А.Бакей: Гэрээгээр хүлээсэн үүрэгтэй хоёр нам үнэнч байвал төслийг явуулж чадна
УИХ-ын гишүүн А.Бакей
2015.02.04

А.Бакей: Гэрээгээр хүлээсэн үүрэгтэй хоёр нам үнэнч байвал төслийг явуулж чадна

Тавантолгойн асуудлаар УИХ-ын гишүүн А.Бакейгаас тодрууллаа.

-Таван толгойг ашиглах гэрээг талууд ярилцаад хэсэг хугацаа өнгөрлөө. Зарим УИХ-ын гишүүн асуулга тавьчихлаа. Яг юу болоод байна вэ?

Таван толгойн асуудлаар нэр бүхий гишүүд М.Энхсайхан сайдад асуулга тавьсан байна билээ. Тэд ямар үндэслэл, байр суурьтай байгааг мэдэхгүй. Харин миний хувийн байр суурь гэвэл нэгэнт олон жил яриад төслийг хөдөлгөхөөр болж гэрээний хоёр дахь шатанд асуудал яригдаж байхад бид олон талаас нь оролцоод эхэлбэл ахиц гарахгүй.

Ийм аюул тулгарч байна л гэж харж байна. УИХ-ын гишүүд ямар ч байр суурьтай байж болно. Тэр нь үндэслэлтэй, үндэслэлгүй байдаг л байх. Гэхдээ өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй байхад нэгэнт шалгарсан хөрөнгө оруулагчидтайгаа эрх ашгийнхаа үүднээс бодитой гэрээ хийгээд явах хэрэгтэй байгаа юм.

Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бид өөр хоорондоо алаагүй баавгайн арьсыг хуваах гэж хэрэлдэж байхад эдийн засгийн хүндрэл гүнзгийрч улам хэцүү болно. Тиймээс нэгэнт шалгаруулсан хөрөнгө оруулагчидтайгаа тохироод явах л хэрэгтэй.

-Популизмд автаж болохгүй гэсэн үг үү?

Сонгууль дөхсөн энэ үед олон сэдвээр улс төр хийх байх. Тэр тусмаа энэ том төслийг улс төрийн сэдэв болгочихвол үр дагавар нь улс орны хэмжээнд гай дагуулах хэмжээнд яригдана.

Өнөөдөр асуудал дээр УИХ-ын гишүүд нь хоёр тал болоод хуваагдчих шиг боллоо. Энэ парламент бүрэн эрхийн хугацаандаа төслийг хөдөлгөж чадахгүйгэх гээд байна уу?

Монголын төр засгийг сүүлийн 20 гаруй жилийн  хугацаанд голлон барьж  буй МАН-ын бүлэг, АН-ын  бүлэг шинэчлэлийн Засгийн газрыг огцруулаад шинэ Засгийн газрыг бүрдүүлэхдээ тохиролцсон гол ажил бол том төслүүдийг хөдөлгөөнд оруулъя гэдэг.

Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хоёр нам үнэнч байх юм бол төслийгявуулж чадна. Харин үнэнч байж чадахгүй гишүүд нь дотроосоо популизм хийгээд бодлого салах юм бол төслийг хааш нь ч хөдөлгөж чадахгүй. Ер нь чадах ёстой чадахын төлөө ажиллах хэрэгтэй.

-Хэлэлцээр ямар шатандаа яваа юм бол?

М.Энхсайхан сайдын өгсөн мэдээллээр хоёр дахь шатны хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Энэ үед нарийн ширийн бүхнээ тохирох ёстой. Хөрөнгө оруулалт үйлдвэр барих шилжүүлэх бүтээгдэхүүний борлуулалт гэх мэтээр.