Дотоодын Үйлдвэрлэл Монгол Улсын нэр хүндийн баталгаа болох цаг ойрхон байна
"Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлт
2015.01.29

Дотоодын Үйлдвэрлэл Монгол Улсын нэр хүндийн баталгаа болох цаг ойрхон байна

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ес дэх жилдээ  уламжлал болгон зохион байгуулагдаж буй “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлт өчигдөр  “Мишээл экспо”-д боллоо. Үзэсгэлэн худалдаа  ирэх сарын 4-ийг  хүртэл “Мишээл экспо”-д үргэлжилнэ. 

Үүнээс гадна “Драгон төв”, Үндэсний үйлдвэрийн худалдааны төв буюу хуучнаар шөнийн зах  болон нийслэлийн төвийн зургаан дүүрэгт сар шинийн  баяр хүртэл зохион байгуулагдах юм. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд нийт 800 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа нь өргөн цар хүрээг хамарсан гэдэг нь харагдаж байсан юм. 

Тодруулбал, “Мишээл экспо”-д  226, Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв буюу  хуучнаар шөний захд   140,  “Драгон” төвд  40 гаруй,  төвийн зургаан дүүрэгт зохиогдож буй үзэсгэлэн худалдаанд нийт 400 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тэгвэл “Мишээл экспо” төвд болсон нээлтийн арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. 

Ёслолын арга хэмжээг нээж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар  үг хэлсэн юм. Уламжлал ёсоор морин хуур эгшиглүүлсний дараа хүүхдүүд олон ястны хувцасны үзүүлбэрээр хурсан олны нүдийг баясгав.  Үүний дараа Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар үйлдвэрлэгчидтэй уулзаж, бараа бүтээгдэхүүнийг нь сонирхон, санал бодлоо солилцлоо. 

Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн импортынхоос дутахааргүй болжээ

“Мишээл экспо”-д үргэлжилж буй үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлтийн үйл ажиллагааны дараа сайд нар болон холбогдох албаны хүмүүс үйлдвэрлэгчидтэй уулзаж, бараа, бүтээгдэхүүнийг нь сонирхлоо. Үзэсгэлэн худалдаа  хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа гэхэд хөл, хөдөлгөөн ихтэй байв. Эгээ л “Нарантуул”, “Бөмбөгөр” зэрэг хөл ихтэй газар яваа юм шиг сэтгэгдэл төрсөн гэхэд болно. 

Ёстой л түм түжигнэж, бум бужигнаж байсан нь монголчууд үндэс­ний үйлдвэрлэлээ дэмжих хүсэл, эрмэлзэлтэй болсны илэр­хий­лэл би­зээ. Энэ удаад иргэдийн сонголт ч тэр үйлдвэрлэгчдийн имиж ч ялгаагүй өөрчлөгдсөн нь харагдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Монголд үйлдвэрлэсэн гэхээр болхи хийцтэй, өнгө, үзэмж муутай байдаг гэсэн ойлголтыг үйлдвэрлэгчид маа­нь хал­жээ. 

Энэ жи­лийн үзэс­гэ­лэн ху­дал­даанд орол­цог­чид бү­тээг­дэ­хүү­ний­хээ сав, баг­лаа боо­долд нэ­лээн ан­хаар­сан нь ажиг­лагд­сан юм. Ту­хайл­бал, “Их тай­га” цай нэр төр­лөө олш­руулж, им­пор­тын ямар ч бү­тээг­дэ­хүү­ний дэр­гэд го­лог­до­хоор­гүй сав­ла­гаа­тай бол­жээ. Цай гэ­хээр бид өнөөх л ду­гуй бу­лан­таар л төсөөлдөг. Харин “Акбар”, “Ахмад”-аас дутахааргүй хүний хэрэглээг хялбаршуулсан сав, баглаа боодлын хувьд ч гологдохооргүй олон нэр төрлийн цай, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна. 

Үүнээс гадна хөнгөн үйлдвэрлэлийн сал­барынхан амжилтаа ахиулсан нь энэ удаагийн үзэсгэлэн худалдаанаас тодорхой ха­раг­даж байсан юм. Тухайлбал, ноос, ноолууран хувцас, эдлэлийг өдөр тутмын амьдрал, хэрэглээнд илүү нийцүүлж, өнгө загварын хувьд ч өргөн сонголттой болжээ. Ноолууран цамц гангараа биш өдөр тутмын амьдралын хэмнэлд нийцүүлсэн нь иргэдийн сэтгэлд нийцэж байсан юм. 

