Г.Нанжид: Сум хөгжүүлэх сангаас 10 саяын зээл хүссэн ч бүтээгүй
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ногоочин Г.Нанжид
2014.04.07

Г.Нанжид: Сум хөгжүүлэх сангаас 10 саяын зээл хүссэн ч бүтээгүй

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ногоочин Г.Нанжидтай ярилцлаа. Тэрээр арван хоёр жил тариа ногоо тарьж байгаа нэгэн билээ. 

-Та хэзээнээс тариалан эрхэлсэн бэ?

Цэрэг цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2002 онд тэтгэвэртээ гараад ногоо тариалж эхэлсэн.

-Хувиараа газар тариалан эрхэлж байгаа хүмүүст ямар бэрхшээл байдаг вэ. Танд ямар санал байна?

Хувиараа газар тариалан эрхэлж байгаа хүмүүст техникийн асуудал их хүндрэлтэй байдаг. Тоног төхөөрөмж хэрэгцээтэй байна. Сум хөгжүүлэх сан болоод аймаг орон нутагт ирдэг бусад зээлүүд хүртээмж ерөөсөө байдаггүй. Заавал барьцаа хөрөнгө шаарддаг. Хамрагдах гэж үзсэ нь ганцийг нь ч авч чадаагүй.

-Та хэдэн сая төгрөгийн зээлийг хүссэн юм бэ?

Сум хөгжүүлэх сангийн  зээлд хамрагдах гэхэд барьцаа шаарддаг. Би сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээлийг хүссэн ч бүтээгүй. Ер нь ногоо тарих гээд үр авья гэхэд санхүүгийн асуудал хүндрэлтэй байдаг. Гэхдээ үүнийг банкны зээлээр л аргацаадаг.

-Та сум хөгжүүлэх сангаас хэрвээ арван сая төгрөгөө авсан бол ямар зүйлд зарцуулах байсан бэ?

Зоорь барих байсан. Учир нь ногоочин бидэнд хураасан ногоогоо хадгалах агуулах их хэрэгтэй байдаг. Зоорьтой болчихвол адгийн наад зах нь ногоогоо хямд борлуулахгүй. Хадгалж байгаад хавар өвөл борлуулна шүү дээ. Одоо бол хөлдөөхөөс болгоомжлон хурдан хямд үнээр ченжүүдэд борлуулдаг юм. Ийм зоорьгүй учраас сургууль, эмнэлгийн зоорийг түрээсэлдэг.

-Говийн аймагт газар тариалан эрхлэхэд хүндрэл бэрхшээл байдаг уу?

Манай Халиун суманд тийм хүндрэл гардаггүй. Их устай газар. Харин ч янз бүрийн хортон шавьж байдаггүй, хор цацах шаардлагагүй. Ёстой экологийн цэвэр бүтэгэдэхүүн л тарьж байна.

-Ногоогоо хаана борлуулдаг вэ?

Аймгийнхаа зах дээр борлуулдаг. Хот руу хүргэж зарья гэвэл бөөн зардал чирэгдэл болж өртөг нь нэмэгдэнэ. Тэрэн дор аймагтаа зарахад асуудалгүй. Манай ногоо бол шинжилгээний бичигтэй зардаг учир цэвэр байгалийнх гэдгийг нь мэдэж болно. Бид хөх тариа, төмс ногоо тарьдаг. Байцаанаас бусад ногоог тарьдаг.

Ярилцсанд баярлалаа. Танд арвин их ургац хүсье.