Р.Бурмаа: Тариаланчдын 90 гаруй хувь нь одоогийн зарчмаараа явцгаая гэж байгаа
УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаатай ярилцлаа.
-ХХААЯ-ны зүгээс салбартаа ямар бодлого баримтлах вэ. Танай салбарын ид ажлын цаг хаяанд ирж байна?
Хүнс хөдөө аж ахуйн салбарын Төрөөс баримтлах бодлого 2015 оноор дуусч байна. Энэхүү бодлогын баримтын бичгийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн,цаашдаа ХАА-н салбарт баримтлах бодлогын талаархи баримт бичгийг боловсруулж байна. Үүнтэй холбогдууланэрдэмтэн мэргэд, судлаачид, талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг хийнэ. Хэлэлцүүлгээс гарсан саналыг мөн тусган,хаврын чуулганаар хэлэлцүүлнэ.
Өнөөдрийг хүртэл бид ноос, арьс шир, улаанбуудайнд урамшуулал олгохдоо тоон үзүүлэлтийг харгалзан олгодог байлаа. Тэгвэл цаашид сайн чанарын үр, цавуулаг өндөр улаанбуудай хураан авсан бол урамшууллыг тэр хэмжээгээр илүү олгож, чанаргүй, чанар багатайд бага олгоно. Ноос, арьс шир ч мөн адил энэ зарчмаар явна. Өмнө нь чанараас шалтгаалсан үзүүлэлт тэр бүр тодорхой байгаагүй. Ноосны урамшууллыг төсвийн тодотголоор багасгасан ч гэсэн нарийн ноосонд амласан 2000 төгрөгөө өгнө. Бусдад нь 1000 төгрөгийн урамшуулал олгоно.
-Хамгийн их хэл ам дагуулдаг улаанбуудайн чанар, цавуулгийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
Юун түрүүн хэрэглэгчид, тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчдийн саналыгсонсож байна. Хэрэглэгчдийг эрүүл, аюулгүй, стандартын шаардлагад нийцсэн хүнс хангах бодлогыг яамны зүгээс баримтална. Хэрэглэгчийг чанартай бүтээгдэхүүнээр хангах шаардлагыг үйлдвэрлэгчдэд нэн тэргүүнд тавина. Чанартай гурил үйлдвэрлэхэд цавуулаг өндөр, чанартай улаанбуудай шаардлагатай гэсэн асуудлыг гурил үйлдвэрлэгчид тавьдаг. Нийт хураасан ургацын чанар боломжийн байдаг хэдий ч, зарим хэсэг нь тэр бүр стандартын хэмжээндээ хүрэхгүй байна. Үүнийг харгалзан, ОХУ-аас тодорхой хэмжээний цавуулаг өндөр улаан буудай оруулж ирэн, стандартын хэмжээндээ хүрэхгүй байгаа буудайтай нийлүүлэн чанартай гурил үйлдвэрлэх бодлого баримталж байна. Энэ бодлого урьд жилүүдэд ч мөн байсан талаар гавьяат агрономич, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуай ярилцлагадаа хэлсэн байна лээ.
Гурилын чанарыг сайжруулах, хэрэглэгчийг эрүүл, аюулгүй, найдвартай бүтээгдэхүүнээр хангахын тулд нэмж улаанбуудай оруулах асуудлыг шийдвэрлэсэн. Мэргэжлийн байгууллагууд нийт тушаасан улаанбуудайн цавуулагт шинжилгээ хийсэн ба улсын хэмжээнд нийт ургацын цавуулгийг 24 хувьд хүргэхэд тодорхой хэмжээний цавуулаг өндөртэй буудайг гаднаас импортлох шаардлагатай гэсэн тооцоог гаргасан. Өөрөөр хэлбэл, цавуулаг өндөртэй 40 мянган тонн улаанбуудай шаардлагатай гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан байдаг.
-40 мянган тонн биш 20 мянган тонны асуудал яригдаад байгаа биз дээ?
