Нэг жуулчин 2000-2500 ам.доллар Монголд үлдээнэ гэж тооцоолсон
БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол
2015.02.26

Нэг жуулчин 2000-2500 ам.доллар Монголд үлдээнэ гэж тооцоолсон

Ирэх гуравдугаар сарын 2-11-нд ХБНГУ-ын Берлин хотод олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэн гарах гэж байна.

Энэ талаар болон аялал жуулчлалын салбарын хэтийн хөгжил, тулгамдаж буй асуудлын талаар хуралд оролцсон албан тушаалтнуудаас тодруулсан юм. Хэвлэлийн хуралд ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг, БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, “Аялал жуулчлал-ирээдүй” ТББ-ын дарга М.Есөнмөнх болон бусад албаны төлөөлөгчид оролцов.

-Гадаад хэргийн яам үзэсгэлэнд хэр ач холбогдол өгч байна вэ?

Х.Мандахцэцэг: Гадаад хэргийн яам энэхүү үзэсгэлэнд маш өндөр ач холбогдол өгч оролцож байна. ИТБ Берлин-2015 олон улсын үзэсгэлэнгийн гол түнш орны хувиар Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох учраас энэ талын ажлыг манай яам илүү анхаарч ажиллана. Мөн энэхүү арга хэмжээгээр дамжуулаад Монгол Улсын дэлхийд танигдсан урлаг спортын одуудыг гадаадад сурталчлах, тэднээр дамжуулж улсаа сурталчлах зорилт тавьж ажиллаж байна.

АНУ-ын Бостон хотоос Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг ирж оролцоно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндэт зочноор Олимпийн аварга Н.Түвшинбаяр оролцоно. Энэ талаар ч манай яам анхаарал хандуулж ажиллана.

-Төрийн бус байгууллага ямар зохион байгуулалттай оролцох талаар мэдээлэл өгөөч. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

М.Есөнмөнх: “ИТБ Берлин” үзэсгэлэнд оролцох шийдвэр хоёр, гурван жилийн өмнө гарснаас хойш бид бэлтгэл ажлаа хангасан. Энэ ганцхан төрийн ажил биш. Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага гэсэн гурвалсан түншлэлийн хэлхээ холбоог чухалчилсан үйл явдал. Эдгээр хэлхээ холбооны үндсэн дээр манай Төрийн бус байгууллагыг байгуулаад энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд манай төрийн бус байгууллага бэлтгэлээ.

Миний хувьд ажлын хэсгийг ахалсан. Бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Энэ сарын 28-нд бид эндээс явна. Үйл ажиллагаа маш шахуу хуваарьтай байгаа. Үзэсгэлэнд оролцож үр дүнгээ гаргах л чухал байна. Урлагийн баг хамт олон 40 гаруй тоглолт зохион байгуулна. Ажил хэрэгч уулзалтууд 20 гаруй байгаа.

Монгол Улсаас оролцож байгаа яамдын төлөөлөгчид, гадаадад Монгол Улсыг сурталчилж байгаа аялал жуулчлалын байгууллага, сайд болон бусад хувийн хэвшлийнхэн эдгээр уулзалтуудыг хамтран зохион байгуулна.

Монгол Улсыг төлөөлж оролцох 18 компани гурван стэндийг ажиллуулна. Хамгийн гол стэнд нь 26-гийн С гэсэн Азийн хоолны хэсэгт нэлээд том талбайг хамарч байрлуулна. Хоёрдахь нь 4/1 гэсэн адал явдалт аялал жуулчлалын хэсэг дээр Монгол Улс анх удаа үндэсний зургаан компаниа оролцуулна.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанид нэлээд ач холбогдол өгч үндсэн хаалганы тэнд МИАТ-ын стэндийг байрлуулж ажил хэрэгч уулзалтууд болно. Анх удаа гурван том газар үзэсгэлэн яармаг байгуулахаар боллоо.

-Яамны зүгээс ямар ажил хийж байна. Урлаг соёлын тоглолтын талаар тодорхой мэдээлэл өгөөч?

Д.Ганбаатар: Аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нэг чухал зүйл нь соёлоор улсаа сурталчлах байдаг. Тиймээс манай яам энэ талаар анхаарал хандуулж урлагийн бригадыг ахлах продакшныг шалгаруулсан. “On"n Off” продакшн шалгараад урлагийн багийнхныг зохион байгуулж, тэнд болох урлагийн тоглолтуудыг зохион байгуулна.

