Г.Шийлэгдамба: Хvн нэмвэл хvнс нэмэгддэг нь vнэн
Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба
2015.02.25

Г.Шийлэгдамба: Хvн нэмвэл хvнс нэмэгддэг нь vнэн

Өчигдөр Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн хөгжлийн төвд Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутан, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд баяр хүргэх ёслолын ажиллагаа болж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Үндэсний статистикийн хороон дарга С.Мэндсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат зэрэг албаны хүмүүс оролцов. Шинийн зургааны бэлэгт сайн өдөр болсон ёслолын ажиллагааны үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас дараах тодруулгыг авснаа хүргэж байна. 

-Шинийн зургааны бэлэгт сайн өдрийг товолж Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутан, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд баяр хүргэх ёслолын ажиллагааг зохион байгуулж байна гэж ойлгож болох уу? 

Улиран одсон “Ялгуусан” хэмээх модон морин жилд Монголчууд бид гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсанд Эрүүл мэнд, спортын сайдын хувьд сэтгэгдэл тун өндөр байгаа. Монголчууд “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж ярьдаг. Нөгөөтэйгүүр “Монголын үрс маш олон болох болтугай” гэж ерөөдөг шүү дээ. 

Өнөөдрөөс яг нэг сарын өмнө буюу модон морин жилийн үхэр сарын шинийн дөрөвний буюу аргын тооллын 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 08:27 цагт төрсөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын охин Монгол Улсын гурван сая дахь иргэн болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин нэр хайрласныг Монголын ард түмэн одоо ч тодхон санаж байгаа. Тэр бэлгэ дэмбэрэлтэй сайхан өдөр төрсөн 180 шинэ иргэн Х.Монголжин охины чацуутан болсон. 

Тэгээд ч Монгол Улсын хүн ам гурван саяд хүрсэн түүхэн тэр өдөр бол манай Эрүүл мэндийн салбарынхны хувьд ажлын нэгэн өдрийнхөө бүтээлийг тодорхой харах түүхэн боломжийг олгосноороо онцлогтой юм. 

Энэ өдөр Улаанбаатар хотод 84, хөдөө орон нутагт 94, хилийн чинадад гурав нийт 181 шинэ иргэн мэндэлсний 99 нь хүү, 82 нь охин байсан. Мөн хоёр ихэр хүүхэд тав мэндэлсэн нь Монгол Улс улам олуулаа, улам залуу улс болохын бэлгэдэл болсон юм. 

-Нээрээ бид гурван саяуулаа болоод сар болж байгаа юм байна шүү дээ. Саяхан л мэндэлж байсан санагдах юм?

Тийм ээ. Шинэ иргэд минь дуугаа хадаан Монгол Улсынхаа хүн амыг гурван сая болгосноос хойш яг нэг сар болж байна. Манай өнөөдрийн арга хэм­­жээний учир холбогдол нь Монголчууд нярайлсан эхийг тэнхрэх болон шинэ хүнийг хөлсөхөөс сэргийлж хэтэрхий эрт эргэхээс болгоомжилдог ёсыг бодолцож нэг сарын ойн дээр нь Монгол Улсын хүн амыг гурван сая болгосон иргэн, түүний чацуутнууд, тэднийг эх барьж авсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Эрүүл мэнд, спортын яамнаас баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг юм.

Монгол Улсын үе үеийн Засгийн газар эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг энэ тэргүүний зорилт болгон, шинээр төрсөн нярай бүрийнхээ эрүүл мэнд, өсөлт хөгжилтийг онцгойлон анхаарсаар ирсний үр дүнд хүн ам эрүүлжиж, төрөлт эрс нэмэгдэж, ялангуяа цэвэр өсөлт сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр ирлээ. Ялангуяа манай Монгол шиг газар нутаг томтой ч хүн ам цөөхөн, нягтшил багатай улсад хүн амын цэвэр өсөлт хамгийн чухал үзүүлэлт гэдгийг хүн бүхэн ойлгож, мэдэрч байгаа. 

Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас “Нөхөр үржихүйн эрүүл мэнд” гурван удаагийн Үндсэний хөтөлбөр, Эхийн эндэгдлийг бууруулах хоёр удаагийн стратеги, Хүүхдийн хөгжлийн цогц менежмент стратегийг хэрэгжүүлсний үр дүнд хүүхдэд бүрт үзүүлэх тусламжийн хүртээмж, чанар эрс сайжирч улмаар зонхилон тохиолддог, сэргийлэх боломжтой өвчнөөр эх хүүхэд эндэх явдал эрс буурсан нь Монголын хүн амын өнөөдрийн өсөлтөд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн нь дамжиггүй юм. 

-Нарийвчилсан судалгаа тооцоогоор 1000 эхэд ногдох төрөлт хэдэн оноос эрчимтэй өсч эхэлсэн бол? 