Гурилын үйлдвэрүүдийн зүгээс анх 110 мянган тонн улаанбуудай импортоор оруулж ирмээр байна гэсэн хүсэлт тавьсан байдаг. ХХАА-н яамны Төрийн нарийн бичгийн даргыг орлож байсан Н.Ганибал ажлын хэсэг байгуулан, 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд квот олгох асуудлыг шийдээд байсан. Сайдын зүгээс жилийн хэрэгцээний импортын улаанбуудайг нэг дор оруулж ирэх нь буруу гээд, эхний хагас жилд тааруулан талыг нь оруулж ирэх чиглэлийг өгсөн.
Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2015 онд импортлох улаанбуудайн хэмжээг 40 мянган тонн гэж тогтоосон байдаг ба эхний хагас жилийн хэмжээ 20 мянган тонн болж байгаа юм. Цаашид цавуулаг өндөртэй улаанбуудай тушааж байгаа тариаланчдын урамшууллыг өндөр олгоно. Чанарт анхаарна. Зөв бодлогыг үргэлжлүүлнэ. Алдаатай бодлогыг залруулна.
-Тухайлбал ямар ямар алдаанууд байна гэж?
Тариалан эрхлэгч, гурилын үйлдвэр хоёрын хооронд өгч авсан тэдэн тонн стандарт хангасан гэсэн бичиг, нөгөөх нь улаанбуудай тарьдаг нь үнэн гэсэн бичиг хоёроор урамшууллын мөнгийг олгож байна. Үүн дээр нь хөндлөнгийн хяналт тавьж хичнээн тонн улаанбуудай тушааж байгааг тооцож байгаа юм алга. Тариаланчид нь бидний тушаасан улаан буудайн мөнгийг өгөхгүй байна, буудайг авахгүй байна гэсэн гомдол гарч байгаа. Тариалан эрхлэгчид, гурилын үйлдвэрүүд тэдэн тонн улаанбуудай өгсөн авсан гэдэг тайланг л бидэнд өгч мөнгөө авч байгаа.
Тиймээс цаашид татварын албанд өгч буй тайлан мэдээн дээр ч гэсэн үнэн тайлан өгч байна уу гэдгийг нягтална. Түүний дараа урамшууллын мөнгийг олгодог системд шилжинэ. Урамшууллын мөнгө бол сул хэвтэж байдаг мөнгө биш. Татвар төлөгчдийн мөнгийг газар тариалангийн салбарыг дэмжих үүднээс олгож байгаа юм. Жагсаал цуглаан, сүрдүүлэг хийх замаар асуудлыг шийдэхгүй.
-Гурил үйлдвэрлэгчид гаднаас улаанбуудай оруулъя гээд, нөгөө хэсэг нь бидний улаанбуудайг авахгүй байна гэсэн гомдол гаргаж байна. Улаанбуудайнаас био түлшнээс эхлээд маш их өндөр үнэтэй бүтээгдэхүүн гаргах технологи байдаг гэж дуулсан. Тариалан эрхлэгчид заавал ингэж байхын оронд тэр технологийг нэвтрүүлээд өндөр үнэтэй био түлш гаргаж авч болох юм...
Дотоодын гурилын хэрэгцээгээ эх орныхоо хөрсөнд ургуулсан улаанбуудайгаар хангая, импортын бүтээгдэхүүнээс хараат бус байя гэсэн бодлого бий. Хэрэгцээнээс илүү гарсан улаанбуудайгаар био түлш гэх мэт зүйлсийг хийж болно. Энэ тал дээр төрөөс дэмжихэд бэлэн. Цаашид Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан улаанбуудайн арилжааг хийх нь зүйтэй гэж хараад байгаа.
Гурил үйлдвэрлэгч, тариаланчдын гаргаад байгаа маргаанаас өгсөн авсан гэсэн бичгээр урамшууллын мөнгө явчихдаг. Гэтэл нэг нь та нар улаанбуудайгаа тушаагаагүй нөгөө хэсэг нь та нар мөнгөө өгөөгүй гэдэг. Тиймээс Хөдөө аж ахуйн биржээр арилжааг явуулах боломжтой гэдгийг тухайн байгууллагынхан хэлж байсан.