Орчин үеийн болон уламжлалт урлагийн бүх тоглолтуудыг авч очно. Нийтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын урлагийн гала тоглолт болно. Нөгөө талаас олон улсын үзэсгэлэн болсны дараах ажилд манай яам нэлээд анхаарал хандуулж ажиллана.

2015 оны зунаас эхлээд музейн цагийн хуваарийг өөрчлөх, үнэ тарифийг анхаарах, үзэсгэлэнгийн үеэр яригдсан чухал санаануудыг ажил хэрэг болгох, улс орныхоо хөгжлийг соёл урлагаар дамжуулж хүргэх талаар ажиллана. Үзэсгэлэнд оролцсоны дараа жуулчдын урсгал хоёр дахин нэмэгддэг.

Тэр утгаараа бэлтгэл ажлыг маш сайн хийхээр бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд Казиногийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Зам дэд бүтэц хөгжсөн газар байгуулагдах казиног байгуулж чадсанаар аялал жуулчлалыг татах том ажлын нэг болно.

-Өнгөрсөн онуудад Монгол Улс хамгийн ихдээ 500 мянган жуулчин авч байсан. Энэ тоог хоёр жилийн дотор хоёр сая хүргэнэ гэж салбарын сайд хэллээ. Гэхдээ жуулчин хүлээн авах хүчин чадал хэр байна вэ. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар ажиллаж байна уу?

БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол: Энэ бол бидний тавьж байгаа хамгийн том зорилго. Үнэхээр Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах ёстой гэж үзэж байгаа бол аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх зорилго тавьж байгаа. Тиймээс аялал жуулчлалын компаниудад тавьж байгаа стандарт шаардлагуудыг өөрчилнө. 10 гэр барьчихаад аялал жуулчлалын компани гэх юм уу, эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулчихдаг жуулчин очиход халуун устай, бие засах цэвэрхэн газартай, жуулчин явах маршруттай байх талаар анхаарна.

Монгол бол нүүдэлчний өвийг тээгч байдаг ч соёлт нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж байгаа гэдгээ сурталчлах ёстой. Нөгөө талаар аялал жуулчлалын маршрутыг бий болгоод энэ чиглэлээр ажиллах болно. Төсөл хэрэгжүүлж байж асуудлыг шийднэ. Монгол Улсын аялал жуулчлал улирлын чанартай учраас шаардлага хангах компаниудаа дэмжих талаар ажиллана. Монголд юу үзэх гэж очих вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Үүнийг төрийн зүгээс анхаарч, аялал жуулчлалын салбарт төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлье гэж бодож байгаа.

Монголыг зорих жуулчдыг нэмэгдүүлэхийн тулд дээр хэлсэнчлэн Казиногийн тухай хуулийг өргөн мэдүүллээ. Гадаадынханд нээлттэй байлгахаар зорьж байна. Монголд ирэх нэг жуулчнаас 2000-2500 ам.долларыг Монгол Улсад үлдээх талаар тооцоо гаргасан учраас уул уурхайгаас илүү ашигтай гэж харж байна.

-Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хориг саад болдог хууль байна уу. Хилээр үнэт эдлэл гаргахыг хориглосон хуулиас үүдэж дууриамал бүтээгдэхүүн ч гаргахад хэцүү байдаг гэж ярьдаг юм билээ?

М.Есөнмөнх: Аялал жуулчлалын салбарт ажилладаг компаниуд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд шинээр батлагдсан хуульд нэлээд олон санал хэлсэн. Зөрчилдөж байгаа асуудал байгаа. Гэхдээ шийдэж болох учраас аялал жуулчлалын салбарынхан сүүлийн хоёр жил нэлээд хамтарч ажилласан. Төрөөс энэ салбарт баримтлах бодлого зэрэгт саналаа тусгууллаа. Хил гаальтай холбоотой асуудал гардаг. Ялангуяа адал явдалт аялал жуулчлалыг сонирхдог жуулчид өөрсдийн зэвсэг, техникийг авч ирэх гэхээр асуудал үүсдэг.

-Монголыг тасралтгүй жуулчин зорих оновчтой брэнд бүтээгдэхүүн байна уу. Итгэлт хамбыг улирал харгалзахгүй жуулчин зорьдог шиг?

