Сангийн сайд элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Сангийн яам
2015.01.28

Сангийн сайд элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Сангийн сайд Ж.Эрдэнэбат ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг ноён Кристофер Чарльз Стюарт, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг ноён Герхард Тийдеманн нарыг тус тус хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд цаашид гадаадын хөрөнгө оруулагч нарыг татаж, олон улсын тавцанд Монгол Улсын зах зээлийн талаар эерэг сурталчилгааг явуулах нь чухал ач холбогдолтойг хоёр тал онцлон тэмдэглэв. Үүнээс гадна, хоёр улсын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол-Германы хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд 2015/2016 онуудад нийт 36,2 сая еврогийн санхүүжилтийг “Эрчим хүчний үр ашиг”, “Ашигт малтмалын нөөцийн тогтвортой менежмент”, “Биологийн олон янз байдал” гэсэн 3 тэргүүлэх чиглэлийн 12 төсөл, хөтөлбөрт олгох талаар эрхэмсэг ноён Тийдеманн онцлон тэмдэглэв.

Монгол-Их Британийн хамтын ажиллагааны хүрээнд Их Британи Улсаас томоохон хөрөнгө оруулагч компаниудыг Монгол Улс руу татах, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг тэлэх боломжуудыг хоёр талаас судлан, хамтарч ажиллах харилцан сонирхол байгаа гэдгийг онцлов.