Л.Болд, Ц.Оюунгэрэл нар сонгогчидтойгоо уулзлаа
УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл
2015.02.17

Л.Болд, Ц.Оюунгэрэл нар сонгогчидтойгоо уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар өчигдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзлаа.

Гишүүдийн зүгээс авто замын сүлжээг сайжруулах, газар олголтын асуудлыг хамгийн эхний зорилт болгон тавьсан нь үр дүнгээ өгчээ.2012 оны УИХ-ын сонгуулиар ардчилсан нам дийлэнх олонхийн суудал авахад Хан-Уул, Багануур дүүргээс Л.Болд, Ц.Оюунгэрэл нар иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон юм.

Тэдний хувьд цэцэрлэгийн дээвэр засна, сургуулийн талбай байгуулна, байшингийн өнгө сэргээнэ гэж амлалт өгөөгүй. Харин авто замын сүлжээг сайжруулж Хан-Уул дүүргийн замыг шинэчилнэ, газар олголтыг эрчимжүүлж, нийслэлийнхээ хүн бүрт газартай болгох, шууд ардчилал буюу иргэний оролцоонд тулгуурлан шийдвэр гаргах тогтолцоог бий болгох зорилт дэвшүүлж иргэд сонгосон юм.

Одоо орон нутгийн хөгжлийн сантай болж хороо, сумын иргэд өөрсдөө захиран зарцуулж, ёстой л цэцэрлэгийн дээвэр засах уу, сургуулийнхаа тайлбаг сайжруулах уу, байшингийнхаа гаднахыг шинэчлэх үү гэдэг сонголтоо хийдэг болсон. Энэ бол шууд ардчиллын үнэт зарчим бөгөөд тавьсан зорилтын биелэл юм. Олон жил яригдаж, цөөн жилд хийгдсэн авто замын шинэчлэлийг бий болгохын тулд гишүүд хөөцөлдсөн.

Үр дүнд нь Хан-Уулын зам сайжирч, нисэх яармагийн зам шинэчлэгдлээ. Тэд хүрз жоотуу барьж зам бариагүй ч хөрөнгө оруулалтыг нь шийдвэрлэхийн төлөө зүтгэсэн юм. Хийсэн ажил, санаж сэдсэн саналуудаа өнөөдөр Хан-Уул дүүргийн иргэдэд тайлагнаж байна. Цаашдаа хороо бүрээр иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөөд байна.