Дэлхийн хүн амын 1% нийт баялгийн тэн хагасыг эзэмшиж байна
Нэг жилийн дараа дэлхийн хүн амын 1%-ийг эзлэх хамгийн баян хүмүүсийн хөрөнгө үлдсэн 99% хувь буюу 7,14 тэрбум хүний нийт хөрөнгөөс давах ажээ. Энэ тухай саяхан Давост Дэлхийн эдийн засгийн форум эхлэхээс өмнөхөн Oxfam олон улсын байгууллага мэдэгдлээ.
Oxfam-ийн гүйцэтгэх захирал Винни Бьяньима (Winnie Byanyima) баян, хоосны ялгаа гүнзгийрч байгаа нь ядууралтай тэмцэхэд улам саад болж байгааг онцоллоо. Эдүгээ дэлхий дээр есөн хүн тутмын нэг нь өлсгөлөнгийн байдалтай, тэрбум гаруй хүн өдөрт 1,25 доллараас бага мөнгөөр амь зогоож байна.
Oxfam нь “Wealth: Having it all and wanting more” (Баялаг: Бүхнийг эзэмшиж илүүг хүсэхүй) нэртэй судалгааны материал хэвлүүлжээ. Тус материалд дэлхийн хүн амын хамгийн баян 1%-ийн баялаг 2009 онд 44% байснаа 2014 онд 48% болтол өссөн тухай бичжээ. Хэрэв энэ хэмнэл үргэлжилвэл 2016 он гэхэд энэхүү 1% дэлхийн нийт баялгийн талаас илүү хувийг эзэмших аж. 2014 онд дэндүү баян 1%-ийнхны дундаж хөрөнгө 2,7 тэрбум доллар байна.
Үлдсэн 52%-ийн баялгаас 46% нь нийт хүн амын баян чинээлэг 20%-ийн мэдэлд байна. Харин дэлхийн хүн амын 80% нь нийт баялгийн дөнгөж 5,5%-ийг л эзэмшиж байна. Энэхүү 80%-ийн дундаж хөрөнгө 3,8 мянган доллар байна. Хэрэв үүнийг хамгийн баян 1%-тай харьцуулвал 7000 дахин бага гэсэн үг.
Винни Бьяньима: “Бид үнэхээр нийт баялгийн хагасаас илүүг бидний ганцхан хувь эзэмшдэг ертөнцөд амьдрахыг хүсч байна гэж үү? 2014 онд Обамагаас эхлүүлээд олон орны ерөнхийлөгчид, ерөнхий сайдууд нийгэм дэх тэгш бус байдлын талаар их ярих боллоо. Гэвч тэд шийдэмгий алхам хийхгүй байна” гэж онцлов.
Баялгийн тэгш бус хувиарлалт
Баян, хоосны ялгаа хэт гүнзгийрснээс ядуучууд хоёр талаар хохирдог. Нэгдүгээрт тэд дэлхийн баялгийн бялуунаас хамгийн өчүүхэн хувийг хүртдэг, хоёрдугаарт тэгш бус байдал хөгжилд саад болдог болохоор хуваах бялууны тоо ч улам багасаж байна.
Өнгөрсөн жил дэлхийн хамгийн баян 85 хүн нийт хүн амын хамгийн ядуу 50% буюу 3,5 тэрбум хүний эзэмшдэг хөрөнгөтэй тэнцүү хэмжээний хөрөнгөтэй гэсэн судалгаа гарсан нь шуугиан тарьж байв. Гэтэл 2014 онд энэ тоо 80 болжээ. Харин 2010 онд 388 байсан юм. Тэгэхээр 2009-2014 онд хамгийн баян 80 хүний хөрөнгө хоёр дахин өссөн гэсэн үг.
Баячуудын хөрөнгө голдуу үеэс үед өвлөгдөн дамждаг бөгөөд тэд өөрийн мөнгөө дэлхийн хэмжээнд нөлөөгөө тогтооход ашигладаг. Forbes сэтгүүлийн гаргасан жагсаалт дахь 1645 тэрбумтаны ихэнх нь хөрөнгөө бүтнээр нь, эсвэл хагасыг өвлөж авсан байна. Тэдний 20% санхүү болон даатгалын салбарт ажилладаг. Тэдний хөрөнгө 2014 онд 11%-иар өсчээ. Тэд өөрсдийн сонирхлыг АНУ-ын Конгресс, Европын парламентад лоббидохын тулд 550 сая доллар зарцуулсан байна.
Харин эрүүл мэнд, тэр дундаа эмийн секторын тэрбумтнуудын хөрөнгө 47 хувиар өсчээ. Тэд өөрсдийн лоббидоо 500 сая доллар зарцуулжээ.
Oxfam-ийн үзэж буйгаар эдгээр салбарынхан лоббид их мөнгө зарж байгаа нь олон улсын татварын системийг шинэчлэхэд саад болж, улмаар оюуны өмчийг хамгаалах дүрэм журмаас болж хүн амын ядуу хэсэг нь хамгийн их хэрэгцээтэй эм тариагаа авч чадахгүйд хүрч байна.
Олон улсын валютын сан тэргүүтэй байгууллагуудын үзэж буйгаар нэн ядуурал нь эдийн засгийн өсөлтийг сааруулж байгаа аж.