Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулна
Жил бурийн хоёрдугаар сард эрүүл мэндийн салбарынхан удирдах ажилтныхаа зөвлөгөөнийг хийж, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж энэ онд хийх ажлаа төлөвлөдөг. Тэгвэл 2015 оны эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрсөн баасан гаригт Эрүүл мэнд, спортын яаманд болж өнгөрлөө.
Зөвлөгөөнд УИХ, Засгийн газар, НҮБ, ДЭМБ, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нар, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн удирдлагууд оролцлоо. Улсын их хурлын гишүүн Д.Батцогт, С.Одонтуяа зөвлөгөөнд оролцож, эрүүл мэндийн салбарт анхаарч ажиллана гэдгээ дуулгасан юм.
2014 оныг Эрүүл мэндийн яамнаас “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд олон ажил хийсний үр дүнд эх, нярайн эндэгдэл буурчээ. Мөн жирэмсний эрт үеийн хяналтын үр дүн нэмэгдснээр ургийн гажгийг тодорхойлох, эрт илрүүлэхэд ахиц гарсан гэдгийг албаныхан хэлж байв. Тэгвэл энэ жил эрүүл мэндийн салбарынхан ямар асуудалд голчлон анхаарахаа зөвлөгөөнөөр ярилцлаа.
ЭМС-ын сайд Л.Шийлэгдамба “Эрүүл мэндийн салбар 2014- 2015” гэсэн илтгэл тавьж, сайдын илтгэлд хөндөгдсөн асуудлыг голчлон хэлэлцсэн юм. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын эрхзүйн орчинг сайжруул^ах асуудалд зөвлөгөөнд оролцогчид санал нэг байв. Мөн анхан шатны тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн салбарын засаглалын тогтолцоог сайжруулах асуудлыг хөндсөн юм, Ийнхүү зөвлөгөөнд оролцогчид салбарынхаа энэ онд хийж хэрэгжүүлэх ажилд санал бодлоо тусгах үүднээс хоёр бүлэгт хуваагдан нэн тэргүүнд шаардлагатай байгаа асуудлуудаа хэлэлцэв. Энэ үеэр албаны зарим хүмүүсийн байр суурийг сонирхлоо.
ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр: Өнгөрсөн онд бид мянганы хөгжлийн зорилтоо биелүүлсэн 2014 онд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтоо биелүүлсэн. Нярай болон ,1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулсан. Энэ бол бидний том амжилт. Энэ амжилтыг эрүүл мэндийн салбар дангаараа бататгах хэцүү. Тиймээс энэ амжилтаа өндөр хөгжилтэй орны төвшинд хүргэхэд эрүүл мэндийн байгууллагаас гадна олон нийт, төр засаг, салбар дундын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.
Хэлэлцүүлгээр эрүүл мэндийн салбарын засаглалын асуудлыг нэлээд хөндөж байна. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн бие даасан байдлыг бэхжүүлэх, санхүүгийн эрхтэй болох, хүний нөөц, менежментийн эрхийг шийднэ гэж байгаа нь чухал. Үүнээс гадна эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдсэн. Энэ хуулийг дагасан шинэ журам гарч ирэх ёстой. Хуулийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд манай салбарын хамт олон санаачлагатай байх үүрэг хүлээж байна.
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар:
Эрүүл мэндийн салбарыг хувьчлах асуудлын эсрэг ажиллана
2015-2016 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах чиглэл батлах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг үзлээ. Энэхүү тогтоолын төслийн Засгийн газраас өргөн барьж, байнгын хороонд хэлэлцэж байна. Энэ тогтоолд олон компанийг хувьд шилжүүлэх дуудлага худалдаагаар худалдах асуудал байгаа юм. Тухайлбал, эрүүл мэндийн салбараас “Оргил” рашаан сувилалыг дуудлага худалдаагаар худалдаж бүрэн хувьчлах асуудлыг тусгасан байна.
Мөн хоёр, гурав дахь шатлалын эрүүл мэндийн байгууллагуудыг төрийн өмчит компанид шилжүүлж, цаашид бие даалгах гэсэн утга санааг тусгасан байна. “Оргил” рашаан сувилал үндэсний хэмжээний том байгууллага. Энэ сувилалыг хувьчлах нь сөрөг үр дагавартай. Учир нь гурав дахь шатлалын эмнэлэгт хүнд хагалгаанд орсон иргэд тус сувилалд сувилуулдаг.
Тиймээс төрийн мэдэлд байх ёстой. Эрүүл мэндийн салбар төрийн мэдэлд, төрийн ивээл дор байх ёстой. Гуравдугаар шатлалын эмнэлгийг төрийн өмчит компанийн хэлбэрт шилжүүлнэ гэдэг нь цаашлаад хувьчлалын хэлбэрт орно гэсэн үг.
Эрүүл мэндийг салбарыг хувьчилснаар тухайн улсын нийгэм, эрүүл мэндийн салбар, иргэдэд ямар ч ач холбогдолгүй гэдгийг олон улсын судалгаа харуулсан байдаг. Гэтэл Монголд яагаад үүнийг хэрэгжүүлэх гээд байна гэдэг асуудал яригдана. Энэ тогтоолыг батлахад Эрүүл мэнд, спортын яам өөр санал өгсөн байсан.
Гэтэл бодлого барьж байгаа яамны саналыг тусгалгүй эмнэлгуүдийг бие даалгаж, төрийн өмчит компани болгох гэж байгаа нь хууль бус үйлдэл юм. Эрүүл мэндийн салбарыг санхүүгийн хувьд бие даалгах асуудлыг дэмжих естой. Харин төрийн албанаас салгах, хувьд шилжүүлэх асуудлыг дэмжиж болохгүй. Үүнээс урган гарах үр дүн салбарын ажилчид болон иргэдэд хүнд тусна. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс хувьчлах асуудлын эсрэг бодлого баримталж ажиллана гэв
711