Гадаадын иргэд чөлөөт бүсэд визгүй зорчино
Хууль зүйн байнгын хороо
2015.01.21

Гадаадын иргэд чөлөөт бүсэд визгүй зорчино

Хууль зүйн байнгын хорооны  хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд, Чөлөөт бүсэд нэвтрэх гадаадын иргэн виз авахгүй орж ирэх юм байна. Хил дээр байгаа чөлөөт бүс рүү нэвтрэх нь асуудалгүй юм байна. Харин хилээс дотогш байгаа Чойр гэх мэт чөлөөт бүс рүү нэвтрэх бол визийн асуудлыг хэрхэх вэ гэж лавлаж байлаа.
 
Ажлын хэсгээс хариулснаар, Чойрын чөлөөт бүс рүү гадаадын иргэн нэвтрэх тохиолдолд хэрхэх талаар нэлээд ярилцаад, тийш нь гадаадын иргэдийг визгүй нэвтрүүлэхэд хүндрэлтэй, хяналт тавих боломжгүй гэж үзээд нутгийн гүн дэх чөлөөт бүс рүү визтэй нэвтрүүлэхээс аргагүй гэсэн шийдэлд хүрчээ.

Замын-Үүд, Алтанбулаг боомт руу гадаадын иргэд визгүй нэвтэрч, чөлөөт бүсээс Монгол Улсын нутаг уруу нэвтрэх тохиолдолд виз авахаар зохицуулалт хийсэн байна. Хилийн боомт дээр Монгол Улс руу нэвтрэх виз олгож байгаа бөгөөд шаардлага хангасан гадны иргэд виз аваад чөлөөтэй нэвтрэх боломжтой ажээ.

Асуулт хариултын дараа гишүүд саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан чөлөөт бүсийн асуудалд ихээхэн шүүмжлэлтэй ханддагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, энэ асуудлаар Эдийн засгийн байнгын хороотой хамтран хуралдах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, чөлөөт бүсийн асуудлыг шинэ Засгийн газар дахин авч үзэх хэрэгтэй гээд энэ талаар Засгийн газрын байр суурийг сонсох гэсэн санал гаргасныг гишүүд дэмжлээ.