Өндөр настай угсаа залгамжлагч хан хөвгүүд
Саудын Арабын хаан Абдулла ибн Абдель Азиз 91 насандаа таалал төгсөв. Уламжлал ёсоор хаан ширээнд Абдуллагийн дүү угсаа залгамжлах хан хүү Салман суув. Гэвч Салман бас залуу хүн биш. Тэр одоо 80 настай, тал харваж байсан хүн. Түүнээс гадна Салман мартах өвчтэй, тэр нь эхний шатандаа яваа гэсэн яриа бий. Тэгэхээр дараачийн хааны асуудал удахгүй гарна гэсэн үг.
Хаан ширээний төлөөх тэмцэл
Саудын Арабын хаан нь хаан, ерөнхий сайдын үүргийг зэрэг гүйцэтгэдэг. Харин угсаа залгамжлагч хан хүү түүний нэгдүгээр орлогч болдог. Хоёрдугаар орлогч угсаа залгамлагч хаан болвол байр сууринд нь очдог. Абдулла нас барсан учраас хан хүү Мукрин хааны нэгдүгээр орлогчийн үүргийг гүйцэтгэх ёстой.
2005 онд өмнөх хаан Фахд ибн Абдель Азиз аль-Сауд нас барж Абдулла залгамжилж байсан юм. Хэдийгээр хаан ширээ залгамжлах дүрэм энгийн ч эрх мэдлийн төлөөх тэмцэл үргэлж байдаг.
Ордон доторхи холион бантанг ойлгохын тулд 10 жилийн өмнө Абдулла хаан болж байсан үеийг сөхье. Абдулла, Салман, Мукрин гурвуулаа тус удмын анхны хаан Абдул Азиза ибн Саудын хөвгүүд юм. 1953 оноос Саудын Арабын хаан ширээ ахаас дүүд шилжсээр иржээ. Азизыг нас барах үед түүний 44 хөвгүүний 35 нь амьд сэрүүн байв. Харин эдүгээ хан хөвүүдийг хуруу даран тоолж болно. Тэднээс хамгийн залуу нь Мукрин.
Шинэчлэлийг дэмждэг хүмүүс Абдулла энэ уламжлалыг хална гэж найдаж байсан ч тэгсэнгүй.
Эрх мэдлийн төлөөх тулаан Азизын хөвгүүдийн дундах хоёр бүлгийн дунд явагддаг. Эхний бүлэг нь “Судайрын омог” нэртэй. Дараагийнх нь үлдсэн хан хөвгүүд. Судайрын омгийн бүлэгт Азизын зургадугаар эхнэр Хассы бинт Ахмад аль-Судайрын хөвгүүд багтдаг. Тэд долуулаа. Гэвч тэднээс Абдуллагийн өмнөх хаан Фахда, түүнчлэн хан хүү Султан, Найефа нар тэнгэрт хальжээ. Судайрын омогт шинэ хаан Салманаас гадна Батлан хамгаалахын сайд асан Абдулрахман, хан хүү Турки, Дотоод хэргийн сайд асан хан хүү Ахмед багтдаг.
Харин талийгаач хаан Абдулла бол Азизын наймдугаар эхнэрийн хүү юм. Харамсалтай нь түүнд нэг эхээс төрсөн дүү байхгүй. Түүнийг хаан ширээ залгамжлахад Судайрын омог эсэргүүцэж байсан ч тэр бусад дүү нар болон Үндэсний Гвардийн дэмжлэгийг авч чаджээ.
Саудын Арабын хаадын удам
Гэхдээ хаан боллоо гээд тэр Судайрын удамтай сөргөлдөхийг хүссэнгүй. Тэрээр өөрийн холбоотон Мукриныг орлогчоо болгосон нь олныг гайхлыг төрүүлэв. Яагаад гэвэл үнэн хэрэгтээ Мукрин нь Абделлийн татвар эмийн хүү учраас хан хүү биш гэж болно. Түүний ээжийг Азизын 18 дахь эхнэр гэдэг ч албан ёсоор хаантай гэрлээгүй. Салманыг нас барвал Мукрин хаан болно. Гэтэл яг үнэндээ Абдулрахман, Турки, Ахмед нар бол Мукринаас насаар ах.
Хан хүү Мукрин бол боловсролтой, либерал үзэлтэй учраас Америкчууд түүнд их талтай. Эдүгээ тэр 70 настай. Английн Агаарын хүчний Академид сурсан, нисгэгч мэргэжилтэй, Медин мужийн амбан захирагчаар ажиллаж байжээ.
Барууны орнууд Мукриныг хурдан хаан болоосой гэж хүлээж байгаа. Гэвч үүнтэй Судайрын омог, ялангуяа хан хүү Ахмед санал нийлэхгүй.
Салман хаан болсноор хэд хэдэн хүнд асуудалтай тулгарч байна. Нефтийн үнэ унаж, Иран улс бүс нутагт ноёрхлоо тогтоохыг санаархаж, залуучуудын дунд ажилгүйдэл ихсэв. Исламын улсаас ч аюул ирж магадгүй байна.
Өөр нэгэн том асуудал бий. Эрт орой хэзээ нэгэн цагт Азизын ач нарын хаан ширээ залгамжлах ээлж ирнэ. Тэдний тоо хэдэн зуу. Тэд боловсролтой, уламжлалыг дагах дургүй, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй. Тиймээс Абделийн ач нарын хооронд хаан ширээний төлөө ширүүн тэмцэл эхэлнэ гэсэн үг.
Ач нарын дундаас хамгийн нөлөөтэй нь эдүгээ 61 настай Мутаиб бен Абдулла. Тэрээр Абдуллагийн хүү бөгөөд Үндэсний гвардийг толгойлдог. Эцэг нь Мутаибад зориулж шинэ яам байгуулжээ.
Түүнчлэн Саудын Араб төдийгүй АНУ-д нэр хүндтэй ач хан хүү бол талийгаач хан хүү Найефагийн хүү 59 настай Мохаммед бен Найеф. Мохаммед олон удаа гадаадын чухал уулзалтуудыг толгойлон оролцож байв.
Нөлөөтэй гэж болохоор өөр нэгэн “залуу” хан хүү бол шинэ хаан Салманы хүү Мохаммед бен Салман. Салман хүүдээ Зэвсэгт хүчнийг хариуцуулан өгөх нь мэдээж.