Би түрүүнд яриандаа дурьдсан. Монгол бол харьцангуй залуу орон гэж. Тэгэхээр 1000 эхэд ногдох төрөлт сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн нь ойлгомжтой. 

Тэрэн дундаа төрөлтийн тоо 2007 оноос тууштай өссөн нь ажиглагдаж байгаа. Сүүлийн жилүүдийн төрөлтийг он оноор нь тооцвол 2013 онд 79780, 2014 онд 81715 шинэ иргэнийг манай эмч, сувилагч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагчид эсэн мэнд төрүүлж, ганцхан сарын өмнө Монгол Улсын хүн амын тоо гурван сая хүрэхэд хүндтэй гавьяа байгуулжээ.

Энэ бол Эрүүл мэндийн салбарын нийт эмч, сувилагч, мэргэжилтнүүдийн Монгол Улсын өмнө байгуулсан том гавьяа, юугаар ч орлуулшгүй хүндтэй хөдөлмөр гэж дүгнэх бүрэн үндэстэй юм. 

-Ерөнхий сайд л аймгийн дарга нартай цахим хурал хийж харагддаг. Харин өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд 21 аймгийн шинэ иргэд, тэднийг төрүүлсэн эмч мэргэжилтнүүдтэй цахим хурал хийн хүндэтгэл үзүүлж байгаа нь Монголын төр гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад үзүүлж байгаа гүн хүндэтгэл боллоо шүү? 

Хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгч дараагийн сая дахь иргэнээ мэндлэхэд хүндэтгэл үзүүлдэг ёстой. Харин өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайдын хувьд гурван сая дахь иргэн болон түүний чацуутнууд, эмч мэр­гэжил­­тнүүддээ хүн­­дэтгэл үзүүлж байна. Өнөөдрийн цахим хуралд 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, эмч мэргэжилтнүүд, чацуутнуудын эцэг, эх холбогдож байгаа нь гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад Монголын төрөөс үзүүлж байгаа хүндэтгэл юм.

Бидний энэ арга хэмжээг дэмжиж “Макс Эксим” ХХК, “Анунгоо” компаниуд гурван сая дахь иргэнд жилийн хэрэгцээний живх, чацуутнуудад нь гарын бэлэг гардуулж, хамтран оролцож байгаад сэтгэгдэл өндөр байна. Энэ завшааныг ашиглан Монгол орны өнцөг булан бүрт гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг эх барьж авсан эмч, эх баригч нартаа дахин баяр хүргэж, Монгол Улсын хүн амыг өсөхөд оруулж буй гэгээн сайхан үйлсэд нь улам их амжилт хүсч байна.

Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг эх барьж авсан эмч, эх баригч нартаа өнөөдөр гардуулсан Батламж бол Эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө нүд цавчилгүй хөдөлмөрлөж яваа салбарынхаа нийт хамт олныг шагнасан Эрүүл мэнд, спортын сайдын Батламж гэж ойлгох хэрэгтэй. 

-Эцэст нэг зүйлийг тодруулъя. Саяхны Засгийн газрын хуралдаанаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг нэгдсэн эмнэлэг болгох шийдвэр гарсан. Энэ талаар?

Тус эмнэлгийн барилгыг Хууль зүйн яамны харьяанд шилжүүлж, конторын зорилгоор ашиглах шийдвэр гарчихсан байсан. Засгийн газрын хуралдаанаар эмнэлгийн барилгыг Эрүүл Мэнд, Спортын яамны харьяанд шилжүүлж нэгдсэн эмнэлгийн зориулалтаар 260-аас доошгүй ортой эмнэлэг болгон барьж ашиглах шийдвэр гаргасан.

Тус барилгыг менежмен­­тийн гэрээгээр орчин үеийн стандартад нийцсэн нэгдсэн эмнэлэг болгоно. Нэгдсэн эмнэлэг дотроо хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүд, төрөх гэх мэт бүх төрөлжсөн тасгуудыг нэг дор төвлөрүүлнэ.

Гэхдээ энэ эмнэлэг дотроо, төрийн тусгай албан хаагчдад үйлчилгээ үзүүлэх ажиллагааг нь давхар харьяалуулна.Энэ байшинг нэгдсэн эмнэлэг болгоход 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Бид нарийвчилсан тооцоо хийж үзээд 20 гаруй тэрбум төгрөгийн зардал гарахыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

Энэ мөнгө нь стандартын дагуу эмнэлэг болгох барилгын засвараас гадна, тоног төхөөрөмж гээд шаардлагатай бусад бүх зардлууд орж байгаа. Энэ оны наймдугаар сар гэхэд эхний ээлжийг нь ашиглалтад өгөх төлөвлөгөө гарсан байгаа.

392