Эдийн засгийн алуурчны түүх
Дэлхийг ерөнхийлөгчид, ерөнхий сайд нар биш, бидний хараагүй үл мэдэх хүмүүс удирддаг
2015.01.19

Эдийн засгийн алуурчны түүх

АНУ-ын нэртэй эдийн засагч, эдийн засгийн зөвлөх Джон Перкинс хэрхэн “эдийн засгийн алуурчнаар” ажилласан тухайгаа олонд дэлгэв. Ингэснээрээ тэр олон улсын харилцаанд АНУ яаж “хор найруулдаг” талаар нэгэн нотолгоог гаргаж ирлээ.

Джон Перкинс бол элит түвшний эдийн засгийн зөвлөх, олон орны Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байжээ. Эдийн засгийн алуурчны гол ажил бол аливаа орны эдийн засгийг хөгжүүлэх нэрийдлээр Америкийн корпоркратийн (Засгийн газар, банк, корпорациудын холбоо) сонирхлыг хамгаалсан бодлогыг тухайн улсад нэвтрүүлэх.

Джон Перкинс эдийн засгийн алуурчны ажлыг хийх явцдаа дэлхий даяар аялж орчин үеийн хүн төрөлхтний түүхийн олон том үйл явдлын шууд оролцогч, эсвэл гэрч нь болж байв.  Тухайбал Саудын Арабын мөнгийг угаах ажиллагаа,  Ираны шахыг түлхэн унагасан түүх, Панамын ерөнхийлөгч агсан Омар Торрихосын үхэл,  2003 онд АНУ Иракт нэвтэрсэн түүх зэргийг дурьдаж болно.

2001 онд Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг нураасан аймшигт үйл явдал Джон Перксоныг хийсэн нүглээ наминчилж, “Эдийн засгийн алуурчны гэмшил” нэртэй ном бичихэд хүргэжээ. Тэрээр энэ номондоо эдийн засгийн алуурчид өмнөхөөсөө их болсон, АНУ дэлхийн гүрэн болох гэж тэмүүлэхдээ ямар аюултай зам сонгосон талаар бичжээ. 

“Эдийн засгийн алуурчин” мэргэжил бий болсон нь

Хүн төрөлхтний түүхийн бараг бүх үед том гүрнүүд дайн байлдаан, эсвэл дарамт шахалтын хүчээр үүсч байв.  Гэвч Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ бий болсноор дайн байлдааны арга хэтэрхий эрсдэлтэй болж ирэв.

1951 онд Иранчууд тус орны байгалийн баялгийг ашиглаж байсан Английн нефтийн компаний эсрэг боссоноор түүхэнд шийдвэрлэх үе ирэв. Тэгэхэд Ираны Ерөнхий сайд агсан Мохаммед Моссадык нефтийн бүх үйлдвэрийг улсын болгожээ. Үүнд хорссон англичууд АНУ-аас тусламж эрэв.  Гэвч  Англи, Америк хоёр цэргийн арга хэрэглэвэл ЗХУ-ыг өдөөн хатгах аюултай хэмээн сэрэмжилж байлаа.

Тиймээс АНУ цэргийн оронд Тагнуулын албаны мөрдөгч Кермит Рузвельтийг илгээв. Рузвельт авлигал, сүрдүүлэг хоёроор хэрэгтэй хүмүүсээ өөртөө татав. Дараа нь түүний явуулгаар гудамжинд жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлыг зохион байгуулж Моссадык бол Иран улсад тохирохгүй хүн гэсэн мэссэж түгээв. Үр дүнд нь Моссадык огцорчээ. Америкийн талд орсон шах Мохаммед Реза Ираны удирдагч боллоо.  Ингэснээр Рузвельт эдийн засгийн алуурчин гэх мэргэжлийн эхлэлийг тавьжээ.

Саддам Хусейныг унагаах ажиллагааны цаад зорилго нь Иракт хямдхан нефть олборлоход оршиж байлаа.

1968 оноос АНУ дэлхийн гүрэн болох хүсэлдээ хөтлөгдөж Рузвельтийн Иранд хэрэгжүүлсэн схемийг боловсронгуй болгов. Гэхдээ Рузвельт шиг тагнуулч хүнийг эдийн засгийн алуурчин болгоно гэдэг их эрсдэлтэй. Хэрэв баригдвал үр дагаварыг төсөөлөхөд бэрх. 

Тиймээс Америкийн тагнуулын байгууллагууд боломжтой эдийн засгийн алуурчдыг цуглуулж дараа нь үндэстэн дамнасан корпорациудын сүлжээнд оруулж эхлэв. Тэд төрөөс албан ёсоор хэзээ ч цалин авч байсангүй. Учир нь хэрэв илэрвэл бурууг Засгийн газарт бус хувийн компанид тохох зорилготой.

