Я.Содбаатар ажлын хэсгийг ахлана
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.01.28

Я.Содбаатар ажлын хэсгийг ахлана

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өчигдөр мэдээлэл хийж, бүлгийн хурлынхаа шийдвэрийг танилцууллаа. Тус намын бүлэг уржигдар үдээс хойш үргэлжлүүлэн хуралдсан учраас тухайн өдрөө мэдээлэл хийгээгүй байсан юм.

МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсын сайд М.Энхсайханаас Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээрийнх нь талаар мэдээлэл сонсчээ. Улмаар энэ асуудлыг Засгийн газарт даатгаад орхиж болохгүй, УИХ- аас хяналт сайн тавих ёстой гэж үзсэн байна. Үүнийхээ дагуу бүлгээсээ Я.Содбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.

Мөн "Тавантолгой" төсөл амжилттай хэрэгжиж эхлэх юм бол эхний ээлжинд иргэддээ 1072 ширхэг хувьцааны өгөөжийг өгөх ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгджээ. УИХ дахь МАН-ын бүлэг дээрх асуудлаас гадна энэ долоо хоногт парламентаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын талаар гишүүдийнхээ байр суурийг нэгтгэсэн аж.

Улмаар Элчин сайд нарыг томилох асуудлаас бусдыг нь хэлэлцэх зүйтэй гэж үзсэн байна. Харин зарим улсад Элчин сайд томилох асуудлыг хэлэлцэхээс өмнө Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс нэр дэвшигчид нь хэр ажлын туршлагатай талаар мэдээлэл сонсохоор болжээ.