АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Эрчим хүчний сайд Д.ЗоригтАмеркийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ:
“АНУ-ын Хөгжлийн агентлагын зөвлөхүүд Эрчим хүчний салбарын хууль, эрхзүйн суурь баримт бичиг болох 2001 онд батлагдсан Эрчим хүчний тухай хуулийг боловсруулах, Эрчим хүчний салбарт нэг худалдан авагчтай загварыг нэвтрүүлэх, Эрчим хүчний зохицуулах хороог бэхжүүлэх зэрэгт идэвхитэй хамтран ажиллаж одоо мөрдөгдөж буй үнэ тарифын системийг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулж байсан.
Хамгийн сүүлд 2013 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт баригдсан 50 МВт-ын хүчин чадалтай Салхитын салхин паркийг барьж байгуулахад АНУ-ын Женерал электрик компанийн салхин турбинуудыг ашигласан нь одоо амжилттай ажилласаар байна.
Мөн сүүлийн жилүүдэд Эрчим хүчний салбарт салбарын сайд нарын айлчлал удаа дараа болж байсан. Тухайлбал: 2009 оны 05 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд хуучнаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, 2014 оны 3 дугаар сард Эрчим хүчний сайд М.Сономпил АНУ-ын Калифорни мужид айлчилж, айлчлалын хүрээнд тус мужийн Эрчим хүчний комисст зочлон сэргээгдэх эрчим хүчний талаар дугуй ширээний уулзалт хийж, Монгол Улс, Калифорни мужийн эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, сэргээгдэх эрчим хүчний бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцсан байдаг” гээд цаашид хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс Мянганы сорилтын сангийн санхүүжилтийг авах боломжтой болсонтой холбогдуулан. Эрчим хүчний яамнаас 10 аймгийн төвд дулааны станц байгуулах саналыг Мянганы сорилтын сангийн санхүүжилтэд хамруулах, Энэ асуудалд АНУ-ын элчин сайдын яамны дэмжлэг авах хүсэлтэй байна” гэв.
Эрчим хүчний сайд Д.Зоригт цааш нь “АНУ нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр хууль, эрхзүйн орчны дэмжлэг, хөшүүргүүдийг үр дүнтэй ашиглаж ирсэн туршлагаас манай улстай хуваалцах боломжийг судлах, өмнө нь манай улсын эрчим хүчний үнэ тарифын системийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байсан зөвлөх экспертүүдийг дахин манай улсад урьж үнэ тарифын үр ашигтай системийг бий болгох, шинэчлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.
Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл Эрчим хүчний сайд Д.Зоригтод хандаж хүлээн авч уулзсанд талархаж байгаагаа илэрхийлээд хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байна гээд Эрчим хүчний сайдын зүгээс тавьж байгаа санал хүсэлтийг анхааралтай судалж, ажил хэрэг болгохын төлөө ажиллах болно" гэв.