Түүнчлэн арьсан эдлэл, гоёл чимэглэл, сувинер үйлдвэрлэгчдийн хувьд ч ялгаагүй өнгө, үзэмж, чанар, хийц орчин цагийн иргэдийн өндөр шаардлагад нийцэхүйц болжээ. Үндсэндээ “Мишээл экспо”-гийн лангуу бүрт хүний нүд хужирлаж, сэтгэл баясгах бараа, бүтээгдэхүүн байна. Сар шинийн бэлтгэлээ базаагаад гарахад дутуу зүйл алга. 

Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, хэвийн боов, сүү, цагаан идээ, гарын бэлэг, дээл, хувцас, хүүхэд, багачуудад зориулсан төрөл бүрийн бараа гээд хүний хэрэгцээ энд цөм бүрэн байна. Мөн охид бүсгүйчүүдийн гоёл, гангараа, анд мордохдоо өмсөх чонын арьсан дах, гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд худалдаж авсан бүтээгдэхүүнээ хийгээд гарах торыг хүртэл үйлдвэрлэгчид маань зэхжээ. Хүний хэрэгцээ цөм бүрэн, гагцхүү цөмийг нь Монголдоо үйлдвэрлэсэн. 

Бүх бараа, бүтээг­дэ­хүүн дээр нь “Made in Mongolia” гэх шош­го бий. Энэ бол бид­ний нэр хүн­дийн ба­тал­гаа байх учир­тай. Ийм дард­ас­тай бү­тээг­дэ­хүүн ху­дал­даж ав­сан хэн бү­хэн хэ­рэг­гүй зүйлд мөн­гө зар­цуул­лаа хэ­мээн ха­рам­сах зүйл­гүй, сэт­гэл хан­га­луун гарч бай­на. До­тоо­дын үйлд­вэр­лэл Мон­гол Ул­сын нэр хүн­дийн ба­тал­гаа болж, дэл­хийд брэнд бү­тээг­дэ­хүү­нээр гай­хуу­лах цаг тун ойр­хон ир­сэн гэд­гийг “Мишээл экспо”-д саатсан хоромхон хугацаанд олж харлаа. 

Эдийн засаг хүндэрлээ гээд үйлдвэрлэгчид үнээ нэмсэнгүй 

Жил бүрийн цагаан сар, наадам зэрэг тэмдэглэлт баяруудын дараа дотоодын үйлдвэрлэгчид үнээ буулгах ёстой, Монголд үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүн үнэтэй байна гэсэн шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл энэ жилийн үзэсгэлэн худалдааны үеэр үнэ харьцангуй боломжийн байгаа нь харагдаж байлаа. 

Тухайлбал, цэвэр даавуун дэрний уут 5000, “Их тайга”-ын үсний тос комоороо 10 мянга, косметик цүнх, арьсан хэтэвч хосоороо 20 мянга, хонины ноосон бээлий 5000, ороолт 18 мянган төгрөгийн ханштай байсан юм.  Энэ бол өнөөгийн зах зээлд боломжийн үнэ. Эрээний чанаргүй барааг 5-10 мянган төгрөгөөр худалдаж авч байснаас до­тооддоо үйлдвэрлэсэн бүтээг­дэхүүнээ худалдаж авах нь мэдээж илүү. 

Энд худал­даалагдаж байгаа хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гутал, хувцас, арьс, ширэн эдлэлийн аль нь ч тэнгэрт тулсан үнэ хэлсэнгүй. Бүгд өнөөгийн жишиг ханштай байв. Бүх бараа, бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр худалдаалагдаж байгаа бөгөөд зарим нь 50 хүртэлх хувиар хямдарсан байсан юм. Эдийн засаг хүндэрсэн ч үйлдвэрлэгчид үнээ нэмсэнгүй. Мэдээж цаашид үйлдвэрлэгчид үнийн уян хатан бодлого баримтлах ёстой. 

Харин үүнийг төр, салбарын яам бодлогын хэмжээнд зохицуулах учиртайг ч энэ үеэр үйлдвэрлэгчид маа­нь хэлж бай­лаа. Ямар­тай ч “Ми­шээл экспо”-оос гар хоосон гарч байгаа хүн алга.  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ч гар хоосон буцсангүй, худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн юм. Тодруулбал, тэрбээр ширээн дээрээ тавих шилэн сувинер худалдаж авсан бөгөөд дотоодын үйлдвэрт цамц оёулахаар захиалгаа өгсөн талаараа ч энэ үеэр дуулгалаа.