Эдийн засгийн алуурчид очсон орныхоо мөнгийг төрөл бүрийн аргаар гадагш гаргадаг байлаа.  Тэд улс орнуудын Дэлхийн банк, Америкийн олон улсын хөгжлийн байгууллага (USAID) болон бусад олон улсын ТББ-уудаас авсан мөнгийг дэлхийн байгалийн баялгийн ихэнхийг хянадаг том корпораци, хувь хүмүүсийн халаасанд цутгаж өгнө.  Ингэхдээ тэд санхүүгийн PR, сонгуулийн будлиан, авлигал, хээл хахууль, аллага зэрэг аргыг ашигладаг. Эдийн засгийн алуурчид хөгжиж буй улс орны лидерүүдийг АНУ-ын арилжааны сонирхлын төрөл бүрийн сүлжээнд аажмаар түлхэн оруулдаг. Эцэст нь тэдгээр лидер өрийн занганд орж АНУ-ын талд үйлчлэхээс өөр аргагүй болно. Тэд бол ирээдүйд АНУ-ын улс төр, эдийн засаг, цэргийн зорилгод ашиглах хүмүүс. Хариуд нь АНУ тэдэнд цахилгаан станци, нисэх буудал, технологийн парк барихад нь тусалдаг учраас тухайн улс төрчийн нэр хүнд ард түмнийхээ дунд өснө.  Энэ хооронд АНУ-ын барилга, инженерын байгууламжийн компаниуд хагартлаа баяжина.

Корпократи гэдэг бол дэлхийн гүрнийг байгуулах зорилготой Засгийн газар, банк, корпорациудын нэгдмэл систем юм. Корпократийн нэгэн гол үүрэг бол системийг хадгалахын зэрэгцээ өргөжүүлж, бэхжүүлэх.  Эдийн засгийн алуурчид системийн даалгаврыг биелүүлдэг.  Эквадор, Нигер, Индонези зэрэг улсад тэд багш, дэлгүүрийн эзний дүрд хувирдаг.  Харин Вашингтон, Парис зэрэг хотод төрийн зүтгэлтэн, банкны эзэнтэй төстэй. Тэд соёлт нийгмийн гишүүний хувьд маш эелдэг бөгөөд бусдаас ялгарах зүйлгүй. 

Хэрэв эдийн засгийн алуурчид даалгавраа биелүүлж хүчрэхгүй бол “цөөврүүд”-ийг илгээнэ.  Цөөврүүд аюулгүй байдлыг хангаж, “удирдлагын зөвлөгөө” өгөх үүрэгтэй. Тэдний явуулгаар ерөнхийлөгч, ерөнхий сайд нар огцорч, эсвэл тэд “гэнэтийн ослоор” нас барна.  Хэрэв Ирак, Афганистанд тохиолдсон шиг цөөврүүдийн ажил бүтэлгүйтвэл цэргийнхний ээлж ирнэ. 

Дэлхийн банк нь 1944 онд Хоёрдугаар дайнаар сүйдсэн орнуудын эдийн засгийг сэргээх зорилготой байгуулагдсан.  Гэвч удалгүй зорилгоосоо хазайж ЗХУ-ын эсрэг үйлчилдэг систем болж хувирав.  Мөн чанартаа Дэлхийн бус, Америкийн банк болов. Дэлхийн банктай төстэй өөр нэг байгууллага бол Олон улсын валютын сан. 

Үндэстэн дамжсан корпорациуд эдийн засгийн алуурчдад олон тэрбумын өртөгтэй санхүүгийн тоглолт хийх боломж олгодог.  Тэд дэлхийн банк болон түүнтэй төстэй бусад байгууллагын мөнгөөр төрөл бүрийн төслүүдэд хөрөнгө оруулдаг ч үнэндээ цөөн хэдэн хүнийг баяжуулдаг. Иймэрхүү төслүүд дараах байдлаар хэрэгждэг. 

Эдийн засгийн алуурчид нөөц ихтэй хөгжиж буй орныг сонгож удирдлагыг нь их хэмжээний зээл авахад ятгана. Хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг нь АНУ-ын барилгын болон инженерын байгууламжийн компаниудад ашгаа өгч, өчүүхэн хувь дотоодын компанид ноогддог. Дээрх зээл голдуу цахилгаан станци, нисэх буудал, үйлдвэр барихад зориулагдана.

Гэвч баригдсан дэд бүтэц зээл авагч орнуудын ядуу хүн амд нялзах нь ховор байлаа. Мэдээж ядуу хүмүүс тэр болгон онгоцоор нисэхгүй.  Хэсэг хугацааны дараа эдийн засгийн алуурчин өр тавьсан улсад эргэж ирнэ. “Тус хүргэснийхээ” хариуд шаардах зүйл олон. Тухайлбал хямдхан нефть олборлох, НҮБ дээр АНУ-ын талд орох, эсвэл Америкийн цэргийн ажиллагааг дэмжих гэх мэт. Гэсэн ч өртэй орон өртэйгөө л үлдэх учир дараагийн удаа Америкийг дахин дэмжихээс өөр аргагүй болно.

Үргэлжлэл бий ...