Нэг сар хүрч буй 3 сая дахь иргэн болон түүний үе чацуутнуудад хүндэтгэл үзүүллээ
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба
2015.02.25

Нэг сар хүрч буй 3 сая дахь иргэн болон түүний үе чацуутнуудад хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин болон түүний үе чацуутнууд, тэднийг эх барьж авсан эмч, эх баригч нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

Модон морь жилийн үхэр сарын шинийн 4-ний өдөр буюу аргын тооллын 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 минутад төрсөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын охин Монгол Улсын 3 сая дахь иргэн болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Монголжин нэр хайрласан билээ. Тэр өдөр төрсөн 180 хүүхэд Монголжин охины чацуутан болсон юм.

Энэ өдөр нийслэлд 84, хөдөө орон нутагт 94, хилийн чанадад 3 нийт 181 хүүхэд төрсний 99 нь хүү, 82 нь охин байсан.

Мөн хоёр ихэр хүүхэд 5 мэндэлсэн нь Монгол Улс улам олуулаа болохын бэлэгдэл боллоо. Монголчууд нярайлсан эхийг тэнхрэх болон шинэ хүнийг хөлсөхөөс сэргийлж хэт эрт эргэхээс болгоомжилдог ёсыг дагаж нэг сарын ойн дээр нь Монгол Улсыг гурван сая болгосон иргэн, түүний чацуутнууд, тэднийг эх барьж авсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Эрүүл мэнд, спортын яамнаас баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн нь энэ юм.

Ёслолын арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, ЭХЭМҮТ-ийн захирал, нийслэлийн амаржих газрын дарга, 3 сая дахь иргэний ойрын чацуутнуудыг эх барьж авсан хүйн ээж нар, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, эмч мэргэжилтнүүд, чацуутнуудын эцэг, эх цахимаар холбогдож оролцлоо.

21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, эмч мэргэжилтнүүд, чацуутнуудын эцэг, эх цахимаар холбогдож оролцлоо

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба талархлын үг хэлж, 3 сая дахь иргэн болон эцэг эхтэй нь цахимаар холбогдож, баяр хүргэн, эрүүл мэнд өсч бойжихын ерөөл дэвшүүлж, “Батламж”, гарын бэлгийг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар уламжлуулан өгсөн юм.

Тус арга хэмжээний үеэр Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан Эрүүл мэндийн салбарынхан Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулахад хүчин чармайлт гаргаж, хамтран ажилласныг цохон тэмдэглээд, “Талархал” –ын батламж гардууллаа.

Мөн энэхүү арга хэмжээнд “Макс Эксим” ХХК, “Анунгоо” компани оролцож, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан “Макс Эксим” ХХК 3 сая дахь иргэнд жилийн хэрэгцээний живхийг хүргүүлснээ мэдэгдлээ.“Анунгоо” компани чацуутнуудад гарын бэлэгтэй ирснээ 3 сая дахь иргэний чацуутны эцэг, эхийн төлөөлөлд гардуулсан.

Бусад чацуутнуудын бэлгийг өрх, сумын эмч нараар дамжуулан хүргэсэн юм. Эрүүл мэнд, спортын сайд нийслэл болон хөдөө орон нутагт 3 сая дахь иргэн болон түүний чацуутнуудыг эх барьж авсан эмч, эх баригч нарт баяр хүргэж, Монгол Улсын хүн амыг өсөхөд оруулж буй том хувь нэмрийг үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүсээд Монгол Улсын 3 сая дахь болон чацуутныг эх барьж, түүхэн үйл явдлын гэрч болсныг алдаршуулж Батламж гардуулсан ба бүх аймгуудын эмч, мэргэжилтнүүдэд сайдын Батламжийг зэрэг гардуулав.