүүжүүлэх бус орон сууц барих, захиалах, хөтөлбөр хэрэгжүүлэх ерөнхий чиг үүрэгт шилжиж, иргэдэд орон сууцны зээл олгох, эргэн төлүүлэх чиг үүрэггүй болсон.Засгийн газрын 2014 оны 27 дугаар тогтоол гарч “4000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн зээлийн багцын 65 тэрбум төгрөгтэй тэнцэх хэсгийг Төрийн банкинд хоёрдогч өглөг хэлбэрээр бүртгүүлэх, үлдэх хэсгийг арилжааны банкинд шилжүүлэхээр тогтсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.
“Зээлийн багц шилжүүлэх, Төрийн банкны талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 27 дугаар тогтоолын дагуу шилжүүлэхээр шийдвэрлэсэн 65 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийн багцыг жилийн 5 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 2030 он хүртлэх хугацаанд төлж барагдуулах, зээл авсан иргэдийн зээлийн гэрээний үндсэн нөхцөлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр шилжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө
Үлдэх зээлийн багцыг жилийн 5 хувиас доошгүй хүүтэй, 2030 он хүртлэх хугацаанд төлж барагдуулах, зээл авсан иргэдийн зээлийн гэрээний үндсэн нөхцөлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр Засгийн газартай өр, авлагын тооцоогүй, Монгол банкны тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 1 жилийн хугацаанд хангасан арилжааны банкинд шилжүүлэхийг зөвшөөрлөө.