Төрийн зүгээс стратегийн хүнс болох улаанбуудайн үнийг тогтвортой байлгах үүднээс ОХУ нь нөөцийн сандаа улаанбуудайг нөөцөлдөг, Хөдөө аж ахуйн бирж дээрээ гарган хэт өндөр үнэтэй болоод ирэх үед нь нөөцөлсөн буудайгаа гаргаж ирдэг зохицуулалтад орох нь зүйтэй.
-Газар тариалангийн салбарын энэ үйл явдлыг харахад Ц.Баатарсайхан гэсэн хэсэг, Л.Чинбат, Л.Цандэлэг гэсэн хувийн бизнес эрхлэгчдийн маргаан л харагдаад байна. Заавал төр үүнд оролцоод явах шаардлага байгаа юм уу?
Гурил үйлдвэрлэгчдийг дотоодын тариалан эрхлэгчдийнхээ тарьсан улаанбуудайг ав гэдэг үүднээс импортын улаанбуудайнд төрөөс хязгаар тавиад байгаа юм. Төрөөс хоёр талд аль альд нь дэмжлэг үзүүлж ирсэн. Тариалан эрхлэгчдийг тариалан эрхлэх бүхий л явцад нь дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, Газар тариалангийн салбарт төрөөс баримтлах бодлогод сүүлийн хэдэн жилд түлхүү анхаарч ирсэн. Энэ хүрээнд нийтдээ 460 орчим тэрбум төгрөгийн шууд ба шууд бус дэмжлэг үзүүлсэн байна.
Үүнээс 128 тэрбум төгрөгийг бэлнээр олгосон байх жишээтэй. НӨАТ-аас 62 тэрбум төгрөгийн чөлөөлсөн. ААНОАТ-аас 50 хувь хөнгөлөгддөг. Гаалийн албан татвараас бордоо, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд чөлөөлөгдөж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хүүгүй зээлийг олгодог. Үрийн улаанбуудай дээр 20-30 хувийн урьдчилгаа аваад намар буудайгаар нь нөхөж авдаг.
Шатахуун дээр гэхэд 50 хувийн урьдчилгаа өгөөд үлдсэнийг нь буудайгаараа намар төлдөг. Газрын төлбөрийн хөнгөлөлт, хөрсөө үнэгүй ашиглуулах гээд төрөөс ихээхэн хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа. Гурил үйлдвэрлэгчдийн тухайд буцалтгүй тусламж гэж байхгүй. Харин хөнгөлөлттэй зээлийг авч байна. Тариалан эрхлэгч аж ахуй нэгжүүд Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 44.2 тэрбум төгрөгийн өртэй байсан. Буцаан олголтоор зургаан тэрбумыг суутгасан.
Цаана нь 38 тэрбумын өр дахиад үлдэж байна. Гурилын үйлдвэрүүд ч гэсэн ихээхэн хэмжээний өртэй байгаа. Нийтдээ 80 орчим тэрбум төгрөгийн өр тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгчдэд бий. Аль аль тал нь хариуцлагатай байж хөнгөлөлттэй зээл, тусламжуудыг авч байгаа. Аж ахуй нэгжүүд авсан зээлээ төлж байх ёстой. Тэгж байж Тариалан эрхлэлтийн сан дараагийн санхүүжилтээ хийнэ. Хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй.
-Тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй тариаланчдын мөнгийг урамшууллын 70 мянгаас нь суутгасан гэсэн үү?
Тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй тариалан эрхлэгчдийн өрийг урамшууллын 70 мянган төгрөгөөс нь суутгасан. Энэ бол зарчим эргээд тариаланчдад дэмжлэг болон очно. Газар тариалангийн салбарт хэдхэн хүний монополь эх ашгаар явж болохгүй гэж бодож байгаа.
Төр дэмждэггүй гэж хамгийн их ярьдаг Л.Чинбат гэхэд л энэ яамны дэмжлэгтэйгээр нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч махны чиглэлийн үхэр оруулж ирсэн. Дараа жил нь хоёр тэрбум төгрөгийн зээлийг авсан. Төрөөс гурван тэрбум төгрөгийн маш хөнгөлөлттэй зээл авчихаад төр дэмждэггүй гээд яриад явах юм.
