20 жилийн өмнө эхлэх дөхсөн цөмийн дайн
20 жилийн өмнө, 1995 оны нэгдүгээр сарын 25 нд Норвегийн баруун эргээс хөөргөсөн судалгааны пуужин ОХУ-ын цөмийн дайралтыг урьдчилан мэдээлэх системийн радарт өртжээ. Пуужин цааш хөөрсөөр тив хоорондын байлдааны пуужингуудын хөөрдөг өндөрт очив. Өөрөөр хэлбэл цөмийн цэнэгт хошуу бүхий байлдааны пуужин харвалаа гэж бодогдохоор нөхцөл байдал үүсчээ. Байлдааны пуужин ийм өндөрт гарсны дараа цөмийн цэнэгт хошуунууд нь дэлбэрч цөмийн дайралтаас сэргийлэх төхөөрөмжүүдийг ажилгүй болгосны дараа Оросын цөмийн объектуудыг дараалан сөнөөх зориулалттай байдаг. Гэвч эрдэмтэд үүнийг мэдээгүй байлаа.
Уншигч та бүхэндээ "The Boston Globe" сонинд гарсан орчин үеийн цөмийн аюулын талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Аз болоход тэр үед Оросын пуужингийн дайралтаас урьдчилан сэргийлэх системд ноцтой доголдол гарчээ. Тэгээд ч 1995 онд Орос, Америкийн харилцаа гайгүй байлаа.
Харин өнөөдөр байдал тэс өөр, аюултай. Өнөөгийн нөхцөлд эрдэмтдийн алдаагаар судалгааны пуужин байлдааны пуужинтай төстэй байдлаар хөөрвөл Оросууд шууд хариу цохилт өгнө. Харин АНУ-ын урьдчилан сэргийлэх систем тэр дор нь илрүүлж өөрийн пуужингуудыг илгээнэ. Хэрэв өнөөдөр Норвегийн баруун эргээс судалгааны пуужин хөөргөвөл Оросуудын хувьд АНУ нэг пуужингаар Умард Атлант дахь Trident шумбагч онгоцноос хөөргөсөн олон тооны пуужингийнхаа дайралтыг нууцалж байна гэж бодно. Цөмийн дайны “онол” ёсоор анхны хүчтэй цохилтын дараа үүсэх эмх замбараагүй байдлыг ашиглаад ОХУ-ын хуурай замын цэргийн эмзэг объектуудыг сүйрүүлэх боломжтой. Гэхдээ энэ онолд анхны болон хариу цохилтуудын дараа дэлхий ертөнц ямар болох тухай бичээгүй.
1995 онд Оросуудад сансрын бааз бүхий урьдчилан сэргийлэх систем байгаагүй учраас Норвегийн баруун эргээс чухам ямар пуужин хөөрснийг мэдэж чадаагүй. Өөрөөр хэлбэл цөмийн дайралтад өртсөн эсэхээ тодорхой мэдэх бололцоогүй байсан гэсэн үг.
2015 оны хувьд 20 жилийн өмнөх шиг андуурах ямар ч боломжгүй. Орос Крымийг бүрэлдэхүүндээ авч Зүүн Украйны хэрэгт шууд бусаар оролцож, зэвсэгт хүчнээ шинэчилж эхэллээ. Хариуд нь АНУ, НАТО хориг тавьж газрын тосны үнийн уналттай хамт Оросын эдийн засгийг ганхуулав.
Үр дүнд нь Оросууд АНУ-тай цөмийн зэвсгийн аюулыг бууруулахад хамтран ажиллахаас татгалзав. Ингэснээр цөмийн аюул дэгдэх эрсдэл өндөр боллоо.
АНУ-ын B61 загварын цөмийн бөмбөгний агуулах
Оросын цөмийн дайралтыг урьдчилан мэдээлэх систем боловсронгуй болсон нь нэг сайн талтай. Москва пуужин илрүүлэгч газрын системээрээ дамжуулаад пуужингийн цохилтыг 6-7 минутад илрүүлнэ. Гэхдээ ийм богинохон хугацаанд зөв үнэлгээ өгч, зөв шийдвэр гаргахад хэцүү. Пуужингийн хурд, шийдвэр гаргах хэтэрхий богино хугацаа хоёр АНУ, ОХУ хоёр цөмийн зэвсэг хэрэглэх эрсдлийг бий болгож байна.
Түүнээс гадна Оросын байдал хүнд байгаа ч Путины зүгээс Барууны санаанд нийцсэн шийдвэр гарна гэж итгэхэд бэрх. Тэр өөрийн хэлсэн үг болгондоо дэлхийд нөлөөгөө тэлэх гэсэн АНУ-ын санааг шүүмжилдэг.
Тиймээс аль аль тал нь маш болгоомжтой байх хэрэгтэй. Хэдийгээр АНУ Оросыг хянаж чадахгүй ч хэн хэн нь бодлогогүй алхам хийхээс зайлсхийх ёстой. Үүний тулд гурван зүйлийг хийх нь зүйтэй.
Нэгдүгээрт НАТО-гийн цэргийн потенциалыг Оросыг өдөөн хатгалгүй бэхжүүлэх. Оросын зэвсэгт хүчний шинэчлэл НАТО-гийн хүчийг давах хэмжээнд хүрч болохгүй. Үүний тулд Европын улсууд НАТО-д санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болно.
Хоёрдугаарт АНУ цөмийн хүчээ нэмэгдүүлэхээ зогсоох хэрэгтэй. Энэ нь АНУ цөмийн зэвсгээр Оросоос илүү байхыг хүсч байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна.
Эцэст нь ОХУ орчин үеийн хиймэл дагуулын тусгай технологийг ашиглах эрхтэй болох ёстой. АНУ, Европын холбоо энэ технологио оросуудтай хуваалцах замаар хүчний харьцааг тэнцүүлж болно.