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар маш тодорхой тусгаж өгсөн. Энэ ажлын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гэдгийг боловсруулаад Засгийн газарт өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. Энэ хөтөлбөр дотор бүсчилсэн байдлаар төрөлжүүлэн хөгжүүлэх гэсэн асуудал орсон. Тасралтгүй урсах жуулчдыг татахын тулд гаргаж байгаа маршрутын дагуу ажил хийх ёстой. Тэр утгаараа 2020 он хүртэл жуулчид ирэх урсгалыг нэмэгдүүлэх талаар ажиллах төлөвлөгөө гаргачихсан.

-Үзэсгэлэнд оролцох төсвийн ихэнхийг төсвөөс гаргасан гэж байна. Хэдэн төгрөг шаардлагатай байна вэ? 

БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол: Энэ арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажилд чамгүй хөрөнгө шаардагдсан. Германд гэхэд гурван том үзэсгэлэн яармаг байгуулах шаардлага үүссэн. Бүтэн сарын турш энэ стэндийг байгуулахаар бэлтгэл ажил хийлээ. Улсын төсөвт энэхүү үзэсгэлэнг зохион байгуулах төсөв гэж 5.4 тэрбум төгрөгийг суулгасан.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөрсдөө гаргаж байгаа. Аялал жуулчлалын компаниуд маш их мөнгө хаясан. Тэдэнд талархал илэрхийлэх ёстой. Нийтдээ найман тэрбум төгрөгийн зардал гарч байгаа.

-Аялж жуулчлахад хамгийн таагүй орны жагсаалтад Монгол Улс орчихсон байна. Жуулчдыг зөвхөн мөнгө болгож хардаг асуудлаас үүдэж ийм нэртэй болчихсон. Хоёрдугаарт, монголчуудын үндсэрхэг үзэл их тээг садаа болдог. Жуулчин ирээд хийморийн овоон дээр гарахад хятадууд гарч ирлээ гэж чулуугаар шидэж гэмтээсэн асуудал гарч байлаа. Иргэдийнхээ хандлагыг өөрчлөх ажлыг эхлээд шийдэх ёстой биз дээ?

М.Есөнмөнх: Зөв асуудлыг хөндлөө. Аялал жуулчлалын салбарынхны толгой өвддөг асуудлыг нэг бол энэ болчихоод байна. Монгол руу ирээч ээ гэж маш их маркетинг хийж, асар их ажил болж мөнгө зарцуулдаг. Сайхнаар харуулах сурталчилгааг бид хангалттай хийдэг ч ирээд л үнэлгээ уначихдаг. Үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд нь сайн байлаа ч иргэдтэй харьцаад ирэхээр үнэлгээ байхгүй болчихно.

Чөлөөт зах зээлтэй улс юм учраас тэд маршрутаас гадуур худалдаа наймаа хийх зүйл гарна. Тэгтэл ард иргэд маань бараагаа хоёр гурав дахин үнэтэй зарах зүйл гарна. Үндсэрхэг үзэл маш их байна. ялангуяа хөдөө орон нутагт асуудал их байна. Хил орчмын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх гэж оролддог ч эргээд ирж байгаа хүмүүсийг үргээх асуудал гарсаар байгаа юм.

Олон нийтийг жуулчидтай  харьцах асуудалд анхаарах ёстой юм. Зочломтгой монгол гэсэн нэрийг авахын тулд иргэдээ соён гэгээрүүлэх асуудал зайлшгүй яригдах болоод байна. Мэдээллийг маш сайн өгч, хэвлэл мэдээлэлтэй хамтарч, сургууль соёлоор дамжуулж хийх хэрэгтэй болоод байна.

Д.Гантөмөр: Цагдаа гэхээс илүү аялал жуулчлалыг соёлжуулах менежмент чухал байна. Бусад улс оронд ард түмэн нь өөрсдөө гадагшаа аялагч болж явсаар асуудлыг илүү ойлгодог. Орон нутгийн иргэд өөрсдөө аялаад ирэхээр аялалд явах үеийн хүндэтгэл гэдгийг илүү ойлгоно.

Зочин соёл, эзэн соёл гэдгийг дэлхийн улс орнууд илүү их ярьдаг. Аялал зохион байгуулж байгаа компани энэ талаар ажиллах ёстой юм. Тэр ч утгаараа сайдын хэлсэнчлэн аялал жуулчлалын компаниудад шалгуур тавих асуудлыг энэ хүрээнд ярина.