Гэрээний биелэлтийг яамнаас шаардахаар биелүүлдэггүй. Яахаараа хэсэг монополь хүмүүсийн сүрдүүлэг, шахалт дарамтаар ажил явах ёстой гэж. Төр бүх иргэддээ шударгаар эрх тэгш үйлчилдэг байх ёстой гэж боддог. Намайг тариаланчдаа хүлээж авч уулздаггүй гэсэн гомдлыг гаргаж байна лээ. Би Л.Цандэлэгтэй дөрвөн удаа уулзсан. Хамтарсан уулзалтууд дээр ч уулзаж байгаа.
-Тэгээд ямар шаардлага тавьж байх юм?
Тариалан эрхлэлтийг дэмжих талаар ямар санал, ямар бодлого байна гэж асуухаар би тэгж ч хүн айлгадаг, тэгж л ширээ тойруулан хөөдөг гэсэн сонин юм ярьдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих санг хувьчлахад 70 хувийг нь авах сонирхолтой байгаа юм билээ. Мөн “Намайг сайдын зөвлөх болго.
Манай хүнийг газрын даргаар ав” гэсэн. Ийм даварсан саналыг хүлээж авахгүй. Авах ч үгүй. Нэг хэсэг монополь аж ахуй нэгжүүд яахаараа давуу эрх эдэлж байх ёстой юм. Яахаараа тэд дарамт, сүрдүүлэг, шахалтаар үйл ажиллагаа явуулж давуу эрхийг өөрсдөдөө авах гээд байдаг юм бэ.
Ийм даварсан үйлдлүүдийг би таслан зогсооно гэсэн хатуу байр суурьтай байгаа. Би тэдний сүрдүүлэг, дарамт шахалтаас айхгүй. Тэдний хэлснээр ажил явахгүй. Гэрээний нөхцөлөө биелүүлэхгүй байгаа хүмүүсийн өмнө авсан зээлийн гэрээг хянан шалгуулна. Гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй бол гэрээг цуцалж олгосон хөрөнгө мөнгөө эргүүлэн татах арга хэмжээг авах болно.
-Таныг салбарын хүн биш болохоор газар тариалангийн салбарыг ойлгохгүй байна гээд байгаа?
Би энэ чиглэлийн салбарт ажиллаж байгаагүй ч гэсэн чиглэлийнх нь олон талын хүмүүсийн үгийг сонсож ажиллаж байгаа. Тэгж ч ажиллана. Өмнө нь ч гэсэн би тэгж л явж ирсэн. Надад газар тариалангийн нэг ч га газар алга. Нэг хүнсний лангуу, мал аж ахуйн чиглэлийн юм байхгүй. Надад сонирхлын зөрчил байхгүй. Тиймээс хэрэглэгчдийн эрх ашгаас төрийн бодлого зөв байж түмэн олонд хэрэгтэй шийдвэр гаргахын төлөө явна. Үйл ажиллагаа ил тод нээлттэй байх болно.
Тэд “Та нар бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид рапс тарина” гэж байна. Буудай тарина гэж уринш бэлтгэхээр дэмжлэг авсан болохоор улаанбуудайгаа тарихыг шаардана. Тэдний яриад байгаа арабсыг хүссэн зоргоор нь тариулахгүй. Дотоодын тосны үйлдвэрт тушааж байгаа нөхцөлд дэмжинэ үү гэхээс үр оруулж ирээд гадагшаа экспортолж байгаа бол түүнийг хориглоно. Экспортод гаргахын тулд радс-тосны ургамал тарих бодлого
Газар тариалангийн бодлогод байхгүй. Болохгүй бол тосны ургамал тариална гэж байгаа нь цөөн хүний л үг. Өөрөөр хэлбэл шантаажилж асуудлыг өөрсдөдөө шийдэх гэсэн арга. Олон тариаланчид дэмжлэг аваад явдгаараа явна гэцгээж байна. Хүнсний улаанбуудай ашиггүй бизнес биш гэцгээж байгаа юм. Тариаланчдын 90 гаруй хувь нь одоо байгаа зарчмаараа явцгаая гэцгээсэн.
-Улаанбуудайн цавуулгийг нэмэгдүүлэхийн тулд сайн чанарын үр авах уу. Сайн чанарын үр байгаад манай хөрсөнд ургахаараа цавуулаг багасаад байна уу?
Сайн чанарын үрээр хангах нь чухал. Дотоодын эрдэмтдийн гаргасан эрт ургацын болон сайн чанарын үр бий. Сайн чанарын үр гарган авах тал дээр анхааран ажиллана. Үр хүрэлцэхгүй бол мэдээж гадаадаас сайн үр авна. Цавуулгийг сайн болгохын тулд хөрсийг бордох нь чухал. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хөрсийг бордохын тулд сайн чанарын бордоогоор хангах тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн үүрэг өгсөн.
-Таны яриаг сонсож байхад тариалан эрхлэгчид нэлээд өртэй байгаа нь анзаарагдлаа. Ямар шалтгааны улмаас ингэж өр хуримтлагдах болсон юм бол?
Байгаль цаг уурын таагүй нөлөөллийн улмаас цаг хугацаандаа барагдуулах аж ахуй нэгжийн өрөөс хүү алданги тооцолгүй хойшлуулж ирсэн. Үүнээс шалтгаалан өр нь их болсон. Өнгөрөгч онд байгаль цаг уурын таатай үед ургац сайн хурааж авсан болохоор 44 тэрбумаасаа зургаан тэрбумыг нь суутгаж авсан. Тэднээс энэ мөнгийг нь авахгүй бол дараа нь ямар мөнгөөр тариалан эрхлэгчдээ дэмжих юм бэ.
-Энэ мөнгөнөөс болоод дахиад жагсаал цуглаандаа тулах юм биш биз?
Тариаланчдын нэр барьсан нэг захиалагчтай гэж хэлж болохоор жагсаал болсон. Тухайлбал, Гацууртын компанитай холбоотой компаниуд бий. Гацуурттай холбоотой компаниуд гэхэд дээр хэлсэн гурван тэрбумын махны чиглэлийн үхрээс гадна зөвхөн газар тариалангийн салбарт гэхэд улсын төсвөөс 35 тэрбум төгрөгийн дэмжлэг авсан. Тариаланчдад урамшуулал олгохын тулд буудайгаа гурилын үйлдвэрт эсвэл ТЭДС-д худалдсан байх ёстой гэж журманд бий.
Тэд “Бид гурилын үйлдвэрт борлуулсан” гэдэг баримт бичиж урамшууллаа авдаг. 40 мянган тонн цавуулаг өндөртэй буудай нь байгаа юм бол гаднаас заавал буудай импортлох шаардлагагүй гэдгийг гурил үйлдвэрлэгчид хэлж байгаа. Тэр буудайг нь газар дээр нь очоод шалгая гэхээр буудай нь байдаггүй. Үүнийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал дээр Су.Батболд дарга асуухад Б.Эрдэнэбат “Тушаасан 350 мянган тонн улаанбуудай дотор чинь 40 мянган тонн багтчихсан байгаа” гэсэн.
Тушаачихсан буудайнаас гадна 40 мянган тонн буудай байгаа гэчихээд түүнийг нь хайхаар эцэстээ тушаасан буудайнд байгаа гэж байна. Ингэж нэг буудайг хоёр янзаар тушаасан буудайнаас гадна байгаа мэтээр худал мэдээлэл өгч асуудал үүсгэж байна. Оросоос буудай орж ирэхгүй бол хомсдол үүсч үнэ нэмэгдээд ирэх үед гаргаж ирэх гэсэн жижигхэн явцуу зорилго байгаа юм болов уу.
-Энэ үл ойлголцлоос болж гурилын үнэ нэмэгдээд явчих юм биш биз?
Гурилын үнийг нэмэгдүүлэхгүйн тулд татвар төлөгчдийн 25 тэрбум төгрөгийг урамшуулал болгон олгож байгаа. Яамны эцсийн зорилго бол Монголын ард түмний хүнс, гурилын хэрэгцээг найдвартай, чанартай хангах юм. Оросын 20 мянган тонн улаанбуудай бол нийт үнийн дүнгээрээ зургаан хувь болж байгаа. Тиймээс нийт ургацын балансад нөлөөлөхгүй.